ФАТФ: Монгол Улс мөнгө угаах үйлдлийг шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалтад багтаах шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргасан.

Тэгвэл ФАТФ-аас гаргасан Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцтай холбоотой  мэдэгдлийг хүргэе.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) стандартыг дагаж мөрдөх үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах хүрээнд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ) нь дараах улсуудыг МУТСТ стратегийн дутагдалтай бөгөөд дутагдлаа засаж сайжруулах зорилгоор ФАТФ-тай хамтран үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан болохыг мэдэгдэж байна.

Улс орон бүрийн хувьд нөхцөл байдал ялгаатай боловч эдгээр улсууд бүгд дутагдлаа засаж сайжруулах улс төрийн өндөр түвшний хүсэл зоригоо илэрхийлсэн амлалтыг бичгээр өгсөн бөгөөд ФАТФ нь эдгээр амлалтыг сайшааж байна. ФАТФ-аас дэлхийн улс орон бүрийг хараахан үнэлж дүгнээгүй байна.

 ФАТФ нь олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж байгаа улс орнуудыг үргэлжлүүлэн үнэлж, тодорхойлох болно. ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллагууд дор дурдсан улс орнуудтай хамтран ажиллаж, тодорхойлсон дутагдлыг засах талаар хийж буй ажлын явцын талаар тайлагнах болно. ФАТФ нь эдгээр улс орнуудыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хугацаанд нь, шуурхай хэрэгжүүлэхийг уриалж байна.

Эдгээр улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ФАТФ анхааралтай хянах болно. ФАТФ нь гишүүддээ эдгээр улс орны эсрэг харилцагчийг таньж мэдэх өргөжүүлсэн арга хэмжээ авахыг шаардахгүй, харин эрсдэлийг үнэлэхдээ дор дурдсан мэдээллийг харгалзан үзэхийг уламжилж байна.

 Монгол Улс МУТСТ тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах улс төрийн өндөр түвшний хүсэл зоригоо 2019 оны аравдугаар сард илэрхийлсэн. 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдсанаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчлэснээр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтоо сайжруулж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн болон институцийн тогтолцоог нэвтрүүлж техникийн хэрэгжилт, үр дүнтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр олон ахиц дэвшил гаргасан.

 Монгол Улс дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно:

-Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч (СББМҮҮ)-ийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын МУТС эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, МУТСТ үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;

-Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх (тодорхойлсон эрсдэлтэй уялдсан байх;

-Хилээр мэдүүлээгүй / худал мэдүүлж нэвтрүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;

-Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах; санхүүгийн байгууллага, СББМҮҮ-ийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянах, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top