БИДНИЙ НЭГ | Цэрэгт хүн байхыг ойлгож, ажил дээр амьдралын үнэ цэнийг ухаарсан

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Улаанбаатарт цас орж, жинхэнээсээ өвөл боллоо. Ийм л үед бид өглөөг халуун кофетой эхлүүлмээр санагддаг. Энэ хотын хаа нэгтээ өглөө бүр танд амтат, халуун кофе бэлтгэж өгөх найрсаг хэн нэгэн бий гээд төсөөл дөө. Дулаахан санагдаж байгаа биз. Саяхан “Zoma” рестораны цахим хуудсан дээр нэгэн хүүгийн тухай хэн бүхний анхаарал татам сэтгэлийн үгс нийтлэгдсэнийг уншаад, зорьж очин танилцсан юм. Түүнийг П.Мөнхтөгс гэдэг. Тэр дөнгөж 20 настай. Саяхан цэргийн албаа амжилттай хаасан хал цэрэг. Цэрэгт байхдаа өглөө бүр 05.00 цагт босдог байсан учир эрт босох нь түүний хувьд тийм ч хэцүү зүйл биш. Тиймээс ч хүүд 07.00 цагт ажлаа эхлүүлж, үйлчлүүлэгчдэд халуун кофе барих нь таалагддаг. Бусдын амьдралд хөг нэмсэн эгэл жирийн, энгийн даруухан хувь ертөнцүүдийг олж, онцолдог “Бидний нэг” булангийн энэ удаагийн зочноо танилцуулъя.


-Эхлээд манай уншигчдад ажилд орсон түүхээ хуваалцахгүй юу. Танилцъя?

-Би цэргийн албанаас халагдаад сар гаруй л болж байна. Халагдаж ирээд ажил хийхийн хажуугаар англи хэлний шалгалтдаа бэлтгэхээр төлөвлөж байтал “Zoma” рестораны захирал ахтай тааралдаж, ресторандаа ажиллахыг санал болгосон. Ажилдаа ороод 20-иод байна. Миний хийж байгаа анхны ажил учир орчин, хамт олон гээд бүх зүйл нь халуун дулаан, сайхан санагдсан. Цэрэгт байхдаа 05.00 цагт босдог учир эрт сэрээд дасал болчихсон. Одоо бол өглөө 06.00 цагт босоод ажилдаа ирэхэд яг таардаг. Бас манай захирал англи хэлэндээ сайн учир надад маш сонирхолтой байдаг. Бид хоёр анх англи хэлний сургалт дээр танилцаж байсан юм.

-Цэрэгт явахаасаа өмнө их, дээд сургуульд сурч байсан уу?

-Би арван жилээ төгсөөд “Royal” академид Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж байгаад гарчихсан юм. Англи хэлний IELTS-н шалгалт өгч, гадаадын их сургуульд тэтгэлэг авч суралцъя гэж төлөвлөөд, хэлний сургалтад сууж байсан ч цэргийн зарлан дуудах хуудас ирэхээр нь явахаар шийдсэн. Тэнцэхгүй байх гэж бодсон ч тэнцчихсэн. Нэгэнт тэнцсэн юм чинь шууд явъя л гэж бодсон.

-Яагаад өөрийгөө цэрэгт тэнцэхгүй гэж бодсон гэж?

-Би ихэр л дээ. Манай ихэрт тавдугаар сард цэргийн зарлан ирсэн боловч тэнцээгүй. Харин надад аравдугаар сард зарлан ирсэн. Ер нь манай ихэр бид хоёрын бүх зүйлс адилхан байдаг болохоор яагаад ч юм тэнцэхгүй л байх гэж бодсон /Инээв/.

-Оюутан цэрэг, дүйцүүлж алба хаах гэх мэтээр заавал хугацаат цэргийн алба хаахгүй байх сонголтууд байдаг болсон. Харин чамд нэг жил цэргийн алба хаахад ямар санагдсан бэ?

-Эхний долоо хоногтоо бол хэцүү байсан. Цаашаа дасчихсан. Би хотын ойрхон байрлахБатлан хамгаалахын 02 дугаар ангид алба хаасан. Манай анги 62 цэрэгтэй. 12 нь хотынх, бусад нь орон нутгаас ирсэн байсан. Хамгийн гоё нь цэрэгт очоод би олон найзуудтай болсон. Бусдыг хүндэлж, үг дааж, ажлын ачаалал дааж сурсан. Бие, сэтгэлийн хаттай болсон гэх юм уу. Цэрэгт явахаасаа өмнө аав, ээжийгээ бага хүндэлдэг байсан юм шиг санагдсан. Цэрэгт хамгийн их эргэдэг хүмүүс нь аав, ээж хоёр л байсан. Түүнээс хойш аав, ээжийгээ илүү их хайрлах ёстойг ойлгосон. Одоо болж өгвөл өдөр бүр хайртай гэж хэлэхийг хичээдэг.  

-Цэрэгт чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

-Цэрэгт байхдаа салааныхаа цэргүүдэд долоо хоногт 10 гадаад үг цээжлүүлдэг байсан. Заримдаа ядарсан үедээ бол амжихгүй унтацгаана. Ер нь чөлөөт цагаараа ном уншиж, кино үзэх юм уу, долоо хоногтоо нэг удаа сагс, хөл бөмбөгийн талбайд тоглодог байсан.

 

ЦЭРЭГТ БАЙХДАА САЛААНЫХАА ЦЭРГҮҮДЭД ДОЛОО ХОНОГТ 10 ГАДААД ҮГ ЦЭЭЖЛҮҮЛДЭГ БАЙСАН


 

-Ихэр та хоёр айлын хэд дэх хүүхдүүд вэ?

-Би дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Том ах, эгч маань тусдаа гарсан. Дунд ах ШУТИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Ихэр бид хоёр хоёулаа сургуулиасаа гарч, гадаадад сурахаар төлөвлөж байсан юм. Намайг цэрэгт байх хойгуур ихэр ажил хийж, хажуугаар нь хэлээ сайжруулаад эхэлчихсэн байна лээ. Бид хоёр заавал зорилгоо биелүүлнэ гэж ярьдаг.

-Та хоёр англи хэл сурах сонирхолтой бололтой. Ямар мэргэжлээр суралцана гэж боддог вэ?

-Тийм. Ихэр бид хоёр арван жилд байхаасаа л англи хэлтэй холбоотой уралдаан, тэмцээн, олимпиад гээд бүгдэд нь оролцдог байсан. Би маркетинг сонирхдог. Хүн хүнтэй харилцах мэргэжилд илүү дуртай учраас маркетингийн чиглэлээр суралцана гэж төлөвлөж байгаа.

-Одоо ажилдаа хэр зүгширч байна даа?

-Манайх өглөө бүр өглөөний цай гаргадаг болохоор эрт ирж,баристадаа тусалж, кофе чанадаг. Манайхан анх ажилд орсон өдрөөс эхлээд кофе хэрхэн чанах зэрэг бариста хүний хийдэг зүйлсийг зааж өгсөн. Аль болох хурдан суралцахыг хичээж байгаа. Ер нь анх ирсэн өдрөөс л шинэ ажил маань их таалагдсан.Хүнд ажлын орчин их чухал юм байна гэдгийг ойлгож байгаа.

-Цэргийн алба хаах, ажиллах хоёрын аль нь хэцүү байна?

-Нэг их байгаагүй ээ. Цэрэгт байхад хүмүүс надтай албаны, дэг журамтай харьцдаг байсан. Ажилд ороод энгийн амьдралд ирсэн чинь хүмүүсийн харилцаа эелдэг, найрсаг болж ирсэн нь сайхан санагдсан. Замын түгжрэл, автобус өглөө, оройдоо маш их хүнтэй байдгийг ч бүр мартчихсан байна лээ. Орой гэртээ харихад л жаахан хэцүү байдаг.

-Эцэг, эхчүүдийн дунд хүүхэд нь сургуулиасаа гарах эсвэл их сургуульд орохгүй байх нь хүүхдэдээ хангалттай сайн боловсрол олгоогүй мэт буруу сэтгэгдэл төрүүлдэг юм шиг санагддаг. Харин орчин үеийнхэн залуу насаа сурахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, цагийн ажил хийх зэрэг олон зүйлд зарцуулдаг болсон. Өөрөө тэдгээр залуусын нэг төлөөлөл шиг санагдаж байна...

-Би их сургуульд сурсан ч давхар цагийн ажил хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Их сургуулийн сургалтын төлбөр өндөр, тэтгэлэг авсан ч өөрөө хэрэглээний зардлаа олох нь давуу тал болно.Зөвхөн их сургуульд сурах нь л чухал, залуу хүний хувьд хамгийн гол зүйл гэдэг ойлголт өрөөсгөл санагддаг. Мэдээж би байнга суралцаж, боловсролоо дээшлүүлэхийг боддог л доо. Гэхдээ ажил хүнд олон зүйл өгдгийг хийж үзээд л ойлгож эхэлж байна. Залуу нас гэдэг л өөрөө маш том боломж шүү дээ.

 

ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦСАН Ч ГЭСЭН ИХ ЗАРДАЛ ШААРДАХ УЧРААС МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛАХЫН ТУЛД БИДНИЙ ҮЕИЙН ЗАЛУУС АЖИЛ Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ


 

-Танай ресторан их тухтай юм аа...?

-Манай ресторан өнгөрсөн долоодугаар сард нээгдсэн. Байгальд ээлтэй, эко орчинтой, тав тухтай газар. Цэс болон салфетка гэхэд хог хаягдлыг дахин боловсруулж хийсэн байх  жишээтэй. Хамгийн гол нь найрсаг хамт олон, тав тухтай, тайван орчин бүрдүүлж чадсан нь надад маш их таалагдсан. Өдөр бүр ажилдаа ирэхэд сайхан сэтгэгдэл төрдөг. Хүмүүс ч их сэтгэл хангалуун үйлчлүүлдэг.

-Ажил хийхийн хамгийн сайхан нь юу гэж бодож байна?

-Гадаадад тэтгэлэгтэй суралцсан ч гэсэн их зардал шаардах учраас мөнгөө хуримтлуулахын тулд бидний үеийн залуус ажил л хийх хэрэгтэй. Цэргээс халагдахдаа зүгээр сууж болохгүй шүү гэдгийг маш сайн ойлгож, бодож ирсэн. Халагдаж ирэхдээ суръя гэж бодсон ч ажил хийхээр шийдсэн. Завтай байхаас илүү завгүй байх нь гоё юм билээ.

-Анхны цалингаа юунд зарцуулна гэж төлөвлөсөн бэ?

-Анхны цалингаа аав, ээждээ зориулна. Дараагийн цалингаараа англи хэлний сургалтад бүртгүүлнэ. Бас шүдний аппарат зүүе гэж бодож байна. Манай ихэр намайг цэрэгт байх хойгуур шүдний аппарат зүүчихсэн байна лээ.

-Англи хэл сурахаас гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Ном унших, ууланд алхах сонирхолтой. Зав гарах юм бол ихэртэйгээ хамт ууланд алхдаг.

-Өмнөө бодит зорилго тавиад, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж яваа шинэ үеийн залуутай ярилцахад сайхан санагдлаа. Англи хэлээ сайжруулаад, шалгалтаа амжилттай өгөөрэй. Амжилт хүсье.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m.mandahaipoland(88.156.139.147) 2021 оны 10 сарын 02

sain xuud amjilt.

0  |  0
Болоро(66.181.187.66) 2019 оны 11 сарын 17

Зорилгодоо хүрэхийг ерөөе , амжилт хүсье

0  |  0
иргэн (64.119.16.120) 2019 оны 11 сарын 16

Мундаг хүү байна.Улам их амжилт.

0  |  0
Top