ШИНЭН: Төсөвт ТОДОТГОЛ хийж, БҮСЭЭ ЧАНГАЛАХ нь зүйтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

УИХ дахь ШИНЭ намын зѳвлѳл хулгана жилийн анхны хуралдаанаа өнөөдөр /2020.03.02/ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийлээ. Хурлаар:

1. Онцгой нөхцөл байдлын үеийн эдийн засаг ба улсын төсвийн орлого, төсөв тодотгох тухай,
2. Үндэсний аудитын газраас тогтоосон Сонгуулийн зардлын дээд хэмжээний талаар хэлэлцэв.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Короновирусын тархалтаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт тулгамдаж буй хүндрэлийг даван туулах асуудлыг хэлэлцлээ. Карантины улмаас аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа саарч, улмаар улсын төсвийн орлого тасалдаж байгаа тухай мэдээлэл ирж байна. Өнөөдрийн хуралд эдийн засагчид, судлаачид оролцлоо. Тэдний хэлж буйгаар, яг одоогийн байдлаар улсын төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Орлогын тасалдлыг юугаар нөхөх вэ, эдийн засгаа эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ? Короновирусээс үүдэлтэй дэлхийн болон олон улсын, үндэсний эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах чиглэлээр ЗГ цогц хөтөлбөр боловсруулж, УИХ ээлжит бус хурлаа хийж, уг хөтөлбөртэй танилцах, улмаар хэрэгжүүлэх цаг болсон гэж бид үзэж байна” гэлээ.

Эдийн засагч Х.Батсуурь “Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдагтай адил эдийн засагт ч мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Гэтэл манайд энэ арга хэмжээг аваагүй. Бидний зүгээс удаа дараалан шаардлага тавьсан ч хэрэгжүүлээгүйн улмаас өнөөдөр төсвийн орлогын тасалдал 3.4-5 хувьд буюу 400 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл байдал нэгэнт үүсчихээд байна. Энэ алдагдал цаашид өсөх магадлалтай. Манай төсөвт сард дунджаар нэг их наяд төгрөг орж ирж байж, төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд тасалдалгүй явах ёстой. Гэтэл сарын орлого 200 орчим тэрбум төгрөгөөр дутаад байна. Одоогийн байдлаар өнгөрсөн онтой харьцуулах юм бол нийт худалдаа 16 хувиар, үүн дундаа экспорт 24 хувиар буурсан байна. Энэ нөхцөл байдал цаашид үргэлжлэх юм бол төсвийн орлого нэг их наядаар тасарна. Тиймээс төсвийн тодотголыг гарцаагүй хийх шаардлагатай байна” хэмээн мэдэгдэв.

ШИНЭ намын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Сонгуулийн зардлын дээд хэмжээ юм. Энэ талаар тус намын дэд дарга Ц.Баттуяа:

“Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн зардлыг дээд хэмжээг тогтоосноо зарлалаа. Гэхдээ яг ямар шалгуур, аргачлал ашигласан нь тодорхойгүй байна. Долоон хүнийг 23 өдөрт 15 сая төгрөгөөр цалинжуулж, сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосноо л мэдэгдсэн. Эдийн засагт хохирол учруулахуйц ийм зардлын тооцоог бид эсэргүүцэж байна.

2020 оны УИХ-ын сонгуульд нэг нам, эвслээс гарах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум, нэг нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг 775 сая төгрөг хүртэл гэж тогтоосон байна. Гэтэл энэ зардал 2016 оны сонгуулиар 322 сая төгрөг байсан. Даруй хоёр дахин өссөн байна. Эдгээр хүүмүсийн байр суурийг авч үзвэл, нэгдүгээрт, цахим орчинтой холбоотой зардлуудыг тооцсон гэж байгаа юм. Өнөөдөр монголын хүн амын 80 хувь нь бүхий л мэдээллийг цаг алдалгүйгээр цахим орчноос авч байгааг яагаад тооцоолсонгүй вэ. Короновирусын улмаас карантин тогтоосон өнгөрсөн хоёр сарын хугацаанд бүх зүйлийг цахимаар хийж байна. Оюутан сурагчид цахимаар хичээлээ үзэж байна. Золголтыг ч бас цахимаар хийж чадлаа. Дэлхий даяараа цахимжиж байгаа энэ цаг үед аль болох бага зардлаар сонгууль хийхийн оронд өссөн дүнд оруулж байгаа нь маш ойлгомжгүй байна. Эргээд уламжлалт аргаараа маш олон хуудастай сэтгүүл, сонин тараахыг дэмжсэн байна.

Нэг нэр дэвшигч 40 мянга орчим сонгогчид сурталчилгаагаа хүргэхээр хуульчилсан байгаа. Гэтэл сошиол орчинд бол 40 мянга байтугай хүнд хүргэх боломжтойг та бид мэдэж байгаа. Өмнөх 76 тойргийг энэ удаа 29 тойрог болгосон нь багийн ажиллагааг дэмжсэн, нэг тойрогт нэр дэвшигч 2-3 хүн хамтраад зардлаа гаргах боломжийг нээж өгсөн онцлогтой.

Олон улсын жишгийг авч үзье. Монгол Улсаас ДНБ-ээрээ 150 дахин илүү, мөн хүн амынхаа тоогоор 100 дахин илүү АНУ-ын Конгрессын гишүүний сурталчилгааны зардлыг тооцоолж үзлээ. Зургаан сар үргэлжилдэг энэ сурталчилгааны нийт зардал нь 2,5 тэрбум. 180 хоногоос 22 хоногт нь 286 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоог АНУ-ын СЕХ-ноос энэ гаргасан. Энэ нь манай зардлаас 2.7 дахин бага байна.

Бас нэг зүйлийг хэлэхэд, өнөөдөр УИХ-ын гишүүний цалин сард 1.2 сая төгрөг. Үүнийг дөрвөн жилд үржүүлэхээр 57,6 сая төгрөг болж байна. 57 сая төгрөгийн цалинтай ажлын байранд өрсөлдөхийн тулд яахаараа 775 сая төгрөг зарцуулах ёстой юм бэ? Энэ зардлаа УИХ-д орсны дараа ард түмний халааснаас ав гэж байгаа юм уу, яаж нөх гэж байгаа юм бэ. Энэ бол сонгуулийн мөн чанар, утгыг алдагдуулж, шударга өрсөлдөөнийг сааруулж байна. УИХ бол нийгмийн олон талын төлөөллийг багтаах ёстой” хэмээн тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top