УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл өнөөдөр /2020.01.06/ шинэ оны анхны хурлаа хийж, дараахь асуудлуудыг хэлэлцжээ.
Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ийн эрхийн асуудал, хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, ШИНЭ намын дэд дарга, хөдөлмөрийн баатар Д.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. ШИНЭ намын зөвлөл ХБИ-ийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр болжээ. Тухайлбал, Орон сууцны тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ногдох хувийг таваас 10 хувьд хүргэх. Мөн түрээсийн орон сууцан дахь ХБИ-ийн квотыг нэмэгдүүлж, 10-20 хувьд хүргэх. Түүнчлэн ХБИ-ийг ипотекийн зээлд хамруулахдаа урьдчилгаа төлбөрийг бууруулах, зээлийн хүүг бууруулах арга замаар тэдний орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг саналыг Засгийн газарт хүргүүлэхээр шийдсэн байна.
ХБИ-ийн эрх ашгийг хангах чиглэлд дөрвөн хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай гэдэг дээр ШИНЭ намын зөвлөлийн гиүүд санал нэгдлээ. Үүнд:
1. ХБИ-ийг хамгаалах зорилгоор ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болох
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих хууль батлах
3. ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
4. ХБИ-ийн саадгүй зөөлөн болон хатуу дэд бүтцийг сайжруулж, нийгмийн харилцаанд орох нөхцөл бололцоог хангах хуулийн зохицуулалтыг илүү тодорхой болгох. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг ШИНЭ намын Зөвлөлөөс гаргажээ.
Зөвлөлийн хурлаар шахмал түлшний хүрэлцээ, хангамж, угаарын хий хэмжигчийн нийлүүлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр хариуцсан дарга Ж.Батбилэг нарын мэдээллийг сонссон байна. Шахмал түлшийг ашиглах болсонтой холбогдуулан айл өрх бүрт угаарын хий хэмжигч төхөөрөмж нэг удаа үнэ төлбөргүй нийлүүлэх шаардлагыг ШИНЭ намаас өмнө нь Засгийн газарт хүргүүлж байсан. Энэ ажил хэрэгжиж эхэлсэн ч удаашралтай байгаад иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “БОАЖ-ын сайдын багцаас 3.5 тэрбум төгрөг гаргаж, БНХАУ-ын PJA компанитай шууд гэрээ байгуулан, үйлдвэрийн үнэ буюу 45 юаниар худалдан авахаар болсон, эхний ээлжинд буюу энэ долоо хоногт багтан 80 мянган ширхэг угаарын хий мэдрэгч нийлүүлнэ” гэлээ.
ШИНЭ намын зөвлөлөөс угаарын хийн хордлогоос болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн асуудалд анхаарал хандуулж ажиллах чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийт 15 хүн угаарын хийнд хордоод байна. Энэ талаар “тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн дарга Ж.Батбилэг “Манай компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш олон лусын болоод Монгол Улсын стандартад бүрэн нийцэж байгаа нь 70 гаруй шинжилгээний үр дүнгээр нотлогдсон. Түлшний найрлагад ямар нэгэн хорт бодис байхгүй” хэмээн мэдэгдэв.
Шахмал түлшний нийлүүлэлт хангалтгүй байгаа. Мөн олон арван аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл түүхий нүүрс хэрэглэж байна гэдэг мэдээлэл иргэдээс ирж байгаа. Иймд шахмал түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, түүхийн нүүрсний хэрэглээг аль болох богино хугацаанд үе шаттайгаар бууруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллах чиглэлийг ШИНЭ намын дарга Ж.Батзандан өглөө. Тэрээр мөн үйлдвэрлэл, түгээлт дээр ажиллаж буй 5-6 мянган хүний дутуу олгогдсон цалин хөлсийг яаралтай олгохыг захилаа.
Угаарын хий хэмжигч аппаратуудыг ойрын хугацаанд нийлүүлэх болсон гэдэг мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан бидэнд мэдээлж байна. Энэ бол ШИНЭ намын санаачилга байсан гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна.
Гуравдугаарт, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан ШИНЭ намын зөвлөлийн дэргэд тэдгээрийг судлах Ажлын хэсэг байгуулж, Л.Болд гишүүн ахалж ажиллахаар боллоо. ШИНЭ намын зөвлөлийн зүгээс иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлогыг эргэн харах, шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэв. Энэ хуулийг Гэр хорооллын хөгжлийн тухай хуультай хамт хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр зөвлөлийн гишүүд байр суурь нэгдэв.
Дөрөвдүгээрт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэх зорилгоор ШИНЭ намын дэргэд тус намын дэд дарга, хуульч Ц.Баттуяагаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулйлаа. ШИНЭ намын зөвлөл Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлтөд онцгой анхаарал хандуулж ажиллахаар шийдвэр гаргалаа.
ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулж, өргөн баригдаагүй хуулийг УИХ-ын хэлэлцүүлэгт оруулсан нь хууль бус явдал бөгөөд үүгээрээ олон арван албан тушаалтныг хариуцлагаас мулталсныг буруушааж байгаагаа бид олон удаа илэрхийлсэн. Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг хэлэлцэх явцад мөн Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх явцад ШИНЭ нам энэ талаар байр сууриа маш тодорхой илэрхийлж, ажиллах болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
OK