Үүсгэн байгуулагдаад долоон сар болж буй ШИНЭ намын Төв зөвлөлийн хоёрдугаар хурал өнөөдөр /2019.11.04/ Төрийн ордонд боллоо.
Тус нам улс орон даяар нийт 90 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болж, үндэсний хэмжээний манлайлагч улс төрийн хүчин болох зорилт тавин, бүтэц зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байгааг хурлын үеэр ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлсэн юм.
Хурлын үеэр намын дарга Ж.Батзандан “Улс орныг маань аалзны тор мэт бүрхсэн МАНАН бүлэглэлийн эсрэг УИХ-ын таван гишүүн, иргэний нийгмийн байгууллагууд, ШИНЭ намын гишүүд, дэмжигчдийн эхлүүлсэн тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч байна. Бид хамтдаа хулгайд алдагдсан Стратегийн ордуудаа ард түмнийхээ мэдэлд буцаан авч, Баялгийн сан байгуулан нийт монголчуудаа баялагт нь эзэн болгох бодлого хэрэгжүүлэх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулж чадлаа. МАНАН бүлэглэлийн саварт хууль бусаар орсон “Эрдэнэт”-ийн 49 хувь, Асгатын мөнгөний орд, Багануурын нүүрсний ордоос эхлээд “Ачит Их” компанийн луйвар хүртэлх 20 гаруй орд баялгаа иргэд олон түмний мэдэлд буцаан авах ажил ид өрнөж байна. Мөн хууль хяналтын салбарт шударга ёс тогтоож, шударга бусын хонгилыг нураах тэмцэл үргэлжилж байна. АТГ, прокурор, шүүхэд тодорхой өөрчлөлтүүд орж, олон жил дарагдсан хэргүүд эхнээсээ шүүх рүү шилжлээ. Оюутолгой, Дубайн луйвар, 60 тэрбумын хэрэг, “Шинжиан шинфан”-ы гэх тодотголтой улс төрчдийн оролцсон томоохон хэргүүд эхнээсээ шийдэгдэж байна. Гэсэн хэдий ч МАНАН бүлэглэл гэмт хэргийн сүлжээгээ хамгаалан авч үлдэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултрах, МАНАН-жсан шүүгч нараараа дамжуулан цаг хожиж, хариуцлагаас мултрахаар амь тэмцэн зууралдсаар байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
194000 АХМАДАА АЛАГЧЛАЛГҮЙ ОЛГОЁ ГЭЖ ДУУГАРСАНД АХМАДУУД МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