"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган иргэдийн саналаар үргэлжилж байна. Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Н.Адилбиш саналаа хэллээ.
Н.Адилбиш “Хариуцлагатай уул уурхайн тухай ярьж байгаа ч газрын тосны асуудлыг ерөөсөө хөндөхгүй байна. Одоогоос 22 жилийн өмнө буюу 1997 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Дорнодын газрын тосны үйлдвэрт очиж, азийн бар орон болно хэмээн дээлээ газрын тосоор мялааж байсан тэр өдрөөс хойш одоогоор 25 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 67 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн олборлосон байна. Яг ийм цооног Тамсагийн 19, 21 дүгээр талбайд 1000 хол давсан байгаа. Газар усны маань нэр үгүй болж, газрын тосны талбайд хуваагдчихаад байна. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр гэсэн дөрвөн аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутгийг газрын тосны хайгуул, ашиглалтын лицензтэй болгочихсон. Харийн түрэмгийлэгчид шунаж байна. Үүний эсрэг яагаад дуу хоолойгоо өргөхгүй байна вэ.
Орон нутагт бүтээн байгуулалт хийгдэхгүй байна. Дорнод аймгийн Матад сум нэг ч цэцэрлэггүй. Тэгсэн хэрнээ Азийн бар орон болохыг хүлээж 22 жил боллоо.
Өнөөдөр Монгол Улс химийн хорт бодис устгах эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэтэл Тамсагийн талбайд 500 тонн химийн хортой бодис зориулалтын бусаар хадгалагдаж байна. Бид эрүүл амьдрах баталгаагүй амьдарч байгаа.
Газрын тосны олборлолт явуулахдаа гүний усыг 59-300 дахин их хэмжээгээр ашиглаж байгаагаас бүс нутагт усны хомсдол бий болсон. Тийм учраас Матад сумын иргэд аймгийн төвөөсөө ундны усаа авч байгаа эмгэнэлтэй дүр төрхтэй байна.
Байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцааг газрын тос олборлогч компани байршуулдаггүй. Өнөөдөр би энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараас асуулт асуух бодолтой ирсэн. Харамсалтай нь, уул уурхайн салбарын чуулган болж байхад Уул уурхайн сайд нь ирсэнгүй. Стратегийн том төсөл дээр байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг яагаад байршуулахгүй байна вэ. Энэ асуудлыг яагаад хөндөхгүй байна вэ. “Магнай трейд” компани мөн Байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулаагүй асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бямбасүрэн гуай наад сайд гээд байгаа нөхөрийн талаар хэлсэн үгийг сонсох хэрэгтэй
buu dongod