#1 “ОЮУ ТОЛГОЙ”-Н ДАЛД УУРХАЙН ЗАРДЛЫГ РИО ТИНТО САНААТАЙГААР НЭМСЭН ҮҮ?
“Оюу Толгой”. Хэтдээ дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох өөдрөг тэмүүлэлтэй мега төсөл. Гэвч энэ мега төслийг нөмрөх сүүдэр нь ч бас мега аж. Далд уурхайн зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь Рио Тинтогийн заль байсан гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Үүнийг бичихээс яг гурав хоногийн өмнө Австралийн санхүү, эдийн засгийн “Financial Review” сонин “Оюу Толгой” төслийн далд уурхайн зардал үндэслэлгүйгээр нэмэгдсэн, компанийн ажилтныг үндэслэлгүйгээр халсан тухай ноцтой баримтууд дэлгэж шуугиан дэгдээсэн юм.
Чухам хэн гэдэг нөхөр үнэнийг илчилж орхив оо гэж эрхэм уншигч та бодож байна уу? Хувь заяаны шоглоомоор том хөрөнгө оруулагчийн экс ажилтан илчилж орхив. Их Британийн Ажил олгогчдын зөвлөлд өгсөн Рио Тинто компанийн экс ажилтны өргөдлөөс энэ бүхэн эхтэй. Рио Тинтод ерөнхий менежерийн алба хашдаг байсан энэ хүн Оюутолгойн гүний уурхайн зардал, ашиглалтад орох хугацааг үнэн зөв тооцоолсныхоо төлөө ийнхүү ажлаасаа халагджээ.
“Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх сураг гарч байсан 2018 он руу цаг хугацааны хүрдийг буцаая. Нэрээ нууцлан байж Австралийн сонинд хандсан энэ хүн Рио Тинто компанид Ерөнхий менежерийн алба хашиж байхдаа буюу 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.
#2 СУРВАЛЖИЛГА: ҮҮРИЙН 06.30 ЦАГААС ЭХНИЙ "ХҮҮХДИЙН АВТОБУС" ХӨДӨЛЛӨӨ
“Чингис хаан” нисэх онгоцны буудлын замын эсрэг талын “Буянт Ухаа I” хорооллын автобусны буудлаас “Сутайн буянт” компанийн С:9 чиглэлийн автобус үүрийн 06.30 цагаас хөдөллөө. Нийт найман хүүхдийг ойролцоох буудлуудаас тээвэрлээд Таван богдын буудал дээр 75 дугаар сургуулийн сурагчдыг, Механик инженерийн сургуулийн буудал дээр 18 дугаар сургуулийн сурагчдыг, Жаргалант төвийн буудал дээр 15 дугаар сургууль, Дунд голын нэгдүгээр буудал дээр 52 дугаар сургуулийн сурагчдыг, сургуулийн сурагчдыг буулгасан юм. Хүүхдүүдийг хичээл орохоос өмнө буюу өглөөний 08.00 цагаас өмнө сургууль дээр хүргэж өгөх байсан боловч 08.17 минутад сүүлийн сургууль дээр сурагчдыг хүлээлгэж өглөө.
Сурагчдыг сүүлийн сургууль болох 52 дугаар сургуулийн захирал, нийгмийн ажилтан тосож авсан бөгөөд нийслэлийн Нийтийн тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар, сургуулийн нийгмийн ажилтан, автобус компаниас хяналтын ажилтнууд эхлэх цэгээс зогсох цэг хүртэлх нөхцөл байдлыг ажиглаж хамт явсан юм.
#3 ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛИЙГ БАГШ НЬ ЗАРЛАЖ БОЛДОГ ЮМ УУ!
Охин маань нэг өдөр цэцэрлэгийн найздаа шоглуулсан байлаа. Нүүрэн дээр дээр нь багахан сорви, улаан туяа харагдав. Багш нь ийм зүйл болсонд уучлал гуйгаад, “алдаа гаргасан” нөхрийг харин надаас тас нуулаа.
Дараагийн нэг өдөр эсрэгээрээ манай охин өөр нэг найзаасаа “хариугаа авсан” байв. Хацар нь үл ялиг улайсан охиныг цэцэрлэгийн эрхлэгч надад сэмээрхэн зааж өгөөд, “Охиндоо дахиж ингэж болохгүйг нь сайн сургаж хэлээрэй” гээд аав, ээжээс нь уучлал гуйснаа хэллээ. Намайг ч бас тэдэнтэй хүүхдээс тусдаа уулзаарай гэв. Бага насны хүүхэдтэй аав, ээжүүд нэг бус удаа ийм зүйлтэй нүүр тулах нь бий. Хэдий хийсэн үйлдэл нь буруу ч гэлээ хүүхдийн нас, эрх, ухамсар талаасаа тэднийг томчууд хамгаалах ёстой. Яг манай охины багш шиг гэж гэж хэлмээр байна. Магадгүй, “Танай хүүхдүүдийг тэр хүүхэд чимхээд” гэж багш эцэг, эхэд нь хэллээ гэж бодоход дараагийн удаа өөрийнх нь хүүхдийг өдсөн нөгөө хүүхдийг загнаж, зэмлэх, тээршаах ямар ч харилцаа үүсэхийг мэдэхгүй. Тиймээс ухамсартай багш хүн учир мэдэхгүй бяцхан хүүхдүүдээ ингэж хайрлаж, хамгаалж, хүмүүжүүлдэг. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдийг бие эрхтэн, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхах хандлага боловсролын байгууллагаас, тэр тусмаа багш нараас гарах болсонд харамсал төрөх боллоо.
Хөгжлийн бэрхшээл, оюуны бэрхшээл, харилцааны эмгэг, хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдийг гадуурхаж, сургуульдаа сургахаас татгалзсан тохиолдол намраас хойш нэг бус удаа гарлаа.
#4 БИДНИЙ НЭГ | ЦЭРЭГТ ХҮН БАЙХЫГ ОЙЛГОЖ, АЖИЛ ДЭЭР АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ УХААРСАН
Улаанбаатарт цас орж, жинхэнээсээ өвөл боллоо. Ийм л үед бид өглөөг халуун кофетой эхлүүлмээр санагддаг. Энэ хотын хаа нэгтээ өглөө бүр танд амтат, халуун кофе бэлтгэж өгөх найрсаг хэн нэгэн бий гээд төсөөл дөө. Дулаахан санагдаж байгаа биз. Саяхан “Zoma” рестораны цахим хуудсан дээр нэгэн хүүгийн тухай хэн бүхний анхаарал татам сэтгэлийн үгс нийтлэгдсэнийг уншаад, зорьж очин танилцсан юм. Түүнийг П.Мөнхтөгс гэдэг. Тэр дөнгөж 20 настай. Саяхан цэргийн албаа амжилттай хаасан хал цэрэг. Цэрэгт байхдаа өглөө бүр 05.00 цагт босдог байсан учир эрт босох нь түүний хувьд тийм ч хэцүү зүйл биш. Тиймээс ч хүүд 07.00 цагт ажлаа эхлүүлж, үйлчлүүлэгчдэд халуун кофе барих нь таалагддаг. Бусдын амьдралд хөг нэмсэн эгэл жирийн, энгийн даруухан хувь ертөнцүүдийг олж, онцолдог “Бидний нэг” булангийн энэ удаагийн зочноо танилцуулъя.
-Эхлээд манай уншигчдад ажилд орсон түүхээ хуваалцахгүй юу. Танилцъя?
-Би цэргийн албанаас халагдаад сар гаруй л болж байна. Халагдаж ирээд ажил хийхийн хажуугаар англи хэлний шалгалтдаа бэлтгэхээр төлөвлөж байтал “Zoma” рестораны захирал ахтай тааралдаж, ресторандаа ажиллахыг санал болгосон. Ажилдаа ороод 20-иод байна. Миний хийж байгаа анхны ажил учир орчин, хамт олон гээд бүх зүйл нь халуун дулаан, сайхан санагдсан. Цэрэгт байхдаа 05.00 цагт босдог учир эрт сэрээд дасал болчихсон. Одоо бол өглөө 06.00 цагт босоод ажилдаа ирэхэд яг таардаг. Бас манай захирал англи хэлэндээ сайн учир надад маш сонирхолтой байдаг. Бид хоёр анх англи хэлний сургалт дээр танилцаж байсан юм.
-Цэрэгт явахаасаа өмнө их, дээд сургуульд сурч байсан уу?
-Би арван жилээ төгсөөд “Royal” академид Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж байгаад гарчихсан юм. Англи хэлний IELTS-н шалгалт өгч, гадаадын их сургуульд тэтгэлэг авч суралцъя гэж төлөвлөөд, хэлний сургалтад сууж байсан ч цэргийн зарлан дуудах хуудас ирэхээр нь явахаар шийдсэн. Тэнцэхгүй байх гэж бодсон ч тэнцчихсэн. Нэгэнт тэнцсэн юм чинь шууд явъя л гэж бодсон.
#5 ДҮГНЭЛТ | MONGOLIAN GROOM-Г УРАЛДУУЛАХ ЁСГҮЙ БАЙСАН
Монголын нэрийг дэлхийн хурдан морины ертөнцөд таниулсан Mongolian Groom хурдан хүлгийн үхлийн шалтгааныг тогтоох хөндлөнгийн ажлын хэсгийн малын эмч нар "Тухайн өдөр уралдуулахгүй байх ёстой байсан" гэж дүгнэжээ. Малын эмч нарт уяан дээрх хэд хэдэн богино хэмжээний бичлэг ирсэн бөгөөд уг бичлэг дээр арын хөлдөө эмзэглэж буй дүр зураг үлджээ. “Надад маш богино бичлэг ирсэн. Үүнээс харахад хойд хөлдөө эмзэглэж байгаа нь анзаарагдахаар байсан. Илт илэрхий байхад чухам яаж уралдсан юм бэ гэж бодогдсон. Хэд гишгүүлэхэд л хойд хөл нь “хэцүү” харагдаж байсан. Миний бодоход халаалт авахаас өмнө нь юм уу дараа нь л арын хөл нь бэртсэн байх. Мэдэхгүй юм даа” гэж Кентаки морин уралдааны зөвлөлийн адууны эмчилгээний газрын дарга асан, доктор Мэри Сколлей ярьжээ.
Энэ сарын 02-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотод болсон Breeders Cup-н ээлжит уралдааны үеэр Mongolian Groom-ын зүүн хойд хөл булчингийн агшилтаас илт гэмтэж, улмаар эмч нарын дүгнэлтээр унтуулах тариа хийсэн юм. Нийт 30 гаруй эмчийн дүгнэлтээр хурдан буяныг унтуулсан нь энэ уралдааны нэг том сүүдэр болсон билээ. Болсон явдлын дараа уяач Э.Ганбат үзэгчдээс уучлал эрсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )