Энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагнал авсан гурван хүний хоёрт нь Монгол Улс “тусалжээ”. Тусалжээ гэдэг нь Нобелийн хороог шахаад энэ хүнд өг гэсэнгүй. Улсынхаа нэр нүүрээр ч гуйсангүй. Угтаа Нобелийн эдийн засгийн шагнал авсан нэг гэр бүлийн хоёр Монгол Улсын ядуурлыг судалсан болохоор тэр. Байгаль эхээс заяасан асар их баялагтай гэж цээжээ дэлдэн эрдэж байх хооронд Эстер Дуфло, Абхижит Бахерже нар Монгол Улсын ядуурлыг судалж байлаа. Энэ цаг хугацаа бол 2010 оны эхэн үе билээ.
Судлагдахуун болсон Монгол
Монгол Улсын хувьд 2010 он бол дараагийн есөн жилийнхээс ядуурлын түвшин хамгийн өндөр түвшинд хүрсэн он байлаа. Энэ цаг үетэй давхцан ирээдүйн Нобелийн шагналтнууд маань Монгол руу хараагаа бэлчээж эхэлжээ. Хэдийгээр олон улсын шинжээчид уул уурхайн асар их баялаг, Засгийн газрын бодлоготой энэ бүхнийг уялдуулдаг ч гадаад зах зээлийн чичиргээн Монголд хаялгаа нааж байсныг бид ойлгох хараахан болоогүй байна. Монгол Улсын ядуурлын чиг хандлага дэлхийн бусад улстай адилхан. Монгол муу байж болох ч дэлхийн гадна байхгүй болохоор хандлага нь ижилхэн байх нь нотлох албагүй үнэн юм. Хот суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал их. Өнгөрсөн жилийн судалгаагаар хөдөөд ядуурлын түвшин 35 хувьтай байсан бол Улаанбаатар хотод 29.3 хувьтай байсан юм. Дуфло, Бахерже нар Монгол Улсыг сонгож аваад судалж байх тэр мөчид буюу одоогоос есөн жилийн өмнө Улаанбаатар хотод амьдарч буй нийт хүн амын 44.8 хувь нь ядуу байлаа.
Монгол Улсын ядуурлын шалтгаан үндсэндээ тодорхой. Ядуурлыг бууруулах цогц бодлого, төрийн залгамж халаа дутмаг. Дээрээс нь дөрөв, дөрвөн жилээр сонгуулийн интервалаар нийгмийн бодлогоо залдаг учраас мөчлөг дагасан хямрал, түүнийгээ дагасан ядууралтай. Хүн амын хамгийн ядуу хэсэгт чиглэсэн нийгмийн бодлого гэхээсээ хавтгайруулсан халамжийн тогтолцоотой. Монгол орны хамгийн алслагдсан хэсэгт ч, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд ч дэд бүтцийн тогтолцоо дутмаг байдаг нь ядуурлын хамгийн гол зангилаа болжээ. Тухайн үед гаднын судлаачид амьжиргааны түвшин хэлбэлзэхээс сэргэмжлэхийн тулд бизнес эрхлэх боломж бий болгох, ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн эх үүсвэр бий болгох хэрэгтэй гэж сануулж байлаа.
“Монгол Улсын хувьд хүн амын бүлгийн шинж чанарт суурилсан нийгмийн бодлоготой. Эдийн засгийн ашигтай, ядуурлыг бууруулах арга зам бол хүн амын хөрөнгө мөнгөний чадал, нийгмийн бодит хэрэгцээнд нь тулгуурласан нийгмийн бодлоготой байх ёстой” гэж Нобелийн шагналт эдийн засагч Абхижит Бахерже ярьжээ.
Нобелийн шагналтнууд маань тодорхойлохдоо улс төрчид ядууралд нь акцент өгдөг мөртөө, ядуурлын шалтгаан, хүн амыг нь тоож хардаггүй гэж биднийг дүгнэжээ. Олон улсын байгууллагуудын санхүүжилт, уул уурхайн салбараас хамаарсан эдийн засагтай учраас төсвийн сахилга батыг сахиж ядуурлыг бууруулах үе шаттай арга хэмжээ авах ёстой гэж дүгнэсэн. Ингэхдээ хавтгайрсан халамжийн бодлого боловсруулж, сонгууль бүрийн урьтал жилд мөнгө тараадаг байдлаа зогсоохыг ч хатуу анхааруулжээ. Монгол Улс жил бүр ажлын байрыг нэмэгдүүлж буй мэт харагдаж байгаа ч зөвхөн уул уурхайн салбарын ажлын байр түлхүү тул хүн амыг жигд хамарсан ажлын байр байдаггүй гэж тэд бас дүгнэсэн. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тухайд хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бусад салбарт ажлын байрын тоог нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн юм.
“Монгол Улс эдийн засгийн салбар бүрээ бодлогоор нэмэгдүүлэх ёстой. Эхний арван жил энэ гурван салбараа уялдуулна, үүндээ зориулж мэргэжилтэн бэлтгэнэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй. Салбар бүрийг олон жилийн хугацаанд жигд хөгжүүлэхгүй бол эдийн засгийн ямар нэгэн хямрал тохиолоо гэхэд амьжиргааны түвшний хэт хэлбэлзэл бий болохгүй энэ хэрээр эдийн засаг бүхэлдээ ганхахгүй байх сайн талтай” гэж Нобелийн шагналт эдийн засагч Эстер Дуфло ярьжээ.
Нобел хүртсэн эрдэмтэд нэгэн аравны өмнө ингэж анхааруулж байсан ч үгийг нь тоосонгүй, ажил хэрэг болгосонгүй. Сонгуульд оноо авахын тулд нийгмийн халамжаа хавтгайруулж, эдийн засгийн салбар бүрээ хөгжүүлэхгүй байсаар өдийтэй золгожээ. Тэд зөвлөгөө өгснөөс хойш хоёр удаа сонгууль болоход бид саарал жагсаалтаас гарч нэг орж нэг, зээл тусламж авч, авсныхаа дараа Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсаар өнөө цагтай золгоод байна. Харин зөвлөгөө өгсөн эдийн засагчдыг дэлхий нийт анхааран үзэж, ядуурлыг бууруулах шалтгаан, үр дагавар, даван туулах арга замыг боловсруулсных нь төлөө Нобелийн хүндтэй шагнал хүртэл өгчээ.
Шидийг үзүүлсэн судлаачид
Энэтхэгийн алдарт Жавхарлал Неругийн их сургууль хожмоо Харвардын их сургуулийг төгссөн Абхижит Бахерже бол өнөө цагийн эдийн засгийн онцлох нэгэн дүр юм. Ядуурлын судалгаагаа аль 1998 оны сүүлээс эхэлжээ. Энэтхэгт төрсөн тэрээр ядуурал гэдгийг асар ихээр мэдэрч өссөн нэгэн. Тийм ч учраас эдийн засгийн ухаанаа ядуурлыг бууруулахад зориулахаар шийджээ. Магадгүй ихэнх эдийн засагчид ядуурлыг бус тоо, эдийн засгийн өөдрөг тал руу харуулж байтал тэс өөр хүн огт өөр өнцөг рүү “гар чийдэнгээ” тусгасан нь ядуурал байлаа. Харвардын их сургуульд суралцахаар ирэхдээ тэрээр аль хэдийнээ судалгаагаа эхлүүлчхээд байж. Энэтхэгийн хамгийн ядуу гэгдэх Хидерабад хотоос Нобелийн шагнал хүртэх алдарт судалгаа эхэлсэн юм. Хүн амын амьжиргааны түвшнээс хэд дахин доогуур амьдралтай нэн ядуу гэх ангилалд багтах 100 гаруй сая хүн, уух ус, идэх хоолгүй хөрс, усны бохирдол хамгийн өндөртэй бүс нутагт амьдардаг байж. Бахерже судалгаагаа эхлүүлсний дараа нэгэн зүйл тодорхой болов. Энэтхэгийн Засаг захираа Хидерабад хотын ядууралд анхаарсан ч ядуурлын суурь шалтгаан, хүмүүсийг огт авч хэлэлцээгүй байна. Жил бүр халамж нэрээр мөнгө тараадаг ч эдийн засгийн мэдлэггүй, тэртээ тэргүй өлмөн зэлмүүн амьдарч байгаа иргэдэд тэр нь нэг л өдрийн хангалт болоод хоцордог байжээ. Ажлын байр бүү хэл дундаас доогуур ангилалд хамаарах дэлгүүр, үйлчилгээний газрууд энэ хотод байсангүй. Худалдан авах боломж тэр бүр хангагдаагүй энэ газарт чухамдаа ямар ч бизнесмен ирэхгүй нь тодорхой.
“Ядуу байх нь тухайн хүний сонголт биш. Ямар ч байсан Энэтхэгт л тийм биш. Тиймээс төв Засгийн газрын зөв бодлого чухал байсан. Магадгүй ядуу байх нь хувь заяа гээд тоохгүй өнгөрөх бус ядуурлын цаад шалтгааныг олох нь өдгөө Энэтхэгт ус агаар мэт хэрэгтэй” гэж Нобелийн шагналт эдийн засагч Абхижит Бахерже ярьжээ.
Хидерабад хотоос эхэлсэн судалгаагаа Харвардад очоод үргэлжлүүлэхээр болсон байна. Харвардад байхдаа судалгааны ажлаа ядуурал руу чиглүүлж улмаар Этиопыг дараагийн судлагдахуунаараа сонгожээ. Уул уурхай дагасан эдийн засагтай, байгалийн асар их нөөцтэй том гүрнүүдийн тоглоомын талбар болсоор байсан энэ улсын ядуурлын гол шалтгаан нь авлига байсан гэдэг. Төрийн дээд, дунд, доод бүхий л шатанд мөнгөгүй л бол ажил явахгүй, асуудал шийдэгдэхгүй байсан учраас төрийн ажилтнуудад улс орноо хөгжүүлэх асар их мөнгө хувийн тансаглал болон угаадас руу шидэгдсээр байж. Авлига хүнд суртал асар их, хүн амын талаас илүү хувь нь бичиг үсэг болон ерөнхий боловсрол муу байгаа нь ядуурлын уг суурь байсан гэдэг. Боловсролгүй, мэдлэггүй хүмүүсийг яаж ч мунхруулж болно гэсэн бодлого тус улсад бараг 30 гаруй жил үйлчилжээ.
Төрөлх эх орон, Африкийн хамгийн судлагдаагүй эдийн засаг Этиопыг судалсан Бахерже 2008 онд гэр бүл болох Эстер Дулфотой танилцаж хамтран судалгаа хийх болсон юм. Босни Герцеговен, Марокко, Мексик Улсад сүүлийн хэдэн жил судалгаа хийсэн тэд Монгол Улсыг ч мөн адил хамтдаа судалсан билээ. Тэдний судалгаа эцэстээ нэг л цэг рүү хөтөлсөн юм. Буурай хөгжилтэй, хөгжиж буй улс гүрнүүд эдийн засгаа хөгжүүлэхэд макро эдийн засгийн тоонд анхаараад микро түвшиндээ анхааралгүй орхигдуулдаг аж. Ядуурал бууруулахын тулд ядууралд л анхаарал хандуулахаас цаад шалтгаан, ард иргэдийн бодит нөхцөл байдлаа тоолгүй өнгөрч байдаг аж. Тэд эдийн засагчдыг, бодлого боловсруулагчдыг ядуурлын шалтгаан руу, хүн амын амьдарч буй нөхцөл байдал руу анхаарал хандуулахыг сануулснаараа хамгийн их гавьяатай гэж үзэж болох юм.
Өдгөө дэлхий даяар ядуурлын улмаас гурван жил тутамд таван сая хүүхэд таван наснаасаа өмнө өөд болж байгаа гэх харуусал төрөм судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага боловсруулжээ. Сайн эдийн засагтай улс гэдэг нь орчин цагт зузаан түрийвчтэй байхыг хэлэхгүй аж. Байгаа мөнгөө хэрхэн зөв зарцуулж, ядууралтай хэрхэн тэмцэж байгаагаар нь сайн эдийн засгийг тооцоолдог болжээ. Сайн эдийн засагтай байхын тулд бодлогоо зөв тодорхойлж яг байнд нь тусгах ёстой болно. Байнд нь тусгахын тулд боловсролтой, мэдрэмжтэй, сэтгэлтэй улстөрчид, шат, шатны боловсон хүчин хэрэгтэй аж. Энэ нь явж, явж аливаа нэг улс гүрний төрийн хар хайрцгийн бодлого байдаг ажээ.
“Бид том тоонд биш жижиг баримтад анхаарлаа хандуулах ёстой. Жижиг баримтад анхаарлаа хандуулахын тулд тэртээ тэргүй том тоотой зууралдах шаардлагатай болно. Ядуурлыг бууруулна гэдэг нь халамжлаад бай гэсэн үг биш. Ядуу байлгахгүй тулд ажиллах, амьдрах боломжоор нь хангах ёстой. Эдийн засаг гэдэг нь хамгийн ядуу бүх хүнийг оролцуулаад бүгдэд хамааралтай ойлголт” гэж Нобелийн шагналт эдийн засаг Эстер Дуфло ярьжээ.
* * *
Нобелийн шагналтнууд Монголыг оролцуулаад дэлхийн найман улсын ядуурлын түвшнийг судалж, ядуурлын шалтгаан, хэрхэн даван туулах, эдийн засгийн бодлого ямар байхыг тодорхойлсон. Тэд ядуурал нэмэгдэж байгааг эдийн засгийн суурь бодлого буруу байгаагийн шалтгаан гэж үзсэн. Тиймээс ядууралтай тэмцэж байна гэдэг нь мөнгөндөө байна гэж бодох бус амьдрах орчин, ажиллах боломжтой холбоотой ойлголт аж. Ядуурлыг бууруулахын тулд эдийн засгийн бүхий л салбарт боловсон хүчний бодлогыг жигд хэрэгжүүлэх шаардлагатай. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйгаар дамжуулан ядуурлыг бууруулах цогц ойлголтыг мөн тэд бий болгосон юм. Эрүүл, боловсролтой, идэх хоолтой байхад ядуурал аажимдаа буухыг, эрүүл, боловсролтой, идэх хоолтой байлгахын тулд улс орон бүр хөгжлөө тодорхойлох ёстой гэдгийг тэд дэлхий нийтэд таниулсаар байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )