НЭГ СЭДВЭЭР - ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ
Гэрийн нөхцөл дэх агаарын бохирдол гол төлөв “цэвэр бус” түлшний бүрэн бус шаталт болон хоол хүнсээ бэлтгэх, дулаан болон гэрэлтүүлгийн технологитой холбоотой байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны үнэлгээгээр, дэлхий дээр гурван тэрбум орчим хүн буюу дэлхийн нийт хүн амын 41 хувь нь ийм төрлийн түлшийг хоол хүнс бэлтгэхэд ашигладаг бөгөөд үүнд бага болон дунд орлоготой улс орнууд багтаж байна.
Сүүлийн 30 жилд энэ тоонд мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт гарсангүй. Эрчим хүчний “бохир” төрлийн эх үүсвэр түгээмэл дэлгэрсэн нь ихээхэн хэмжээний үр дагавар, хор нөлөө дагуулсаар. 2016 онд л гэхэд гаршийн тос болон хатуу түлш хэрэглэснээс үүдэлтэй ахуйн агаарын бохирдол дэлхийн нас баралтын түвшний 6.7 хувийг бүрдүүлж байна. Энэ нь дэлхий дээр хумхаа, сүрьеэ, ДОХ-ын улмаас нас барж буй хүний нийт тооноос давж байгаа үзүүлэлт юм.
Гэрийн нөхцөл дэх агаарын бохирдол агаар мандлын бохирдолд нөлөөж буй гол хүчин зүйл болоод байна. Учир нь гэрийн нөхцөлд хоол хүнс бэлтгэх нь нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-ын 12 хувийг бүрдүүлдэг байна.
Дэлхийн ялангуяа бага болон дунд орлоготой улс орнуудад гэрийн нөхцөл дэх агаарын бохирдолд хүүхдүүд ихээхэн өртдөг байна. Түлш шаталтаас ялгарах утаа ахуйн агаарын бохирдлын гол шалтгаан болдог аж. Ийм төрлийн түлшийг уламжлалт зууханд түлснээр хортой бодисын нэгдэл үүсдэг бөгөөд агааржуулалт муу өрөө, тасалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин илүү нарийн ширхэглэгт тоосонцор болон хорт бодис ялгаруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аль 2014 онд гэрийн нөхцөл дэх агаарын чанарын талаар зөвлөмж гаргаж байсан. Энэхүү баримт бичигт хоол хүнс бэлтгэх, гэрийг дулаанаар хангах болон гэрэлтүүлэхэд ашигладаг, хүний эрүүл мэндэд хоргүй түлш, технологийн анхны зөвлөмжийг тусгасан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага айл өрхүүдэд эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг гаршийн тос, түүхий нүүрс хэрэглэхээс бүрэн татгалзахыг зөвлөжээ. Харамсалтай нь цахилгаан эрчим хүчний хангамжгүйн улмаас дэлхийн нэг тэрбум орчим хүн гаршийн тос ашиглан, орон гэрээ гэрэлтүүлсэн хэвээр.
ШАХМАЛ ТҮЛШНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
БНХАУ-д ахуйн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ихээхэн амжилт үзүүлсэн орны нэг. Тус улсад нүүрсжүүлсэн хатуу түлшийг хоол хүнс бэлтгэхэд ашигласан байна. Ингэхдээ дөрвөн төрлийн био нүүрсний дээж, гурван төрлийн хагас коксжих шахмал түлшний дээж болон тэдгээрийг хийхэд ашигласан түүхий эдийг энгийн зууханд шатаах замаар туршилт хийжээ. Нүүрсжүүлсэн түлш нь түүхий эдийг бодвол дулааны илч бага ч нарийн ширхэглэгт тоосонцрын ялгаралтын хэмжээ мөн бага үзүүлэлттэй байсан нь түүхийн хатуу түлшийг түүгээр хийсэн нүүрсжүүлсэн бүтээгдэхүүнээр сольсноор ахуйн агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэдгийг тогтоосон байна.
Үүний үр дүнд Хятад улсад 2005-2015 оны хооронд ахуйн агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын түвшин 29 хувиар буурсан байна.
Сайжруулсан түлш хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанаас үзвэл түүхий нүүрсийг бодвол сайжруулсан түлш нь илүү илчлэг тул хоол хүнс бэлтгэхэд цаг болон түлшинд хэмнэлттэй болохыг дурдсан бол олон тооны хэрэглэгч сайжруулсан түлшний хурдан асдаг чанарыг сайшаасан байна. Гэсэн хэдий ч ихэнх хэрэглэгчид сайжруулсан түлшнээс их хэмжээний үнс гардаг нь таалагддаггүй хэмээн хариулжээ.
Зүүн Европ, Кавказ, Азийн улс орнуудад түлшний хэрэглээ, төрөл янз бүр болохыг судалгаа харуулжээ. Жишээ нь ОХУ-д гэхэд байгалийн хий, гаршийн тос, хатуу нүүрс, мод, бүр хог хаягдлыг түлшинд хэрэглэж буй байдал нь бүс нутгаасаа хамаарч янз бүр байна. Тус улсад сүүлийн арван жилээс эхлэн хот, суурин газруудын агаарын бохирдлын асуудал анхаарлын төвд орж, агаарыг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийг тодорхойлон үнэлэх, шийдвэрлэх арга замын талаар олон тооны санаачилга гаргажээ. 2010-2018 онд тус улсын хэд хэдэн аж үйлдвэржсэн хотуудад судалгаа явуулж, агаарын бохирдлын үйлдвэрийн, тээврийн болон ахуйн эх үүсвэрүүдийг үнэлсэн байна. Хэд хэдэн судалгаа агаарын бохирдолд ахуйн нөхцөлд түлшинд хэрэглэж буй түүхий нүүрс, мод, гаршийн тос ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулдаг болох нь тогтоогджээ. Түүнчлэн тус улсад ашиглагдаж буй зуухнуудын загвар хийц бүс нутаг бүр янз бүр байжээ. Оросын уламжлалт ханын зуух хөдөө орон нутаг, жижиг хотуудад өргөн дэлгэрсэн байдаг бол уурын зух мөн өргөн хэрэглэгддэг аж. Одоогоор тус улсад зүүн Европ, Кавказ болон Азийн улс орнуудад хэрэгжиж буй зөвлөмж, зохицуулалт байдаггүй хэдий ч сайжруулсан түлшний хэрэглээ сүүлийн үед ихээхэн өсөж байна.
Европын улс орнууд аль хэдийн хямд өртөгтэй, экологид хорт нөлөөгүй шахмал түлшний хэрэглээнд шилжээд байна. Ирээдүйн түлш болсон шахмал түлшний нягтаршил нь 1250кг/м3, илчлэг нь 4800 к/.калл. Харьцуулахад хамгийн сайн төрлийн түлш болох чулуун нүүрсний илчлэг 4500-5300 к/калл байдаг.
Дэлхийн даяар өргөнөөр хэрэглэгдэж буй нүүрсийг боловсруулах замаар гаргаж авсан шахмал түлш олон давуу талтай ч түлшийг зааврын дагуу, агааржуулалт сайтай орчинд хэрэглэхийг зөвлөдөг байна.
Энэ төрлийн шахмал түлш нүүрсхүчлийн дан исэл ялгаруулдаг аж. Нүүрснээс гаргаж авсан шахмал түлш нь утаа гаргадаггүй тул нүүрсхүчлийн дан ислийн аюул нүдэнд үзэгддэггүй. Агааржуулалт сайтай битүү орчинд ч энэ эрсдэлийг бүрэн арилгадаггүй тул өрөө, тасалгаанд хэрэглэхийг зөвлөдөггүй байна. Нүүрснээс гаргаж авсан зарим төрлийн шахмал түлш мөн уушгийг цочроодог тоосонцор ялгаруулдаг тул харшил болон астматай хүмүүст амьсгалын замын өвчнийг сэдрээх аюултай гэдэг нь судалгаанаас тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэрэв манайх шинээр утаагүй шахмал түлш гаргасан бол хөрш хоёр орон дуртай патентийг нь худалдан авч өөрсдийн орондоо ашиглах байх, хэрэв тийм биш бол энэ бол бас нэг шоу , мөнгө зальгих арга\n