Байгаль орчны боловсрол олгох "Ногоон паспорт" аяны шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан "Ногоон хөгжлийн долоо хоног" олон улсын хуралд оролцож, аяны талаар танилцуулга, илтгэл тавилаа. Уг үйл ажиллагаанд "Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага"-ын тэргүүн Бан Ги Мүүн хүрэлцэн ирэх байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд гүйцэтгэх захирал Фрэнк Райшберман БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад талархал илэрхийлээд Ногоон паспорт аяныг дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Ногоон паспорт" аяныг дэмжиж ажиллахаар болсонд талархлаа илэрхийлж, Фрэнз Райшберманд Монголын сурагчдын хөтөлж буй НОГООН ПАСПОРТ-ыг дурсгалаа. Ногоон паспорт эзэмшигч шилдэг сурагчид Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI)-ын урилгаар БНСУ-ыг зорьсон бөгөөд сурагчдын аялалыг "Ногоон ази сүлжээ" олон улсын ТББ зохион байгуулсан юм. Ногоон паспорт эзэмшигч шилдэг сурагчид айлчлалын эхний өдөр "Ногоон ази сүлжээ" ТББ-ын оффисоор зочилж байгууллагын үйл ажиллагаатай танилцан, Ногоон паспорт аяны танилцуулгыг хийлээ. Мөн тус байгууллагын захирал У Ги Чүлийн бичсэн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номыг гардан авч, тус номын талаарх өөрсдийн сэтгэгдлээ хуваалцан, эссэ бичиж явуулахаар боллоо. Ногоон паспорт эзэмшигч шилдэг сурагчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )