Япончууд шатаар явах болон 200 зивер хүртэл цацраг идэвхт бодистой нөхцөлд ажиллаж чадах роботыг амжилттай туршжээ.
Чиба болон Тохокугийн их сургуулийн эрдэмтдийн бутэээсэн “Куинс” аппаратыг осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр ашиглах зорилгоор бүтээсэн байна. Уг аппарат нь АЦС доторх нуранги саадуудыг даван, дээш доош явж чаддагаараа АНУ-ын роботуудаас эрс ялгаатай гэж зохион бүтээгчид ярьжээ. ”Куинс” аппарат нь хонгил руу бууж, 15 см хүртэл гүн усанд автсан газраар явах чадвартай бөгөөд удирдлагын төвд 3 хэмжээст фото мэдээлэл дамжуулах дүрс бичлэгийн гурван камераар тоноглогдсон байна. Цагт 5,7 км-ын хурдтай хөдөлдөг уг шинэ робот нь хоёр хүртэл км зайтай газраас операторын өсөн командыг биелүүлэхээс гадна 5-6 цагийн хугацаанд ажиллах тэжээлийн блоктой.
Одоо “Куинс” аппаратыг “Фүкүшима-1” АЦС-ын оператор болох “Токио электрик пауэр” компанид шилжүүлэн өгөхөөр бэлтгэж байна.
Одоогийн байдлаар “Фүкүшима-1” АЦС-ын ослын уршгийг арилгахад Америкийн роботуудыг ашиглаж байгаа ажээ. Тэдгээр роботуудын тусламжтайгаар реакторуудын барилгын нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ гэрэл зураг авч, цацраг идэвхт бодисын хэмжээг тогтоож байгаа юм.
Гэхдээ Японы эрх баричид цаашид өөрсдийн бүтээсэн роботуудыг ашиглах бодолтой байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )