Усыг ууж буй уул уурхай

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

МОНГОЛ, ПЕРУ, ЧИЛИ, АВСТРАЛИ ЗЭРЭГ УУЛ УУРХАЙ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БУЙ УЛС ОРНУУДАД УСНЫ НӨӨЦИЙН ХҮРТЭЭМЖ БУУРЧ БАЙГААГ MOODY’S ОНЦОЛЖЭЭ

Ус, ус, ус. Уул уурхай чухал ч ус чухал. Энэ үгийг мөхөс би биш олон улсын томоохон байгууллага болох Moody’s болон “Рио Тинто”, “Вали” зэрэг уул уурхайн томоохон зургаан компани хэлж байна. Уул уурхайн салбарт сүүлийн 40 жилийн эхний 20 жилд нь зөвхөн ухаж, ашиг олох л чухал байсан бол дараагийн 10 жилд нь нөхөн сэргээлт нэлээд жин дарж, сүүлийн 10 жилд хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхай зонхилох боллоо. Хариуцлага нэмэгдэх бүрд нөхөн сэргээх, усны менежментэд зарцуулах зардлын хэмжээ ч өмнөхөөсөө өссөн байна. Уул уурхайн томоохон бүс нутаг гэгдэх Монгол, Перу, Чили, Австрали зэрэг уул уурхай эрчимтэй хөгжиж буй улс орнуудад усны нөөцийн хүртээмж буурч байгааг Moody’s онцолжээ.

Монголд зөвхөн уул уурхай

Социализм гэх хаяг хадсан улаан өнгөтэй хаалгаа цэнхэр өнгөөр будчихаад ардчилал гэх хаяг хадсанаас хойш 30 жилийн нүүр үзжээ. Энэ хооронд бүтээлч үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн үнэр байхгүй ч байгаль эхээс заяасан баялгийнхаа ачаар уул уурхайн салбар хөгжсөн. Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг болсоор 10 жилийн нүүр үзлээ. Цаашид чухам хэчнээн жил, цаг хугацааг ийм байдалтай туулахыг Балхжав ах бид, хэд таашгүй.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2018 онд гаргасан судалгаагаар Монгол Улсад усны нөөцийн хүртээмж 2050 он гэхэд 25 хувиар буурна гэсэн эмзэглэмээр судалгаа гарчээ. Олон улсын байгууллагын судалгаатай эсрэгцэх нэг том зүйл нь Монгол Улсын эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар усыг ихээр ашигладаг. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулахдаа ч ирэх 25 жилийн чухал салбар нь уул уурхайн салбар гэж онцолсон билээ.

Ус асуудал болсны хамгийн сүүлийн жишээ нь Тост, Тосон бумбын нуруунд хууль дээр сандайлж даналзсан “Сауд гоби коал транс” компани. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, усны нөөц ашиглах зөвшөөрөл зэрэг хэд, хэдэн зөвшөөрлийг хуурамчаар үйлдээд зогсохгүй гүний усны нөөцтэй газар нутгийн тэхий голд нь олборлолт явуулсан нь баримтаар нотлогдсон билээ.  Одоогоос яг таван сарын өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Баянтэс”-ийн уурхайд очиход Хөвдийн голын сайр үлдсэн бол долоодугаар сард очиход хоёр ч баянбүрд уурхайн лицензийн талбай дотор байсан юм. Сайх компанийн тодорхойлолтоор “шүүрлийн ус” гэдэг нь үнэн хэрэгтээ говь нутгийн хөрсөн дор урсдаг голын нэг байсан билээ. Өнгөрсөн хугацаанд “Сауд гоби коэл транс” компани л уурхайн ашиглалтын талбай дотор ус урсаж байгааг зөвшөөрөхгүй байсан болохоос  2017 онд Ашигт малтмалын газар ч, Мэргэжлийн хяналтын газар ч, Байгаль орчны яам ч, нутгийн иргэд ч нотолж байсан нь нүцгэн үнэн.  Түүнчлэн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын явуулсан шалгалтаар 2019 онд ус ашиглах дүгнэлтгүй, зохих байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж ус ус ашигласан, 2018 оны ус ашиглах дүгнэлтэд ил уурхайд орж ирэх усыг тайлагналгүй олборлолт явуулсан гэх зөрчил илэрчээ.

Энэ бол ердөө нэг жишээ нь. Усны нөөц барагдах базаахгүй судалгааны дүнтэй Монгол Улсад үүнээс өөр мэдэгдэлгүй өнгөрч буй уул уурхайн хэдэн компани байгааг таахад бэрх. Яг сарын өмнө НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсад ажиллахдаа усны нөөц ашиглах тал дээр нутаг орны иргэдэд ээлтэй бодлого баримталдаггүй гэж хүчтэй шүүмжилсэн билээ.

“Уул уурхайн үйл ажиллагаа нь эрүүл амьдрах, орон байр, ус болон эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүх талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх, эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хүртээмжийн талаар бусад хувилбарыг авч үзэхийг уриалж байна” гэж НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски ярьж байсан юм.

