Суэцийн сувагт түгжрэл үүссэний улмаас газрын тосны үнэ 5 хувиар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Суэцийн сувагт чингэлэгтэй ачаа тээврийн усан онгоц элсэнд шигдэн, хөндлөн зогссоны улмаас усан онгоцны хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Үүний улмаас газрын тосны үнэ таван хувиар өсөөд байна гэж “Al Arabiya” суваг мэдээлжээ.

Суэцийн сувагт нийт 15 сая баррель газрын тос тээвэрлэсэн 18 хөлөг гацаад байна.

Тус сувгийн 151 дэх км-т суусан “Ever Given” компанийн хөлөг онгоцыг татаж авах ажил үргэлжилж байна.

Лхагва гарагийн орой гэхэд сувгийн өмнөд зүгээс орох гарцад 15 хөлөг бөөгнөрөөд байсан бол өнөө өглөө 10 хүрэхгүй хөлөг үлдээд байна. Сувгаар гарахаар хүлээж буй хөлөг онгоцны цуваа Энэтхэг хүртэл үргэлжилж байна. Өдгөө гол хөдөлгөөн сувгийн хуучин голдрилоор явж байна.

Мягмар гарагийн өглөө хүчтэй түйрэнгийн улмаас дэлхий дээрх хамгийн том ачаа тээврийн хөлөг онгоцны нэг элсэнд шигдэж, хөндлөн зогсоод байна. 400 метр урт хөлөг сувгийн хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээврийн урсгалын 12 хувь өнгөрдгөөс гадна газрын тосны усан тээврийн гол судасны нэг юм. Түүнчлэн, шингэрүүлсэн хийг тээвэрлэж буй хөлөг онгоцны найман хувь энэ сувгаар дайран өнгөрдөг байна. Тус сувгаар жилд 19 мянга, өдөрт 50 гаруй усан онгоц өнгөрдөг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top