СУДАЛГАА | Түгжрэл, бухимдалтай УЛААНБААТАР сүүлээсээ хоёрт жагсав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

Та, бид аз жаргалтай Улаанбаатарын иргэн гэж бодож явтал үгүй байж. Судалгаа ийм дүн харуулж байна. Их Британийн “Mister Auto” судалгаанд хамрагдсан дэлхийн 100 хотоос улсын нийслэл Улаанбаатар хот 99-д жагсав. Бэлгэдэл хөөж, тоогоор сүржигнэх дуртай нөхдөд бол энэ гоё тоо л доо. Гэхдээ л...

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хотуудаас хүн амын нягтшил, эдийн засгийн багтаамж, замын хөдөлгөөний ачаалал зэргийг нь харгалзан ази, африк, хойд болон өмнөд америк, европ, номхон далайн 100 хотыг уг судалгаанд хамруулсан байна. Дэд бүтэц, аюулгүй байдал, үнэ өртөг гэсэн ерөнхий агуулгаар 15 шалгуур үзүүлэлтээр тус хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэн дүгнэжээ. Шатахуун болон зогсоолын үнэ хөлсийг тухайн улс оронд наймдугаар сарын 12-ны байдлаар мөрдөгдөж байсан үнээр тооцож судалгаанд хамруулсан байна. Нэг ёсондоо жолоочдыг бухимдуулахгүй, таатай хотыг шалгаруулсан гэсэн үг. Манайхны хэлдгээр бол аз жаргалтай хотыг шалгаруулсан нь энэ.

Эхний гурван байрт Калгари, Оттава гэсэн Канадын хоёр ч хот, ази тивийн төлөөлөл Дубай хот багтсан байна. Дээрх гурван хотын дундаж үнэлгээ нь 100-96.60 оноогоор хэмжигдэж байсан юм. Гэтэл сүүлээсээ хоёрт орсон Улаанбаатар хотын ерөнхий үнэлгээ 20.30 оноо байв. Энэ үзүүлэлтээр Энэтхэгийн Калькут, Мумбай хотуудын дунд бичигдэж буй. Хувь заяаны шоглоомоор их гүрнүүдийн дунд бичигддэг нь энэ судалгаан дээр ч харагдсан нь энэ.

Тооны бэлгэдэл болсон 99 дүгээр байрт сүүлээсээ хоёрт бичигдсэн Улаанбаатар хотынхоо ерөнхий үнэлгээг хамтдаа тольдъё. Улаанбаатар хот нэг хүнд ногдох автомашины үзүүлэлтээр 0.62 оноо авчээ. Хэдийгээр дэлхийн дунджаас хамаагүй доогуур байгаа ч автомашины нягтрал, хүн амын тоо, Улаанбаатар хотод бүртгэлтэй хүн амын тоотой харьцуулбал хамаагүй өндөр гэж дүгнэжээ.

“Mister Auto” судалгааны дүнгээр Америк болон Хятад, Энэтхэг, Канадын авто цахим хуудас болон өөр бусад 25 мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотыг “Жолоочдын хараалыг барсан” хот гэж цоллон мэдээлсээр байна.

Авто замын ачааллаараа бид дэлхийн бусад улс орны дунджаас 10 оноогоор доогуур буюу 62.5 үнэлгээтэй байгаа бол авто замын чанараар хоёр дахин доогуур үнэлгээтэй буюу 60.6 оноо авсан байна. Харин зогсоолын төлбөр болон шатах тослох материалын үнэ өртгийн хувьд дэлхийн дунджийн орчим байгаа аж. Автомашины насжилт, ялгарч буй утааны чанар, 100 мянган хүн тутамд ногдох зам тээврийн ослын үзүүлэлтээр африк болон ази тивийн хамгийн муу таван хотуудын түвшинд байна.

Хамгийн анхаарал татах үзүүлэлт бол бензин, шатахуун хүн амын худалдан авах чадвартай нийцэж байгаа эсэх байв. Энэ үзүүлэлтээрээ бид судалгааны сүүлийн таван улсаас ч, эхний таван улсаас ч маш доогуур үнэлгээ авчээ. Хүн амын дундаж цалин, инфляцын түвшинтэй харьцуулахад худалдан авах чадвартай нийцээгүй буюу 1.0 оноо авсан байна. Авах ёстой 100 онооноос шүү!

“Mister Auto” судалгааны дүнгээр Америк болон Хятад, Энэтхэг, Канадын авто цахим хуудас болон өөр бусад 25 мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотыг “Жолоочдын хараалыг барсан” хот гэж цоллон мэдээлсээр байна. Хэдийгээр Монгол Улс авто замын чанарыг сайжруулахын тулд Хөгжлийн банкнаас хот дундуураа зам барихад зээл олгосон ч энэ жагсаалтад дээгүүрт бичигдэхэд хангалтгүй байж. Хоёр жилийн өмнөх яг ийм төрлийн судалгаагаар бид сүүлийн 20 улсын нэг байсан бол одоо бид сүүлийн таван улсын нэг болжээ. 

Улаанбаатар хотыг автозамын системийг сайжруулах, замын хөдөлгөөний дүрэмд орчин цагт нийцэхүйц зүйл, заалт оруулах, явган зорчигч зорчиж болох дэд бүтэц төлөвлөх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэгт анхаарахгүй бол Мега тодотголтой хотод мега асуудал нүүрлэчхээд байна. Аз жаргалтай гэж тодорхойлсон бодлоготой хотын аз жаргалгүй иргэн байхыг угтаа хэн ч хүсэхгүй...

Хамгийн анхаарал татах үзүүлэлт бол бензин, шатахуун хүн амын худалдан авах чадвартай нийцэж байгаа эсэх байв. Энэ үзүүлэлтээрээ бид судалгааны сүүлийн таван улсаас ч, эхний таван улсаас ч маш доогуур үнэлгээ авчээ.


 

“Mister Auto” судалгааны эхний 10 хот:

1. Калгари /Канад/ - 100

2. Дубай /АНЭ/ - 97.87

3. Оттава /Канад/ - 96.60

4. Берн /Швейцар/ - 96.23

5. Эль Пасо /АНУ/ - 96.01

6. Ванкувер /Канад/ - 95.99

7. Гётеборг /Швед/ - 95.66

8. Дюссельдорф /Герман/ - 95.36

9. Базел /Швейцарь/ - 95.28

10. Дортмунд /Герман/ - 95.27

 

“Mister Auto” судалгааны сүүлийн 10 хот:

90. Афин /Грек/ - 66.30

91. Москва /ОХУ/ - 65.97

92. Рио Де Жанейро /Бразил/ - 65.38

93. Мехико /Мексик/ - 64.43

94. Сан Паулу /Бразил/ - 59.12

95. Богота /Колумб/ - 56.16

96. Карачи /Пакистан/ - 51.60

97. Лагос /Нигери/ - 43.13

98. Калькутт /Энэтхэг/ - 29.99

99. Улаанбаатар /Монгол/ - 20.30

100. Мумбай /Энэтхэг/ - 1.00

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2019 оны 11 сарын 17

найзуудадаа онгироол очоорой гээл уриад байсан чинь, тэд өөрсдийн хүүхдүүдээ үүргэвч үүрүүлээд аль хэдийнэ УВийг ирж үзээд буцаж очоод үнэхээр хэцүү хот бна,бөөн түгжрэл хүнд хүрч үилчилэх үилчилгээ 00 гэж үнэлээд буцаж очоод танилцуулчихсан бна. Ичээд дахин уриж чадахгүй сууж бна.

0  |  0
Зочин(66.181.161.14) 2019 оны 11 сарын 16

Бид ѳѳрсдийгѳѳ Америк, Японтой жишихгүй. Бидний ѳрѳѳсѳн дугуй хамтдаа саарал жагсаалтад багтсан Зимбабвэ шүү дээ. Нийслэл Харарэтэй нь Улаанбаатараа жиш.

0  |  0
Top