УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өчигдөр хуралдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үр өгөөж, тус хуулийг батлахад ШИНЭ нам ямар үүрэгтэй оролцсон талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хэд хэдэн сайн заалт орж, дэвшил гарсан гэж ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгджээ. Тэрбээр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын заалт, хууль батлах ирцийн босгыг өндөрсгөх, Засгийн газрын бие даасан байдлыг бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, стратегийн ордуудаас Монголын төр болон ард түмний хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх, засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах зэрэг заалтуудыг тусгахад ШИНЭ намын УИХ дахь Зөвлөл санаачилгатай ажиллаж, манлайлан оролцлоо” гэв.
Мөн зөвлөлийн хуралд Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн төлөөлөл оролцож, салбарт нь тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлж, санал солилцжээ. Тэд тусгай сургуулиудын удирдлагаас бусад ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох эрхийг орон нутагт нь өгөх нь зүйтэй, сургуулиудад 40 гаруй ажил хариуцдаг аргазүйч хэмээх ажлын байрны эрх, үүргийг нь хуульчлахыг сануулж байлаа. Түүнчлэн нийгэм, цаг үеийн шаардлагаар бий болсон “хүүхэд харагч” хэмээх ажлын байрны хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгож, хувьсах зардлыг нь олгох нь зүйтэй гэж байв. Хэлэлцүүлгийн үр дүнд ШИНЭ намын дэргэд багш нарын лобби бүлэг байгуулсан байна. Тус лобби бүлэг ШИНЭ намын зөвлөлтэй хамтран Засгийн газарт асуулга тавьж, удахгүй Засгийн газраас оруулж ирэх Боловсролын тухай багц хуульд саналаа боловсруулж өгөхөөр шийдвэрлэжээ. Түүчнлэн ШИНЭ намын дэргэд Мал аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөл байгуулж, Ажил олгогч малчид, эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )