Авлига, агаарын бохирдол, ядуурал, ОУВС-гийн ээлжит хөтөлбөр гэхчлэн байнгын халуун сэдвүүд өнгөрсөн гучаад жилд монголчууд бидэнтэй хамт байлаа. Үнэ мөнгөөр үнэлж цэгнэхийн аргагүй гэгддэг ардчиллаар суурь хийн өнөөдрийг хүрсэн бид яагаад ийм олон ужиг асуудалтай зууралдсаар байна вэ гэдэг асуултад цөөн үгтэй тайлбар олоход хэцүү. Гурван хүн тутмын нэг нь ядуугийн зовлонд уначихсан монголчууд бидний цусанд авлигачин барил нэвчихээ шахаж буйг хаа хаанаа мэдэж байгаа. Ингээд харахаар бид өөрсдийгөө хөгжлийн төлөө урагшилж байна гэж хэлэхэд их л хэцүү. Дээрээс нь шинэ шинэ бэрхшээл нэмэгдсээр. Тухайлбал, “Саарал жагсаалт” гэсэн сэдэв нөгөөх л хөгжлийн тушаа болж ужгирсан хуучин сэдвүүдтэй айлсаад ирлээ. Сошиалаар хэсэг хугацаанд сэвж, хөөсрүүлсний дараа өөр нэг сэдвээр дэвсээд өнгөрдөг богино хугацааны шуугиан үүсгэх хэмжээний асуудал энэ биш л дээ.
Хэрэв бид ийм өнцгөөс нь анхаарч хандаад, гал унтраах маягийн арга хэмжээ авах гэж зүтгээд байвал 29 жилийн хугацаанд ЗУРГААН удаа ОУВС-гаас аврал эрсэнтэй агаар нэг нөхцөл байдал үүсэж мэдэхээр байна. Долоон жилийн дотор хоёр удаа “Саарал жагсаалт”-д багтана гэдэг энгийн асуудал биш. Долоон жилийн хоёр жилийг нь эрчимтэй хяналтын дор өнгөрүүлж, үүрэг хүлээсэн хэр нь даалгавраа хийж, даваад гарч чадахгүй байна гэдэг бол манай тогтолцоонд том асуудал бийг харуулж байна. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад оруулсан буруутныг шат шатандаа эрэлхийлж, биелүүлээгүй дөрвөн зөвлөмжийг хэн хариуцах байсныг бие бие рүүгээ чихэж байгаа нь нэг талаас ойлгомжгүй байдлыг үүсгээд байгаа мэт ч үнэн хэрэгтээ асуудал хаа байгааг илүү тодруулаад байх шиг.
Монгол гэж улс дэлхий дахинтай харилцахгүйгээр, санхүүгийн харилцаанд орохгүйгээр оршин тогтнох боломжгүй ийм цаг үед урагшаа алхаж, хөгжиж, дэвжихийн тулд улс орны эрх ашиг гэдэг юмыг эхэнд эрэмбэлдэг байх ёстой аж. Хувь эрх ашгаа бодсон луйварчин байлаа ч хариуцлагатай алба хашиж байгаа л бол санаа сэтгэлийнхээ мухарт улс орноо багахан ч гэсэн боддог байх ёстой юм байна л даа. Ерөөсөө л шат шатандаа ямарваа нэг үүрэг хариуцлага хүлээж байгаа бол ажил үүргийнхээ гүйцэтгэлийн схемийг зурахдаа үүнд анхаарах ёстой гэсэн үг. Гэтэл манай улс ямар байр байдалтай байгаа билээ.
Парист ФАТФ-ын хурал болохын өмнөхөн УИХ-ын дарга нь баахан дарга нарыг дуудаж уулзаад, зандраад, та нар юм хийхгүй байгаа болохоор би ФАТФ-ын ерөнхийлөгч рүү захиа илгээгээд жаахан лобби хийгээдэхье гэсэн мессеж өгөхөөр юм ярьсан. Дараахан нь гадаад орнуудаас Монголд суугаа Элчин сайд нар болоод Дэлхийн банкны төлөөллийг Төрийн ордонд авчран уулзахдаа тэднээс дэмжлэг хүссэн. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы чуулганы танхимд хэлсэн үгнээс үзэхэд спикерийн хүсэлт, гуйлт үр дүн дагуулсангүй л дээ. ФАТФ-ын хуралдаанд улсаа төлөөлөн очсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголбанкны төлөөлөл байсан учраас Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн хувьд хуралдааны уур амьсгалын талаар нарийн мэдээлэлтэй байгаа биз. Тэрбээр хэлэхдээ “ФАТФ-ын хурлаар Исландыг “Саарал жагсаалт”-д оруулахгүй гэж Европын холбооны орнууд, Скандиновын орнууд тэмцэж, зүтгэж ажилласан. Пакистаныг цээжээрээ хамгаалсан улс орнууд мөн олон байсан. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Үүнд маш том дүгнэлт хийх цаг нь болсон” гэж мэдэгдсэн. “Монголд хөрөнгө оруулсан компанийн гомдол, гадаад харилцааны асуудал бий” гэж мөн тэрбээр хэлнэ лээ.
Ер нь Монгол Улс энэ удаагийн “Саарал жагсаалт”-аас гарлаа гэхэд дараа дараагийн “саарал”-уудтай нүүр тулахгүйн тулд биелүүлж чадаагүй дөрвөн зөвлөмжөө үндсээр нь анхаарах ёстой аж. Тухайлбал, мөнгө угаах хэрэгт холбогдсон хүмүүсээ хуулийн дагуу шийтгэхгүй өршөөгөөд л байвал “Саарал жагсаалт”-ын эрсдэл дандаа хажууд байна гэсэн үг. Хууль зүй, дотоодын хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Зөвхөн Эрүүгийн хуулийн Мөнгө угаах гэдэг зүйл ангид өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Энэ тохиолдлыг нь аваад үзэхээр тодорхой хэмжээгээр мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагууд илрүүлээд шалгах явцад энэ өөрчлөлтүүд хийгдэж, үүний дагуу тодорхой хэргүүд эргээд ял шийтгэгдэхгүй хуулийн хийдэл завсраар хариуцлагаас зугтсан бултсан асуудлууд гарсан” гэж байсан билээ. Тэгэхээр хуулийг дураараа өөрчилдөг УИХ гэж байгууллагыг тэргүүлж буй Г.Занданшатар даргын хувьд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас хол байлгахын тулд нөлөөлөлтэй, оролцоотой ажиллах гээд байгаа юм бол Элчин сайд нарыг дуудаж уулзахаас илүү хуулийн зүйл заалтаар нааддаг, бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг гишүүдийнхээ тархи толгой руу, ёс зүй рүү чиглэсэн ажил хийхийг оролдох ёстой юм байна л даа.
Энэ удаагийн “Саарал жагсаалт”-ыг Монголын санхүүгийн зах зээлд хөлбөмбөгөөр бол “шар хуудас” авч байгаатай адил гэж Ж.Үнэнбат гуай тайлбарласан байсан. Тэгэхээр манай тухайд дараагийн “шар хуудас” гэсэн ойлголт байж болохгүй л гэсэн үг. За тэгээд төр засгаараа бүгдээрээ нийлж амлалт энэ тэр өгч байгаад “Саарал жагсаалт”-аас гарлаа гэхэд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг цогц байдлаар ажиллахгүй л бол эрсдэл яг дэргэд байсаар байх болно. Манай улс 2017 онд эрчимтэй хяналтад орсноос хойш Америкийн банкууд манай банкуудын төлбөр тооцоог дамжуулахаас татгалзсан. Хэрэв “Саарал жагсаалт”-д удаад байвал бусад банкууд биднээс татгалзахгүй гэх баталгаа байхгүй. 2013 онд манай улсыг “Саарал жагсаалт”-д орсны дараа ч гадаадын нэр бүхий банкууд Монголын зах зээлээс гарч байсан юм. Тэгэхээр Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлээс шахагдахгүйн тулд улстөрчид нүдээ нээх шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 5 )
АВЛИГАЧДЫГ шийтгэх сонирхолгүй ШҮҮГЧ нараа ЕРӨНХИЙЛӨГЧ бүгдийг нь түдгэлзүүлж, ард түмэндээ бэлэг бариач. ҮҮНЭЭС өөр аргаар шүүх байгууллагыг өөрчлөх боломж алга. ШҮҮГЧ нар бүгд холбоотой, ах дүү, аав, хүү, нэг нутгийнх, нэг ангийнхан, нууц амрагууд, байж болох бүх холбоос байгаа.
АВЛИГАЧДЫГ шийтгэх сонирхолгүй ШҮҮГЧ нараа ЕРӨНХИЙЛӨГЧ бүгдийг нь түдгэлзүүлж, ард түмэндээ бэлэг бариач. ҮҮНЭЭС өөр аргаар шүүх байгууллагыг өөрчлөх боломж алга. ШҮҮГЧ нар бүгд холбоотой, ах дүү, аав, хүү, нэг нутгийнх, нэг ангийнхан, нууц амрагууд, байж болох бүх холбоос байгаа.
АВЛИГАЧДЫГ шийтгэх сонирхолгүй ШҮҮГЧ нараа ЕРӨНХИЙЛӨГЧ бүгдийг нь түдгэлзүүлж, ард түмэндээ бэлэг бариач. ҮҮНЭЭС өөр аргаар шүүх байгууллагыг өөрчлөх боломж алга. ШҮҮГЧ нар бүгд холбоотой, ах дүү, аав, хүү, нэг нутгийнх, нэг ангийнхан, нууц амрагууд, байж болох бүх холбоос байгаа.
Өөрсдөө л хичээхгүй бол яс юман дээр гаднаас хоёр хөрш, хойт ах өмөөрнө, хамгаална гэж байхгүй байгаа биз дээ. Хууль зүйн яам гэхээсээ шүүх прокурорынхан гол буруутан шиг л харагдаж байна. Авилгалын хэрэг ороод ирэхээр ёстой ”цулайх нь” гэж баярладаг биз
Баяр,Сайханбилэг,Баярцогт,БатҮүл,Батхүү,Ганзориг,Зоригт нарыг цаазал тэгээд саарал жагсаалтаас гарна.