Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргыг улируулан томиллоо

2019 оны 10 сарын 19

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Чуулганы хоёр дахь өдөр төлөөлөгчид 100 хувийн саналаар Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Штокийг таван жилийн хугацаагаар улируулан томиллоо.

Тэрээр 2014 онд Интерполын 100 жилийн ойгоор тус албан тушаалд анх томилогдож байсан бөгөөд түүний удирдлага дор сүүлийн таван жилийн хугацаанд Интерполд шинээр дөрвөн улс гишүүнээр элсэж, мэдээллийн сангийн тоо нэмэгдэж, хадгалагдаж буй мэдээллийн хэмжээ 100.000.000-д хүрсэн байна.

Интерполын үндсэн үйл ажиллагааны нэг болох гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зохицуулдаг "Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэм"-ийг цаг, үеийн нөхцөл байдалд нийцүүлэх, гишүүн улсуудын хэрэгцээ, шаардлагыг хангах зорилго бүхий Байнгын хороо байгуулахаар тогтлоо.

Өмнөд Африкийн Улсуудын Хөгжлийн хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг Ерөнхий нарийн бичгийн даргын газарт зөвшөөрлөө.

Эх сурвалж: ЦЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top