Намрын сар шувтрах тийшээ хандаж, хасах хэмтэй болж байгаа энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд ч томуугаар өвчилдөг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас зөвлөдөг. Эрс тэрс уур амьсгалтай манай оронд сэрүүний улирал эхэлж, амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт ихэсдэг. Томуу, томуу төст халдварыг бууруулах чиглэлээр вакцинжуулах аяныг өрнүүлж байна. Томуугийн эсрэг вакцин нь уг вирусийн эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм.
Уг вакцины хамрагдалт нийслэлийн хэмжээнд хэдэн хувьтай байгаа талаар болон вакцинаас шалтгаалсан ямар сөрөг нөлөө, хүндрэл бэрхшээл иргэдэд тулгарч буй талаар сурвалжлав.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Дархлаажуулалтын тасгийн үүдэнд хүмүүс эгнэн дугаарлана. Зургаан сартай хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулахаар ирсэн 25 орчим настай бүсгүй 50 орчим насны ээжтэйгээ хамт сууж байв. Тэд өөрсдөө сайн дурын вакцинд хамрагдаад 14 хонож байгаа гэв. Ямар нэгэн зовуурь илэрсэн эсэхийг асуухад “Гайгүй ээ, хоёр хоног л усанд орж болохгүй гэдэг юм байна лээ” гэв. Тэд хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулчихаад “Бага зэрэг улайх, хавдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй, дааруулж болохгүй гэсэн” хэмээсээр инээмсэглэн гарч ирэв. Вакцин хийлгэсний дараа вирусийн халдвар авахад дархлааны тогтолцоо үр дүнтэй идэвхжиж вирусийг устгаж биеэс зайлуулах урвал явагддаг аж.
Дараагийн үйлчлүүлэгч бол гурав орчим насны охиноо томуугийн эсрэг вакцинд хамруулахаар ирсэн залуухан гэр бүл байлаа. Охин нь цэцэрлэгт явдаггүй учраас вакцинд хамрагдаж чадаагүй ажээ. Өмнөх ээж, охин хоёрын яриаг чагнасан залуус өөрсдөө ч гэсэн вакцин тариулчих уу гэж бие биетэйгээ зөвлөлдсөөр орсон боловч охины аав өндөгнөөс харшилдаг учир хийх боломжгүй гэжээ.
Хэрвээ томуугийн вирус дархлаа тогтолцоонд устахгүй амьсгалын замын эсэд халдварлан өсөж үржсэнээр ханиад томуугаар өвчилнө. Улмаар халуурах, бие зарайх, жихүүцэх, ханиах, хоолой өвдөх, шингэн нус гоожих, булчин биеэр хөндүүрлэх, толгой өвдөх ба ядарч сульдах шинж илэрдэг. Ховор тохиолдолд дотор муухайрч бөөлжих, суулгах шинж илэрдэг. Энэ өвчлөлийн дэгдэлтээс сарын өмнө дархлаажуулах аяныг зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд 85 хувьтай яваа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
ТОМУУ, ТӨСТ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГСДИЙН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛИЙН МӨН ҮЕЭС БУУРААГҮЙ
Томуугийн эсрэг вакцинд Сонгинохайрхан дүүрэгт 95 хувь, Хан-Уул дүүрэгт 72 хувь, Чингэлтэй дүүрэгт 80 хувь, Сүхбаатар дүүрэгт 70 хувьтай байна. Үүнээс гадна сайн дураар хамрагдаж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа ажээ.
Сайн дурын дархлаажуулалтыг зургаан сартайгаас дээш бүх хүнд хийх боломжтой юм. Мөн илүү гарсан тунг дүүргүүдийн өрхийн эмнэлгээр тарааж зорилтот бүлгийн хүмүүс болох өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс болон жирэмсэн эхчүүдэд тарьж байна. Засгийн газрын хөрөнгө санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд 159500 хүн тун томуугийн эсрэг вакцин авсан бөгөөд төрийн өмчийн 233 цэцэрлэгийн хүүхдийг вакцинжуулжээ.
“Аливаа халдварт өвчин бол улирлын чанартай, хөдлөл зүйтэй, насны онцлогтой байдаг. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр нийт 170 гаруй мянган хүн үйлчлүүлсэн. Энэ нь 3.8 хувь буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна” гэж ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах хэлтсийн дарга Н.Сувдмаа хэллээ.
Энэхүү вакцинд зайлшгүй хамрагдах шаардлагатай бүлэгт ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд, хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (цэргийн албан хаагчид), эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад, чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд, уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс орно. “Мөн томууны тарилгын дараа бага насны хүүхдүүд бага зэрэг халуурах зэргээр урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй” гэж Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Дархлаажуулалт хариуцсан халдвар судлаач эмч Б.Лхагважаргал хэллээ. "Вакцинд харшилж, ханиалгаж байна гэсэн шинж тэмдэг манайд одоохондоо ирээгүй байна. Иргэд хүүхдээ вакцинд хамруулахдаа эмчийн зөвлөгөөг мөрдөх хэрэгтэй" гэж тэрбээр нэмж онцолсон.
Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд бүх дүүргийн дархлаажуулалтын тасагт томуугийн эсрэг вакцин хийж байгаа бөгөөд сайн дурын вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байгаа бол “Интермед”, “Юнимед”, “Тод клиник” зэрэг хувийн эмнэлгүүдэд эмчийн үзлэг багтаад 40-45 мянган төгрөгөөр вакцин хийж байна.
ЗАВГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Мөн дархлаажуулалтын тасагт B гепатит вирусийн урьдчилан сэргийлэх тарилгыг сайн дураар хийж байв. Үдээс өмнө хүүхэд, хөгшчүүд их үйлчлүүлж байсан бол цайны цагаас хойш дунд насныхан дугаарласан байлаа. Эмч нарын цайны цагтай давхцаж ирсэн иргэд жаахан бухимдуу байв. Магадгүй тэд ажлынхаа цайны цагаар эрүүл мэнддээ анхаарч, яаруу сандруу яваа болов уу гэмээр харагдана. Ажилтай, завгүй хүмүүсийг дархлаажуулалтад хамрагдах бодлогыг цогцоор нь явуулж, албан байгууллагуудаар шинжилгээ, оношилгоо, дархлаажуулалтын үйлчилгээг үзүүлбэл таатай байх сан гэж бодогдов. Тэд ихэвчлэн B гепатит вирусийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдахаар иржээ.
30 орчим насны бүсгүй хоёр дахь тунгаа хийлгэхээр иржээ. Уг тарилгыг гурван тун хийдэг бөгөөд хоорондоо сарын зайтай хийлгэх ёстой. Нэг удаагийн тун нь 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд гурван удаа хийлгэж байж бүрэн тариулсан гэж үздэг. Гепатит B -ийн вакцин нь аюулгүй бөгөөд “хорт хавдрын эсрэг вакцин” юм. Манай орон элэгний хорт хавдраар тэргүүлдэг бөгөөд өвчлөлийн шалтгааны 80 хувийг эзэлдэг гепатит B вирусээс хамгаалж чадвартай B гепатит вирусийн урьдчилан сэргийлэх тарилгыг иргэд сайн дураар маш идэвхтэй ирж хийлгэдэг байна.
Уг тарилгад хамрагдахын тулд B гепатит вирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай ба хариу нь вирусгүй гэж гарсан байх ёстой талаар тус эмнэлгийн Дархлаажуулалт хариуцсан халдвар судлаач эмч Б.Лхагважаргал хэлсэн.
Энэ тарилгад хамрагдсанаар 10-15 жил уг вирусээс хамгаалдаг аж. Бусдын адил эрүүл мэнддээ анхаарч, томуугийн вакцин болон B гепатит вирусийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдахаар шийдтэл дансаар мөнгө авахгүй гэв. Ажил руугаа яарч байсан тул банк, АТМ хайж явна гэдэгтээ төвөгшөөж, дараа бэлтгэлтэй ирэхээр болоод гарлаа.
Сэтгэгдэл ( 0 )