Нобел ба Монгол цуврал | Эрх баригчдын  мэдлийг эцэг хуулиар хумих боломж бий

2019 оны 11 сарын 06

Сонгуулийн жилийн төсвийг сахилга баттай байхыг шаардах нь, улстөрчдийн тооцсон тоог тойрч хэлэлцэх нь улс төр, эдийн засгийн ийм орчинд  хайран цаг зав, энерги үрсэн явдал болно гэсэн утгатай зүйлийг эдийн засагч Р.Амаржаргал хэлсэн байсан. Түүнийхээр бол олныг санаатай төөрөгдүүлсэн хулхи, хуйвалдааны төсвөөс  ихийг хүлээх хэрэггүй аж. Ер нь бол тийм гэдгийг бид өөрсдийнхөө хандлагаас бэлхнээ харж, ойлгож болно. Түүхэнд байгаагүй өндөр хэмжээний орлого, зарлага тооцоод оруулаад ирчихлээ гээд байхад л нийгмийн олонх нь “сонгуулийн жилийн төсөв” шүү дээ гээд л хүлээн зөвшөөрч, хүлцдэг болчихсон. Тэгвэл эдийн засгийн шинжлэх ухааны салбарт улстөрчдийн энэхүү авир, үйлдлийг судалж, онолын хэмжээнд тодорхойлсон бүтээл 1962 онд анх хэвлэгдэж байж. Харин Нобелийн академи 1986 онд тэрхүү бүтээлд шагнал олгосон түүхтэй. Манай сонин  Нобелийн шагнал хүртсэн бүтээл болоод Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг холбон харсан “Нобел ба Монгол цуврал”-ын ээлжит бичвэрээ  уншигч танд хүргэж байна.

Сануулахад, өмнөх нийтлэл “Нийтийн өмчийг хэрхэн засаглах вэ?” гэдэг асуудлыг хөндсөн билээ. Нобелийн Эдийн засгийн салбарын шагнал гэхээр иргэдийн хувьд энгийн амьдралаас хол хөндий байдлаар хүлээж авдаг байж магад. Тэгвэл бодит байдал дээр эсрэгээрээ. Иргэн бүрийн өдөр тутмын амьдралтай үргэлж хамт байдаг эдийн засгийн ухааныг урагшлуулсан бүтээлүүд шалгардаг. 2019 оны Нобелийн эдийн засгийн шагнал  ядуурлыг бууруулах бодит боломжийг эрэлхийлэхдээ, Монгол Улсыг нэг судлагдахуунаа болгосон судлаачдад очсон бол 2009 оных нь шагнал “Нөөц баялгийн удирдлага, нийтийн нөөцийн удирдлага”-ыг судалсан Элинор Остромынх болсон байдаг. Остромын судалгаа бол яг өнөөдөр манай улстөрчдийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой.

Тэгвэл эхэнд дурдсан 33 жилийн өмнөх Нобелийн шагналыг хүртсэн “Нийтийн сонголтын онол”-ыг мөн л бидний өнөөдөр ярьж буй Төсөв, Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбон харж, авч үзэж болох юм. Чухам яагаад  гэдгийг тодруулахын тулд  Нобелийн шагналт Бьюкенен Жеймс Макгиллын бүтээлд анхаарал хандуулах хэрэгтэй.


 

УЛСТӨРЧДИЙН ЗОРГООРОО ҮЙЛДЛИЙГ ХАЗААРЛАХ ОНОЛ

Улстөрчид сонгуульд ялахын тулд бараг л сар руу нисгэхээс бусдыг амладаг. Харин ялсан улстөрчдөд дараагийн сонгууль хүртэлх хугацаанд өөрийнх нь л эрх ашиг чухал байдаг. Тэгвэл Бьюкенен  төрийн өндөр албан тушаалтнууд, эрх мэдэл бүхий улстөрчид шийдвэр хэрхэн гаргадгийг улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн ухааны мэдлэгийг хавсарган тайлбарлажээ. Тэрбээр улстөрчид, бюрократууд нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаггүй. Улстөрчид яг л хувийн хэвшлийнхний  адил өөрийн ашиг сонирхлын төлөө зүтгэдэг гэдгийг “Нийтийн сонголтын онол”-оороо тайлбарласан байна. Түүний онол, судалгааны бүтээл нь,  улс төрийн процесс, хүний араншин, чөлөөт зах зээлийн талаарх өнцгүүд нь улстөрчдийн сонирхлыг илүү сайн ойлгох, тэдний улс төрийн шийдвэрийн үр дүнг илүү ончтой таамаглах бололцоог бий болгосон гэж үзэж болно.

