Дайны хөлд өртөөгүй Монгол Улс дархалсан дарга нартаа дийлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Дэлхий нийтээрээ терроризмын эсрэг дайн өрнүүлж байгаа. Террористууд голдуу мөнгө угаалтаар дамжин санхүүждэг учраас Монгол шиг харьцангуй тайван боловч эдийн засгийн сул хяналттай орнуудын хүрээнд ч “дайн” хийх шаардлага тулгараад буй. Олон улсын зүгээс ийм шахалт, шаардлага ирж байгаагийн нэг жишээ бол “Саарал” жагсаалт.  Юуны өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага (FATF)-аас гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан “Монголд ямар юмны террорист байдаг юм” хэмээн гайхах хүн олон байна. Гэтэл “Гал үндэстэн”, “Онги гол” зэрэг хөдөлгөөнөөр авгайлдаг Ц.Мөнхбаяр гээчийг Монгол Улс 2014 онд хуулиараа террорист гэж тогтоон яллачихсан байдаг. Дээр нь алан хядагчдаа төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас тусгай хууль батлан өршөөснөөр террористуудад энэрэнгүй ханддаг төртэй гэдгээ олон улсын өмнө зарлачихсан байдаг.

Харин мөнгийг бол угаадаг юм шиг байгаа юм. Монголын төр террористуудыг өршөөдөг жилээ татвараас зугтаж, хуулиас гадуур хөрөнгө эргэлдүүлдэг хэсэгтээ ивээлээ хүртээсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлэхэд,  хаанаас ч юм 35 их наяд төгрөг гарч ирснээр монгол судлаачдын нүд бүлтрэх шахсан. Үр дүн нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, ийм хэмжээний далд эдийн засагтай, төр нь түүнийгээ хазаарлаж хянах чадваргүй гэдгээ олон улсын өмнө зарлаж орхисон. Мөн 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжүүлсэн байдаг. Тэдгээр хэргээс ердөө хоёрыг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоож, шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан ч хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож байжээ.  Үүнээс Монголд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажилладаггүй гэдэг нь харагдсан.

Дараа нь  банк бус санхүүгийн байгууллагууд болон хадгаламж зээлийн хоршоод ямар ч  хяналтгүй ажилладаг гэдгээрээ олон улсад алдаршсан. Энэ асуудлыг хариуцдаг Санхүүгийн зохицуулах хороо хүн хүч хүрдэггүй гэх шалтгаан тоочдог. Улмаар бичил санхүүгийн зах зээл дээр хаанаас, яаж ч орж ирсэн мөнгө эргэлдэж байж болзошгүй гэж олон улсын байгууллага үзсэн. Гэвч хяналтын байгууллагынхан гурав орчим жилийн хугацаанд хүн хүчээ нэмэгдүүлэх алхам хийгээгүй бөгөөд ирэх оны төсөвт тусгасан гэх мэдээлэл бий. Батлагдах үгүй нь өнөө хэр тодорхойгүй гэсэн үг.

Удаахыг нь аль ч улсад мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалжид тооцогддог Тагнуулын ерөнхий газрын даргын албыг хашиж байсан эрхэм гэрчилсэн бөгөөд НҮБ-ын хоригт байдаг БНАСАУ-тай Монгол Улс зэвсэг наймаалцсан асуудал. Батлан хамгаалахын сайд нь ЗХЖШ-ын генералуудтай хамтран тус улсад онгоцны мотор нийлүүлсэн явдал олон улсын хэмжээнд ч яригдсан. Үүнээс гадна Хойд Солонгосын ажилчид Монголд олноороо ажилладаг, үе үе шуудан холбоогоор хориотой эм бэлдмэл орж ирдэг гэх мэт таагүй мэдээллүүд хөвөрдөг. Хориотой эм бэлдмэлийн тухайд гаалийнхны асуудал. Ажилчдын хувьд үлдсэн хэдийг нь гаргаад дуусаж байгаа юм билээ.

Ерөнхийдөө ийм хэдэн асуудлаас болж олон улсын байгууллага Монголд хараагаа тусгасан. FATF-ын Ази Номхон Далайн бүс хариуцсан бүлэг (APG)-ээс 2017 онд “Эрчимтэй хяналт”-д оруулж, засах хугацаатай үүрэг өгсөн ч Монголын төр дотооддоо асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар Зимбабвегийн хамтаар “Саарал” жагсаалтад элсчихлээ. Тэгэхээр хариуцлагын асуудал хөндөгдөж таарна. Анх олон улсын байгууллагаас 40 зөвлөмж, шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтийг биелүүлэхийг даалгасан байдаг. Өнгөрсөн долоо хоногийн FATF-ын хурлаар 40 зөвлөмжийн 35-ыг хангасан, шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс долоог нь хийж хэрэгжүүлсэн гэдгээ Монголын төлөөлөгчид танилцуулжээ. Тэгэхээр шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн дөрвөн үзүүлэлтээс болж Монгол Улс “Саарал” жагсаалтад орсон. Хийгээгүй дөрвөн ажлыг нь танилцуулахад, “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” гэсэн заалт нь голлон банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой. Банк бусуудыг хянах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо үүнд тайлбар хийх хэрэгтэй. Мөн Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, нотариатчдын танхим, хуульчдын гэсэн  мэргэжлийн холбоод мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох ёстой боловч дорвитой ахиц гаргаагүй. Огт хэрэгжээгүй хоёр дахь үзүүлэлт УИХ-ын бүрэн эрхтэй холбогдож байна. Монголд мөнгө угаах гэмт хэргээр дорвитой шийтгэл хүлээдэггүй, шийтгэгдсэн ч маргааш нь УИХ-аас нь өршөөчихдөг нь олон улсын түвшинд итгэл алдрахад хүргэсэн болохыг эхэнд дурдсан. Хэрэгжээгүй гурав дахь ажил бол “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” аж. Тухайлбал, хилээр мэдүүлээгүй алт, үнэт эдлэл нэвтрүүлэх тохиолдол их гардаг. Түүнийг хянах үүрэгтэй Гаалийн ерөнхий газар, Сангийн яам гаалийн шинэчлэлийг 2017 онд эхлүүлэх байсан ч өнгөрсөн сараас ажил нь эхэлсэн. Сүүлийнх нь “Үй олноор устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэсэн заалт. Монголд  үйл олноор хөнөөх зэвсэг бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Хойд Солонгостой эдийн засгийн харилцаанд ордог. Энэ харилцаа зогссон гэж байгаа ч  түүнийгээ олон улсын түвшинд ойлгуулж чадаагүй. Үүнийг олон улсын дээд түвшинд мэдээлж, харилцах эрхтэй Элчин сайдуудыг томилохгүй гацаагаад байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар үүнд тайлбар хийх учиртай.

Энэ мэт УИХ, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, шүүх, тагнуул зэрэг төрийн байгууллагуудаас авахуулаад мэргэжлийн холбоодоос болж Монгол Улсын нэр хүнд унахад хүрлээ. Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон хууль хүчний байгууллагуудаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг. Анх энэ зөвлөлийг оролцоотой байгууллагуудын хоёрдугаар хүмүүсийг хамруулан байгуулсан. Гэвч эрхэм дарга нар хуралдаа суудаггүй байсан бөгөөд нэг удаагийн хуралдаанд суусных нь төлөө 200 мянган төгрөгийн цалин өгч эхэлснээр ирдэг болсон талаар ичмээр бэрхшээл тоочиж болно. Хариуцлага алдсан асуудал хаа хаанаа байгаа биз. Харин өнөөдөр “Саарал” жагсаалтын дуулианаар өөр хоорондоо чулуу шидэлцээд эхэлсэн сурагтай.  

Хамгийн харамсалтай нь мөнгө амлуулж ажил хийдэг дархлагдсан дарга нар бус Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, мөнгө угаалтыг цэцэглүүлж, терроризмыг дэмжсэн нэр зүүгээд хоцорсон явдал. FATF-аас гаргасан мэдэгдэлд Монгол Улсад сүрхий эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй гэдгийг онцолсон байна. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт муу, мөнгө угаах гэмт хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй байгааг дурджээ. Тиймээс дахин “Эрчимтэй хяналт”-д оруулж, FATF-аас тогтоосон хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг өгчээ.

Монгол Улс “Саарал” жасгаалтад орж байгаа нь анхных биш. Анх  2013 онд  энэ жагсаалтад багтаж,  2014 онд хасагдаж байсныг эргэн сануулах нь зөв байх. Тухайн үед  Монгол Улс өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчин тун хангалтгүй байсан тул уг жагсаалтад орсон. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болж, тодорхой хүчин чармайлтууд гаргаснаар жагсаалтаас гарч байжээ. Уг асуудлыг том зургаар нь харвал, дэлхий нийтийн террористуудтай хийх дайн улам эрчимжиж буй нь ойлгогдоно. FATF-аас 2013 онд хууль батлахыг шаардаж байсан бол одоо бүхэл бүтэн цогц механизм ажиллуулахыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл, буу шагайдаг байсан сөргөлдөгч талуудын аль хүчтэй нь нөгөөгийнхөө санхүүг хянах дэлхийг хэрсэн аварга сүлжээ нэвтрүүлж эхэллээ. Үүний дараагийн шат аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд өрнөх болсныг судлаачдын зүгээс тодотгож байгаа. Тухайлбал, криптовалют, блокчейн гэх мэтийн шинэ төрлийн санхүүгийн хэрэгслээр дамжуулан их хэмжээний мөнгөн гуйвуулга хийх боломж нээгдсэн. Энэ нь хууль бус аргаар бий болж буй мөнгө, санхүүгийн нэгдсэн орчин бүрдэх хандлага үүсгэх болжээ. Криптовалютын нууцлал оффшор бүс дэх мөнгө криптовалютын зах зээл рүү шилжиж тэлэх, авлига, хээл хахууль санхүүжилтийн улмаас далд хэлбэрт шилжих ч магадлалтай аж. Улс орнуудын төв банк, сангийн яамд хамтран криптовалютын нууцлалыг бууруулахад чиглэсэн хууль тогтоомж гаргах, иргэд, аж ахуй нэгжүүдийн криптовалютын дансны талаарх мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авах болсон нь үүнтэй холбоотой. Өнөөдөр санхүү салбарын хөгжлөөрөө гологдож байгаа Монгол Улс түүнээс хоцорч болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaya(103.229.120.179) 2019 оны 10 сарын 21

Buhym munguur huduldug gej ene bichvert todorhoi heleed ugluu busuu?

0  |  0
иргэн(64.119.22.144) 2019 оны 10 сарын 21

Манан байсан цагт саарал байтугай хар гэдэгт нь орох байлгүй. Хэдэн луйварчидаас салж чадахгүй байгаа ард түмний

0  |  0
Зочин(103.229.122.190) 2019 оны 10 сарын 21

Монголын төрд битүү Оркууд байгаа цагт саарал байтугай л юм болно

0  |  0
Эх орноосоо урвагч Д(66.181.178.127) 2019 оны 10 сарын 21

Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яамны ажлын хар саарлын хөдлөшгүй баталгаа. Засгийн газар огцрох ёстой. Нямдорж шоронгийн хаалга татах ёстой. Ард түмний нэхэл хатуу..

0  |  0
зочин(66.181.178.127) 2019 оны 10 сарын 21

Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яамны ажлын хар саарлын хөдлөшгүй баталгаа. Засгийн газар огцрох ёстой. Нямдорж шоронгийн хаалга татах ёстой. Ард түмний нэхэл хатуу..

0  |  0
зочин(66.181.178.127) 2019 оны 10 сарын 21

Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яамны ажлын хар саарлын хөдлөшгүй баталгаа. Засгийн газар огцрох ёстой. Нямдорж шоронгийн хаалга татах ёстой. Ард түмний нэхэл хатуу..

0  |  0
Top