#1 НОБЕЛ БА МОНГОЛ ЦУВРАЛ | ЭРХ БАРИГЧДЫН МЭДЛИЙГ ЭЦЭГ ХУУЛИАР ХУМИХ БОЛОМЖ БИЙ
Сонгуулийн жилийн төсвийг сахилга баттай байхыг шаардах нь, улстөрчдийн тооцсон тоог тойрч хэлэлцэх нь улс төр, эдийн засгийн ийм орчинд хайран цаг зав, энерги үрсэн явдал болно гэсэн утгатай зүйлийг эдийн засагч Р.Амаржаргал хэлсэн байсан. Түүнийхээр бол олныг санаатай төөрөгдүүлсэн хулхи, хуйвалдааны төсвөөс ихийг хүлээх хэрэггүй аж. Ер нь бол тийм гэдгийг бид өөрсдийнхөө хандлагаас бэлхнээ харж, ойлгож болно. Түүхэнд байгаагүй өндөр хэмжээний орлого, зарлага тооцоод оруулаад ирчихлээ гээд байхад л нийгмийн олонх нь “сонгуулийн жилийн төсөв” шүү дээ гээд л хүлээн зөвшөөрч, хүлцдэг болчихсон. Тэгвэл эдийн засгийн шинжлэх ухааны салбарт улстөрчдийн энэхүү авир, үйлдлийг судалж, онолын хэмжээнд тодорхойлсон бүтээл 1962 онд анх хэвлэгдэж байж. Харин Нобелийн академи 1986 онд тэрхүү бүтээлд шагнал олгосон түүхтэй. Манай сонин Нобелийн шагнал хүртсэн бүтээл болоод Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг холбон харсан “Нобел ба Монгол цуврал”-ын ээлжит бичвэрээ уншигч танд хүргэж байна. Сануулахад, өмнөх нийтлэл “Нийтийн өмчийг хэрхэн засаглах вэ?” гэдэг асуудлыг хөндсөн билээ. Нобелийн Эдийн засгийн салбарын шагнал гэхээр иргэдийн хувьд энгийн амьдралаас хол хөндий байдлаар хүлээж авдаг байж магад. Тэгвэл бодит байдал дээр эсрэгээрээ. Иргэн бүрийн өдөр тутмын амьдралтай үргэлж хамт байдаг эдийн засгийн ухааныг урагшлуулсан бүтээлүүд шалгардаг. 2019 оны Нобелийн эдийн засгийн шагнал ядуурлыг бууруулах бодит боломжийг эрэлхийлэхдээ, Монгол Улсыг нэг судлагдахуунаа болгосон судлаачдад очсон бол 2009 оных нь шагнал “Нөөц баялгийн удирдлага, нийтийн нөөцийн удирдлага”-ыг судалсан Элинор Остромынх болсон байдаг. Остромын судалгаа бол яг өнөөдөр манай улстөрчдийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой.
#2 Я.СОДБААТАР: СОНГУУЛЬД ЗОРИУЛААГҮЙ ТӨСӨВ ӨРГӨН БАРЬСАН БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг дэмжлээ. Энэ явдлыг шалтаг гаргаж албан тушаалаас нь буулгаж байна гэж дүгнэх хүн ч байна?
-Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх ФАТФ байгууллагын өмнө Монгол Улс хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй байна гэж үзээд “Саарал жагсаалт”-д оруулж анхааруулга өгч байгаа. 2017 оны долоодугаар сард тус байгууллагаас Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох нөхцөл үүссэн тухай мэдээлэл ирүүлж байсан. Үүнтэй холбогдуулж, сүүлийн хэдэн жил дотоодын банк санхүүгийн байгууллага болон бүх шатны байгууллагад олон ажил хийгдсэн. Парламентын түвшинд ч гэсэн олон хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед үнэлгээ хийхэд манай улсад өгсөн 40 зөвлөмжийн 20-ыг нь биелүүлсэн байсан бол өнөөдөр 35-ыг нь биелүүлсэн байдалтай байгаа. Тэгэхээр 2017 оноос хойш хийсэн ажлын үр дүнд чиглэл чиглэлд ахиц дэвшил нэлээд гарсан байна. Гэхдээ олон улсын байгууллагаас “Саарал жагсаалт”-д оруулж цаашдаа хэд хэдэн асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой гэсэн чиглэл өглөө.
Үүний дагуу холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргаас тавьсан. УИХ-ын даргын тавьж байгаа саналтай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооны дарга өөрөө өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад нээлттэй захидал илгээж сонгосон байгууллага буюу парламент хэрхэн шийдвэрлэх нь үү түүгээр асуудлаа шийдүүлье гэдэг байр сууриа илэрхийлсэн гэж ойлгосон. Ер нь бол бид энэ асуудалд хандахдаа хэд хэдэн чиглэлд гол анхаарах ёстой гэж харж байгаа. Нэгдүгээрт, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна. “Монголд хариуцлагагүйн зуд болж байна, хариуцлага тооцогдохгүй байна. Тийм учраас хариуцлага алдаж байгаа бол тодорхой хэмжээнд хариуцлага тооцдог байгаач” гэсэн их хэмжээний хүсэлт ард иргэдээс ирж байгаа. Хоёрдугаарт, энэ үйл явдалтай холбоотойгоор эрх зүйн болон зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг тодорхойлж тэр чиглэлээр ажиллах ёстой.
#3 ОБЕГ-ЫН ДАРГА Т.БАДРАЛЫН ХЭРЭГ ХААГДАХ УУ?
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оноос Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн билээ. Энэ хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газар /СХҮГ/-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” компанийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татан шалгасан юм.
Шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 17 тендерийг хууль бусаар явуулснаас наймынх нь үйлдэл тогтоогдсон гэх ба ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” компанийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан, ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааж бариулсан, ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар батлагдсан байдаг.
#4 SOS: ГАРЦААР ГАРЧ ЯВСАН ОХИНЫГ ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
Гарцаар гарч явсан охиныг дайрч, амь насыг нь хохироосон ноцтой осол өнөөдөр /2019.11.06/ 13:00 цагийн үед гарлаа. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд осол гарсан ба хурд хэтрүүлсэн “Приус 30” маркийн автомашины жолооч, 30 орчим насны эрэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охиныг дайрч, амь насыг нь хохироожээ. Замын цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна. Эхний байдлаар жолоочоос мэдүүлэг авсан ба жолооч хөнгөн гэмтэл авсан талаар манай сэтгүүлч мэдээллээ. Сурагчдын хичээл эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна
#5 КАЗИНО ТОГЛОСОН ГЕГ-ЫН ДЭД ДАРГА, МИАТ-ИЙН АЖИЛТНЫГ ЧӨЛӨӨЛНӨ
Засгийн газарт төрийн албан хаагчид гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглосон тухай мэдээлэл олон удаа ирсэн байна. Эдгээрээс хоёр мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь батлагдсан байна. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглосон нь холбогдох баримтаар нотлогдсон тул ажлаас чөлөөлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын албаны дарга З.Мэндсайхан нарт даалгажээ. Мөн ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )