АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 1948 онд өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэргээр шийтгүүлж байсан Зэй Жеффрис эрдэмтэнд өршөөл үзүүллээ гэж Цагаан ордноос мэдээлжээ.
АНУ-ын шилдэг эрдэмтдийн нэг Жеффрис Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын цэргийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүний хүчин чармайлтаар германы танкны хуягийг нэвтлэх чадвартай их бууны сүм бүтээснээс гадна түүний Манхэттэний төсөлд оруулсан хувь нэмэр Номхон далайн дахь байлдааныг төгсгөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Цагааны ордны мэдэгдэлд онцолжээ.
Манхэттэний төсөл нь АНУ-ын цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрийн нууц нэр юм. Номхон далай дахь дайн 1945 онд Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараахан Япон бууж өгснөөр төгссөн.
Жеффрис эрдэмтэнд аль 1941 онд хэрэг тулгасан ч тэрээр дайн явуулахад маш чухал байсан тул тухайн үеийн АНУ-ын батлан хамгаалахын сайд Хенри Стимсон онцгой алхам хийж, Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд хүсэлт тавьж, ерөнхий прокурорт аливаа эрүүгийн хэргийг дайны дараа шийдэх зөвшөөрөл олгосон байна.
Дайны дараа Жеффрист хууль зөрчсөн хэргээр 2.5 мянган ам.долларын торгууль төлөх шийтгэл оноож байжээ. Түүнийг ялласан 1948 онд Ерөнхийлөгч Харри Трумэн Ерөнхийлөгчийн медалиар шагнаж байсан гэж Цагаан ордны мэдэгдэлд тодруулсан байна.
Эрдэмтэн Зэй Жеффрист өршөөл үзүүлэх хүсэлтийг сенатор Линдси Грэм болон бусад улстөрчид гаргажээ. Эрдэмтэн 1965 онд нас барсан бөгөөд энэхүү алхам эрдэмтэн агсны нэр төрийг сэргээх бэлгэ тэмдгийн чанартай юм.
Сэтгэгдэл ( 0 )