“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян” үргэлжилж байна

2019 оны 10 сарын 17

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд  “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. 

Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд 15:00-16:00 цагийн хооронд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд залуучуудын оролцоог ханган ажиллав.

Төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, тэднийг эерэг хандлага, амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцааны соёлтой иргэд болгон төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян”-ы  хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, их дээд сургуулиуд, МСҮТ, Асрамж халамжийн төвд байгаа өсвөр насны хүүхдүүдэд хуваарийн дагуу эерэг хандлагын сургалт зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд зохион байгуулж буй сургалтад одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, СЭМҮТ, Жигүүр гранд ХХК, Таван толгой түлш ХХК-ийн албан хаагчид, Нархан сургуулийн сурагчид нийт 7000 гаруй иргэд хамрагдав.

Мөн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 10 зөв дадлын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан ажиллаж байна.  

“Нийслэлийн иргэний 10 зөв дадал

  1. Эерэг хандлагатай иргэн байцгаая
  2. Эелдэг харилцаатай иргэд байцгаая
  3. Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая
  4. Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая
  5. Бүтээлч, санаачилгатай, оролцоотой иргэд байцгаая
  6. Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая
  7. Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая
  8. Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая
  9. Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая
  10. Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top