Монгол Улсыг тэжээн тэтгэж байгаа том төсөл нь гарцаагүй Оюутолгой. Шууд утгаараа буюу Рио Тинто компанийн орж ирсэн хэдэн хөрөнгө оруулалт нь бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй Монгол Улсын гадаад валютын нөөцөд нөлөөлдөг. Ядмагхан нөөц боломжтой Монгол Улс “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхдээ “хамтрагч” гэх байр сууриа бүдэгрүүлжээ. Тиймээс анх байгуулагдсанаасаа хойш улс төрийн намууд, ард иргэдийг хоёр талцуулсаар өдийтэй золгосон нь нууц биш.

Оюутолгой компани нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 куб.метр ус ашигладаг. Байгаль орчны яамнаас 2009 онд баталсан тогтоомжийн дагуу усны нийт нөөцийн 20 хувийг ашиглана гэж ТЭЗҮ-д тусгажээ. Гүний хоолойн газар доорхи усны орд газрын нөөцийг Усны газрын дэргэдэх Усны салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2008 оны арваннэгдүгээр сарын 07 өдрийн шийдвэрийг үндэслэн 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 22 дугаар тоот тушаалаар зөвшөөрөгдсөн ашиглалтын нөөц нь үйлдвэрлэлийн B,C1 зэргээр үнэлэн 870 литр/сек байхаар баталгаажуулсан. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Усны нөөцийн нэгдсэн менежмент гэх тусгай заалт бий. Тус үзэл баримтлалын 2.3.1-т II үе шат гэх дэд хэсэгт 2021-2025 онд “Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон голуудыг түшиглэн усны нөөцийн цогцолбор төсөл хэрэгжүүлэх” гэж заасан байна. Та анзаарсан бол үүнд ундны усыг дахин ашиглах, саарал усны талаарх ямар ч ойлголт тусгагдаагүй. “Баталгаат ундны усаар хангагдах хүн амын эзлэх хувийг 90 хувьд хүргэх” гэдэг сайхан сонсогдох уриа, лоозон төдий зорилт дэвшүүлсэн ч хэрхэн, яаж, ямар арга замаар энэ зорилтоо хангах талаар юу ч тусгаагүй гэмтэй.

Нэгэн зүйл: Монгол Улсын гадаргын усны нийт нөөц 21035.4 сая куб.метр, газар доорх усны нийт нөөц 3062.1 сая куб.метр. Гадаргын усны нөөцийн 99.6 хувийг зөвхөн үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулдаг бол дөнгөж 0.4 хувийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд зарцуулдаг аж. Харин газрын доорх усны нөөцийн 99.2 хувийг үйлдвэрлэл үйлчилгээнд ашигладаг бол хүн амын ундны хэрэгцээнд 0.8 хувийг ашигладаг байна.

Тэд өөрчлөгдөж байна

Уул уурхайн салбарт бидний жишээ болгож дуурайл авах ёстой гэж үздэг Перу, Чили, Австрали улсад уул уурхайн салбарт усны менежментийг сайжруулахаар аль хэдийнээ анхаараад эхэлжээ. Ялангуяа газар нутгийнх нь 70 гаруй хувийг хуурай цөл эзэлдэг Австрали улс саарал ус ашиглах технологийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлж байна. Тус улсын уул уурхайн салбарт саарал усны технологийг нэмэгдүүлэх хэд, хэдэн туршилт амжилттай хэрэгжсэн. Байгаль орчинд ээлтэй ч саарал усны шинэ тутам хөгжиж буй технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардагдах нь ойлгомжтой. Энэ талаар нь харвал мөнгө, санхүү ихтэй компани л саарал усны технологийг нэвтрүүлж чадна. Австралийн Засгийн газар үүнийг боломж гэж харж буй бөгөөд шаардлага хангасан, саарал усны технологид нэвтрэх чадвартай компаниудад олборлох зөвшөөрөл өгөх тухай хэлэлцэж байна.

Уул уурхайн салбараа ердөө 20 жилийн дотор орвонгоор нь өөрчилж /гэхдээ сайн талаараа/ чадсан Чили улс ч гэсэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүй хөгжиж байна. Уул уурхайн салбарт усны зөвшөөрлийн зохицуулалтыг чангатгаж, ТЭЗҮ болон Усны нарийвчилсан төлөвлөгөө, ашиглалт зэргийг нарийн боловсруулах тусгай журам батлаад удаагүй байгаа билээ. Түүнчлэн Австрали болон Бразилын хэд, хэдэн гарааны компанитай хамтран саарал усны хэрэглээг нэвтрүүлэх, усны дахин ашиглалтыг сайжруулах талаар үе шаттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Дэлхий дахинд усны нөөц ашиглах зөвшөөрөл авах зардал, хатуу зохицуулалт, технологийн үнэ хөлс нэмэгдэж байгаа гэх дүн бий. Яг энэ асуудлыг шийдэж хамтын шийдэлд хүрэхээр “Рио Тинто”, “Вали”, “Тексако, “Газпром” зэрэг дэлхийн уул уурхайн өнгөнд алхдаг зургаан компани Сингапур Улсад чуулжээ. Тэд ойрын таван жилийн дотор саарал ус, ундны усыг дахин ашиглах тал дээр хамтарсан технологи боловсруулахаар аман байдлаар тохиролцлоо. Ирэх оны дунд гэхэд хамтарсан төслийн нарийвчилсан үе шатыг тодорхой болгох аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.114.68) 2020 оны 03 сарын 23

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

0  |  0
Batzandan(66.181.185.19) 2019 оны 10 сарын 04

Uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog

0  |  0
Top