Нөгөө талаас энэ нь улстөрчдийн шийдвэрийн үр дүн нийгэмд илүү тустай, өгөөжтэй байх боломжийг эрэлхийлэх шаардлагатайг харуулсан. Улстөрчид, эрх баригчид ээлжит сонгуулийн өмнө сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлсэн нэр зүүхийн тулд эдийн засгийн нарийн тооцоололгүй, эргээд эрсдэл үүсгэх хэт үрэлгэн төсөв батлах, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргадаг. Тэгэхээр улстөрчдийн ийм үйлдлийг хуулийн хүрээнд хязгаарлах, зохицуулалт хийж болно. Тухайлбал, Төсвийн зардлыг хэтрүүлэхгүй байх, алдагдлыг бууруулах, татварын дарамтыг багасгах зэргээр нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд тухайлсан заалтыг Үндсэн хуульдаа тусгах, суурь бичиг баримтаараа хуульчлан батал­гаажуулах байдлаар зохицуулах боломжтойг Бьюкенен, Таллок нар 1962 онд хамтран хэвлүүлсэн бүтээлдээ онцолсон байгаа юм.


ТӨСӨВ ТОГЛООМ БИШ

Энэ бол өнөөдөр Монголд тулгамдсан асуудал мөнөөс мөн. Төсвийн тухай сэдвээр хэчнээн яриад, бичээд эрх баригчид түүнээс үл хамааран шийдвэр гаргахаар нөхцөл байдал ноёрхож буй ч төсөв бол тоглоом биш, нийтэд илүү өгөөж хүртээх гол хэрэгсэл гэдгийг хаа хаанаа сэхээрч харах ёстой. Түүнчлэн улстөрчдийн тоглоомын төсвийг эрүүлжүүлэхийн тулд улс төрчдийн эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуульдаа хэрхэн яаж тусгах вэ гэдэг асуудал өнөөдөр анхаарал татаж байна. Энэ сарын 15-ны дотор Улсын төсвийг хууль тогтоогчид батлах ёстой. 12 их наядын орлого, 14 их наяд шүргэсэн зарлагатай байхаар тооцсон том төсвийг 75 гишүүн хуульчлан батална. Бүгд л өөрийн тойрогтоо илүү хэдэн төгрөг хуваарилж авах гэж үхэлдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэр нь онол, практикийн түвшинд хэдийнэ нотлогдсон зүйл. Төсөвтэй зэрэгцэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг мөн хийгдэнэ. Гэхдээ Үндсэн хуульд эдийн засгийн агуулга бүхий өөрчлөлт оруулах боллоо гэхэд  ирэх 2020 оны төсөвт бол хамаарахгүй л дээ.

Сангийн сайд төсвийг тодотгох­гүй гэж мэдэгдэж буй ч хуульчлан батлахдаа л алдагдлыг нь хоёр их наяд төгрөгт шүргүүлчихээр ёстой ямар нүүрээрээ дахиад тодотгоно гээд сууж байхав дээ. Төсөв батлах, татвар тогтоох, мөнгөний бодлого тодорхойлох зэрэг санхүүгийн олон үйл явцыг гардаж буй улс төрчдийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуулийн түвшинд тогтоох  тухай Бьюкенений онол энд яригдаж таарч байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шигшигдэж үлдсэн асууд­луудыг тодотгохдоо “Гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлахаар  тусгасан. Засгийн газрын мэдүүлсэн төсвийн төслийг орлого, зарлагын хувьд бүтцийн өөрчлөлт хийж болно. Гэхдээ төсвийн алдагдал, төсвийн зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалт орсон” гэж байсан. Түүний хэлж яриад буй энэ өөрчлөлтийг заалт хэлбэрээр нь харвал:

“Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх гэсэн чиглэлд: Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах.

Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт байгаа юм.

Энэ нь нэг талаас засагтаа илүү мэдэл өгч байж болох ч нөгөө талаас өөрийн тойрог бүрдээ мөнгө авах гэж зүтгэдэг олон арван гишүүний нөлөөллийг хумьсан зохицуулалт байж болохоор харагдаж байна. Өчигдрийн, өнөөдрийн нөхцөл байдлаас харахад улстөрчдийн эдийн засгийн эрх мэдлийг хумих, хяналт тавих шаардлага  угаасаа бий. Мөн тэднээс  хуулийг мөрддөг, хэрэгжүүлдэг байх ёс зүйг шаардах эрх олон нийтэд бий гэдгийг сануулъя. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top