ЗИНДАА 2019.10.21 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

#1 ДАЙНЫ ХӨЛД ӨРТӨӨГҮЙ МОНГОЛ УЛС ДАРХАЛСАН ДАРГА НАРТАА ДИЙЛДЛЭЭ


Дэлхий нийтээрээ терроризмын эсрэг дайн өрнүүлж байгаа. Террористууд голдуу мөнгө угаалтаар дамжин санхүүждэг учраас Монгол шиг харьцангуй тайван боловч эдийн засгийн сул хяналттай орнуудын хүрээнд ч “дайн” хийх шаардлага тулгараад буй. Олон улсын зүгээс ийм шахалт, шаардлага ирж байгаагийн нэг жишээ бол “Саарал” жагсаалт.  Юуны өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага (FATF)-аас гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан “Монголд ямар юмны террорист байдаг юм” хэмээн гайхах хүн олон байна. Гэтэл “Гал үндэстэн”, “Онги гол” зэрэг хөдөлгөөнөөр авгайлдаг Ц.Мөнхбаяр гээчийг Монгол Улс 2014 онд хуулиараа террорист гэж тогтоон яллачихсан байдаг. Дээр нь алан хядагчдаа төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас тусгай хууль батлан өршөөснөөр террористуудад энэрэнгүй ханддаг төртэй гэдгээ олон улсын өмнө зарлачихсан байдаг. Харин мөнгийг бол угаадаг юм шиг байгаа юм. Монголын төр террористуудыг өршөөдөг жилээ татвараас зугтаж, хуулиас гадуур хөрөнгө эргэлдүүлдэг хэсэгтээ ивээлээ хүртээсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлэхэд,  хаанаас ч юм 35 их наяд төгрөг гарч ирснээр монгол судлаачдын нүд бүлтрэх шахсан. Үр дүн нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, ийм хэмжээний далд эдийн засагтай, төр нь түүнийгээ хазаарлаж хянах чадваргүй гэдгээ олон улсын өмнө зарлаж орхисон. Мөн 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжүүлсэн байдаг. Тэдгээр хэргээс ердөө хоёрыг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоож, шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан ч хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож байжээ.  Үүнээс Монголд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажилладаггүй гэдэг нь харагдсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 МАХ ХЭМНЭХ МЯНГАН АРГАД СУРАЛЦСАН МАНАЙ НИЙСЛЭЛЧҮҮД

"НЭГ СЭДВЭЭР" тойм булан махны үнэ ханш, бодлого, экспортын асуудлыг цогцоор нь хөндлөө. Та энэ тухай ярилцлага, сурвалжлага, статистик, мэдээ мэдээллийг цогцоор нь хүлээн авч уншина уу!
 

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хулгана хүртэл хөеөгөө засаж, бор шувууд хүртэл үүрээ зэхэж, дор дороо л өвөлд базааж байхад хүмүүс бид идэш хоолоо төхөөрөхгүй бол горьгүй нь. Саалийн хэдэн хонь, идэшний хэдэн үхэртэй нэг нь хөдөө тийш хандаж, чүү гэх морьгүй, чай гэх ямаагүй нэг нь килограммын мах гоочлохоор зах руу жирийлгэнэ дээ. Хөлс мөнгө нь буувал хөндлөн гулууз тэгнээд харих, хүч мөнгө нь дутвал хөл гуя сугавчлаад харихын хооронд л нийслэлчүүдийн амьдрал өрнөн буй. Хаа, гуя байтугай хавирга ч мөлжих “эрхгүй” толгой шийр өнхчүүлж байгаа ч айл олон. Тэтгэврийн 300 мянга нь хаанаа ч хүрэхгүй тэвдэж яваа хөгшчүүл ч олон. Тэдний нэг настан буурайгийн тохойноос нь өргөж, торноос нь дамжлан “Хүчит шонхор” захаар хөндлөн гулд  хэдэнтээ эргэлдэв.

Бор торгон дээлийн үзүүр нь сэмэрч гандсан, хөх алчуураар толгойгоо ороосон 70 орчим насны эмээ даавуун тортой хүнсний ногоогоо дааж ядан алхана. “Хүчитшонхор” захын урд байх гулууз махны павилоноор үнэ асууж, тасаг бүрийн үүдэнд очин, тарган, туранхайг нь шинжих ажээ.  Намар цагийн хонины мах өөх алаглаад сайхан л байдаг. Зан сайтай худалдагч эгч “Гулууз мах нэг килограмм нь 5600 төгрөгийн үнэтэй, нэг гулууз 20-иос дээш килограмм татдаг болохоор ойролцоогоор 130 мянган төгрөг болох байх” гэв. Эмээ өврөө тэмтрэн, төсвөө бодов бололтой нүдээ сүүмийлгээд “Хүү минь ээ, 100 мянга дотор хүрэх юм байхгүй юу хө” гэхэд мөнөөх эгчийн царай нь хувьсхийж “Байхгүй ээ” гээд  хөндөлсөх маягтай болов. Эмээ ч амандаа нэгийг бувтнан, хойд талд байх махны худалдааны зах руу эргэлээ.  Эмээгийн тохойноос өргөн, торноос нь дамжлах шалтгаан эрж, “Эмээ та мах авах гэж явна уу, алив би өргөх үү?” гээд гараа сунгахад уриалгахнаар тороо шилжүүлж “Тийм ээ, хүү минь. Килийн мах авдаг юм уу санаатай” хэмээн суганаас түшив.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 Б.ЭНХБАЯР: МӨНГӨ УГААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙГЭЭС "СААРАЛ ЖАГСААЛТ"-Д ОРСОН

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нь улстөрчдийн хувь, бүлэглэлийн эрх ашгаа бодсон үйлдлүүдтэй салшгүй холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд олон байна. Хууль зүй дотоодын хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Мөнгө угаасан тодорхой гэмт хэргүүдийг хуулийнхан илрүүлж шалгах явцад УИХ-аас Эрүүгийн хуулийн "Мөнгө угаах" зүйл ангид гурван удаа өөрчлөлт оруулж, улмаар уг хэргүүд хэрэгсэхгүй болж байсан” гэж байна. Тэрбээр жил гаруйн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард телевизийн ярилцлагад орохдоо ч энэ тухай сануулж байжээ.

Түүний үгийг эшлэвэл “Зөвхөн Эрүүгийн хуулийн Мөнгө угаах гэдэг зүйл ангид өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Энэ тохиолдлыг нь аваад үзэхээр тодорхой хэмжээгээр мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй  үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагууд илрүүлээд шалгах явцад энэ өөрчлөлтүүд хийгдэж, үүний дагуу тодорхой хэргүүд эргээд ял шийтгэгдэхгүй хуулийн хийдэл завсраар хариуцлагаас зугтсан бултсан асуудлууд гарсан” гэж байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 [БИДНИЙ НЭГ] 1500 КМ-ЫН ЦААНААС КИНО ҮЗЭХЭЭР ИРДЭГ Н.БУЯНБАТ ХҮҮ

Түүнийг Н.Буянбат гэдэг. Тэр Ховдын хязгаарт төрсөн, тэндээ л аж төрдөг 19 настай шүлэгч хүү. Тэр бас кино үзэх дуртай. Алс холоос гэрэл гэгээт хэдхэн өдрийг хотод үдээд өнөөдөр нутаг руугаа буцаж яваа. Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км. Хот хоорондын автобусаар нэг талдаа 70 мянга, хоёр талдаа 140 мянган төгрөгийн зардлаар 27 цаг хурдалсаар тэндээс энд хүрдэг. Хот гэдэг хэн нэгний хувьд сайн сайхан дурсамжаар хөглөгдөх тийм л газар.

Аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд нийслэл хотноо 11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам болж, бүтэн долоо хоногийн турш олон орны онцлох, шилдэг гэсэн кино бүтээлүүдээр үзэгч олон амьсгаллаа. Жилээс жилд тус наадам хүрээгээ тэлж, үзэгчдээ улам чанаржуулж байгаагийн нэгэн тод жишээ бол Н.Буянбат. Танхим дүүрэн үзэгчдийн дунд тухлах Ховдын хүү алс холоос яг л энэ мөчийг зорин иржээ. Салахдаа тэр "Харих замдаа ярилцлагаа унших нь ээ" гэж ичингүйрэн хэлсэн. Би ч мөн амласан ёсоороо түүнд бас уншигчдадаа ном унших гэж, кино үзэх гэж холын Ховдоос хотыг зорин зорин ирдэг түүний ярилцлагыг яаран яаран хүргэж байна. 


-Юуны өмнө манай уншагчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Н.Буянбат гэдэг. Би Ховд аймгийн Ховд их сургуульд Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр сурдаг. Одоо хоёрдугаар курсын оюутан. 

-Өмнө нь хотод сурч байсан гэж сонслоо. Яагаад Ховд руугаа буцаж, тэнд сурахаар болсон юм бэ?

-Нутгаа санаад... Яг л сая үзсэн "Хийморь" кинон дээр гардаг хүү шиг...

-Энд ямар сургуульд сурч байсан билээ?

-"Улаанбаатар" их сургуульд англи хэлний орчуулагчийн ангид сурч байсан. Хотод оюутан болж ирээд нэг л намар болсон. Өнгөрсөн жилийн өдийд “Улаанбаатар” кино наадмыг үзчихээд нутаг буцсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 ХАРАНГА 30 ЖИЛ: МӨНХӨД НҮРГЭЛЭХ ДУУРСАЛ


Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн үндсийг тавьсан “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-д дассан хүмүүст сонгодог рок үгүйлэгдэж, мөнхүү хэрэгцээнд тэнцсэн хамтлаг гарч ирсэн нь “Харанга” гэж хөгжим сонирхогчид дуу нэгтэй хэлдэг. 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагдсан цагаасаа хойш Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн хүчирхэг өнгө аясаа тунхаглаж чадсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойтойгоо золголоо. “Харанга”-ын түүх бол Монголын рок балладуудын түүх юм. Тиймээс ч өнгөрөгч амралтын өдрүүдийг дамнан нүргэлсэн нүсэр шоу тоглолтыг “Харанга” хамтлаг болон Монголын рок попын одод хамтран зохион байгуулав.

“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо “Замд гаръя” хэмээн нэрийдсэн. “Харанга” цуцах болоогүй, уран бүтээлийн дараагийн шатны эрэл хайгуулын замдаа гарч байгаагаа уг тоглолтоороо тунхаглалаа. Тиймээс ч “Харанга”-ын 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тэдний 35, 40 жилийн ойн тоглолт хүртэлх үзэгчдийн хүлээлтийг бий болгож чадсан юм. “Уран бүтээлийнх нь замнал манай үндэсний рок хөгжмийн түүх хийгээд бахархал болсон агуу хамтлаг өөрийгөө ахин сануулж, ахин батлан харууллаа” хэмээн тоглолтын сэтгэгдлээ зохиолч Г.Аюурзана хуваалцсан байсан нь оночтой тодорхойлолт болсон мэт.

Үнэхээр “Замд гаръя” тоглолт хүндэтгэлийн нүсэр шоу болсон. 16:00 цагаас эхлэн рок попын одод “Харанга”-ын 30 жилд зориулж баяр хүргэж, шилдэг уран бүтээлүүдээ ээлжээр хүргэж, “Буянт-Ухаа” спорт ордныг дүүргэсэн үзэгчдэд бэлэг барьсан. “Fire”, “Нисванис”-аас эхлээд 28 жилийн түүхтэй “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтод ая дуугаа өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Хамтлаг, дуучин бүрийг үзэгчид уухайлан урамшуулж, дахин дуулуулахыг хүсэж байлаа. Ингээд хүсэн хүлээсэн цаг ирж, “Харанга” хамтлаг 2019 оны аравдугаар сарын 19-ний 19 цаг 19 минутад тайзнаа гарч ирэх мөчид үзэгчдийн сэтгэл хөөрөл хэдийн дээд цэгтээ хүрсэн байв. “Харанга”-ын Б.Чулуунбат хэлэхдээ “Харангын фенүүд гэвэл өвөө, эмээ нар байгаа. Тэдний хүүхдүүд байгаа. Мөн хүүхдүүдийн хүүхдүүд байгаа” гэсэн юм. Үнэхээр тоглолтын танхимыг гурван үеийн төлөөлөл дүүргэсэн байлаа. Үзэгчид “Харанга”-ыг тайзнаа гарч ирэхэд утасныхаа гэрлийг асааж, тэднийг оддын чөлөөнд байгаа мэтээр угтаж авахыг харах сайхан байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top