Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд эсэргүүцэж, өнөөдөр /2020.01.08/ Матад суманд жагсаал зохион байгуулж байна.
Иргэдийн зүгээс тус компанийг Халхгол, Матад сумдын Засаг дарга нартай орон нутгийг хөгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах, энэ тухай мэдээллээ нээлттэй болгохыг шаардаж буй ажээ.
Түүнчлэн “Петрочайна дачин тамсаг” компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж, ажиллахыг шаардсан байна. Тодруулбал, Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь зүйлд “Үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллана” хэмээн заажээ. Иймд “Петрочайна дачин тамсаг” компанийг үйл ажиллагаагаа нээлттэй байлгахыг сумын иргэд шаардаж байна.
Мөн иргэдийн зүгээс дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд газрын тосны тээврийн замыг хааж, жагсахаа мэдэгдээд буй юм.
“Петрочайна дачин тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос 7.5 сая тонн газрын тос олборлосон байдаг байна. Тус компани 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )