Э.Мөнгөнцоож: Экологийн асуудалд хүн бүрийн зөв дадал, зуршил чухал 

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

БОАЖЯ-наас санаачилсан “Ногоон паспорт” аян өнгөрсөн оноос орон даяар эхэлсэн. Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, байгаль орчныг хамгаалах, зөв харьцах дадал суулгах зорилго бүхий эл аянд 543 сургуулийн 100 мянга гаруй сурагч хамрагджээ. Эл арга хэмжээ 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 44 сая шоо метр ус, 324 сая кв эрчим хүч хэмнэн, 1.4 сая мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хийг бууруулан, 12 тэрбум төгрөг хэмнэхээр төлөвлөөд байгаа юм. “Ногоон паспорт” аяныг төлөөлөн БНСУ-ын Сөүл хотод Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан Ногоон хөгжлийн долоо хоног, ОХУ-д болсон олон улсын ойн XVI өсвөр үеийн олимпиадад илтгэл, танилцуулга бэлтгэн оролцсон Э.Мөнгөнцоожтой ярилцлаа.


-“Ногоон паспорт” аянд хэзээнээс хамрагдсан бэ?

-Би “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12в ангид сурдаг. Анх 2018 онд “Ногоон паспорт” хөтөлбөр манай сургуульд танилцуулгаа хийж байхад нь бүртгүүлсэн юм. Тэр цагаас хойш тасралтгүй хөтөлж байна. Мөн ногоон паспорт удирдагч сурагчдын нэг нь болсон. Тус паспортыг хөтөлж эхэлснээр хүүхдүүд бага ангиасаа эхлэн экологийн боловсролтой болохоос гадна байгаль орчноо хайрлаж, хамгаалах талаар мэдлэгтэй болно.

-ОХУ-д болсон өсвөрийн ойн олимпиадад оролцсон гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-ОХУ-ын Воронеж хотод аравдугаар сарын 28-31-нд болсон өсвөр үеийн ойн олимпиадад оролцоод ирлээ. Наймдугаар сард тус олимпиадад оролцох болсноо мэдсэн. 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн олон улсын томоохон тэмцээн. Олимпиад гэж нэрлэж байгаа хэдий ч тест бөглөж, шалгалт өгдөггүй. Оролцогчид нь тодорхой сэдвийн хүрээнд илтгэл тавьж өрсөлддөг. Есдүгээр сард болох байсан ч хойшлон аравдугаар сард болсон юм. Анх англи хэлээр илтгэл тавина гэж сонсоод маш их айсан. Гэр бүл, найз нөхөд, багш, сургуулийн удирдлага надад маш их тусалж дэмжсэн. Олон орны хүүхдүүдэд зориулан өөрсдийн ёс заншил, ахуй амьдарлаа илтгэх бэлэг дурсгалын зүйлсийг хөдөлмөрийн багш, ангийнхантайгаа хамтран хийсэн. Бусад орны хүүхдүүдтэй танилцаж өөрсдийн сурсан мэдсэнээ нэгэндээ ярьж өгөх үнэхээр сайхан байсан шүү.

-Ойн олимпиад гэхээр содон санагдаж байна л даа. Онцлогоос нь дурдана уу.

-25 орны 15-22 насны 30 сурагч, оюутан оролцсон. Тодорхой сэдвийн хүрээнд илтгэл тавихаас гадна төсөл, хөтөлбөр санаачилдгаараа онцлог. Үнэхээр сонирхолтой. Өөрийн улсад тулгамдаад буй экологи, ойн асуудлыг хөндөж, хэрхэн зөв арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй төсөл, хөтөлбөр бичдэг. Бодож, сэдэж, ярьж буй санаа нь хөрсөн дээр бууж, хэрэгжиж чадах эсэхийг шүүгчид нэмэлт асуултаар тодруулж чанартай сэдэв, төслийг үнэлдэг. Улс бүрийн төлөөлөл болсон 10 шүүгчтэй учир шүүлт шударга болсон. Миний хувьд “Ногоон орчин бидний ирээдүй” сэдвээр илтгэл тавьсан. Манай сургууль олон улсын ногоон тугийг хоёр удаа хүртсэн Монголын анхны сургууль. Анги бүр хогийн гурван савтай. Хогоо ялгаж хаях хэрэгтэй шүү дээ. Мөн тогтвортой хөгжлийн бодлогод нэгдэн эрчим хүчээ 50 хувь хүртэл хэмнэж чадсан амжилттай. Тиймээс сурагч нэг бүрийн оролцоо чухал гэдгийг илтгэлдээ дурдаж өгсөн юм.

-Өмнө нь ногоон паспорттай шилдэг 10 сурагч БНСУ-д болсон Ногоон хөгжлийн долоо хоног хуралд оролцсон. Тэдний нэг нь өөрөө юм билээ. Орос болон Солонгос улсад ойрхон аялаад иржээ. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Москвад бууснаас хойш зургаан цагийн дараа Воронеж хот руу ниссэн. Багш, бид хоёрыг Воронежийн их сургуулийн ойн ангийн дөрөвдүгээр курсийн оюутан тосон, газарчилсан. Монголоос таван цагийн зөрүүтэй учир их хэцүү байсан. Эхний өдөр бусад улсын хүүхдүүд ирж амжаагүй тул шууд амарцгаасан. Өглөөний цайгаа уух гээд хоолны танхимд ортол шал өөр орчин угтаж авлаа. Би Оросыг арай өөрөөр боддог байсан юм. Их том биетэй хүмүүстэй учир сонин санагдсан. Хүйтэн байсан болохоор багагүй даарсан. Москва бум бужигнасан хөл хөдөлгөөн ихтэй. Харин Солонгост хүмүүс нь метронд суугаад газар доор л амьдрал өрнөөд байсан. Олимпиад эхэлснээс хойш хоёр дахь өдөр нь миний ээлж таарсан. Илтгэлээ тавьсны дараа Воронеж хотын музейг үзэж сонирхлоо. Минжинд их хайртай, бас үржүүлдэг тул музей нь ч бас уг амьтнаар дүүрэн. Орой нь их сургуулийн оюутнууд бидэнд зориулж тоглолт бэлдсэн байсныг үзсэн.

-Экологи, байгаль хамгааллыг яагаад сонирхох болсон юм бол?

-Зургадугаар ангид ордог жил манай сургууль эко клубтэй болсон. Хүүхдүүд эко клубийн талаар мэдээлэлгүй тул ам муутай байв. Зарим нь хог түүдэг хүмүүс ордог юм уу гэж асуусан удаатай. Анх клубтээ сайн дурын гишүүнээр ороод цэцэг услах, хог цэвэрлэх зэрэг ажил хийж эхэлсэн. Есдүгээр ангид ороод клубийнхээ ахлагч нь боллоо. Би ер нь хаягдлаа хогийн саванд хийдэггүй, шүлсээ энд тэнд хаячихдаг бүтэхгүй нөхөр байсан юм байна лээ. Нэг удаа хөдөө явж байгаад голын эрэгт маш их хог хаясан байсныг хараад “Хүмүүс хаядаг л юм чинь” гэж бодоод зүгээр орхичихсон. Дараа жил нь очиход бүр ихэсчихсэн байв. Тэгээд л хүүхэд байхаасаа л байгаль дэлхийгээ хайрлахгүй бол том болоод одоогийнхоос улам дордуулна гэж бодсон. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа л байгаль хамгаалах анхан шатны мэдлэгтэй болох нь чухал гэдгийг ойлгосон.

-Цаашид байгаль, экологийн чиглэлээр суралцана гэж боддог уу?

-Би шүдний эмч болно. Гэхдээ сайн дураараа байгаль орчноо хамгаалах ажилд оролцсоор л байна. Хамгийн чухал нь хүнийг багаас нь байгальд хайртай болгож төлөвшүүлэх их чухал юм билээ. Тиймээс хүүхдүүдэд экологийн боловсрол олгоход бага ч болов тус болно гэж боддог.

-Экологи, байгаль хамгаалал чиглэлээр хоёр улс руу яваад ирсэн. Тэнд байгаль орчноо хэрхэн хамгаалж байна вэ?

-Манайхан хотын төвийн ногоон байгууламж болох модоо хар гялгар уут төдийхнөөр бүтээж, доод хэсгийг нь будчихаад хамгаалж байна гэж ярьдаг. Харин солонгосчууд мод биш, хөрсөө арчилдаг юм билээ. Үүнээс гадна хогийг маш нарийн ангилан, ялгаж хаядаг. Харин бид хоёр, гуравхан төрөл болгож ялгана. Дээрээс нь үйлдвэрүүд хүрэлцээгүйн улмаас хог хаягдал нь нэг цэгт очоод буцаад л нийлчихдэг. Цаас, хуванцар савнууд нь л тусдаа байдаг. Тиймээс иргэд хогоо сайн ялгаж, харин улс нь дахин боловсруулах үйлдвэрээ хангалттай барих хэрэгтэй байх.

-Олимпиадад ямар улсын хүүхдүүд түрүүлсэн бэ?

-Тэргүүн байрт Хятад, хоёрдугаарт Индонез, гуравт АНУ-ын хүүхдүүд орсон. Хятадаас их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан оролцсон юм. Илтгэлийн сэдэв нь Хятадын ногоон цай. Сүүлийн жилүүдэд ногоон цайны ургамал ховордож, мөн хэрэглэх хүн багассан тул удахгүй мартагдах болно хэмээн сануулсан. Хэрхэн хамгаалж, түгээн дэлгэрүүлэх талаар төсөл бэлтгэсэн байв. Харин Индонез хүү мод үржүүлгийн талаар төсөл бичсэн. Бид нэг өрөөнд байрласан юм. Тэрбээр сүүлийн гурван жил уг тэмцээнд оролцохдоо байр эзлээгүй үлдсэн удаа байхгүй.

-Олон орны ёс заншлаас суралцсан уу?

-Хийж буй үйлдлээсээ эхлээд л тэс өөр. Цахилгаан шатанд сууж байхад нэг хүүхэд миний хөл дээр гишгэчихсэн. Тэгээд гар барих гэтэл өнөөх хүүхэд тоодоггүй. Бусад улсын хүүхдүүд цүнхээ хаа хамаагүй тавьчихдаг. Хүүхдүүд цүнхээ газарт тавьчихсан, би элгэндээ тэвэрчихсэн хоолоо иднэ. Тэс өөр мэдрэмж авсан шүү. Нэг өрөөнд байсан хүүхэд маань хоол идэхийн өмнө залбирдаг юм билээ. Тэр нь шашин шүтлэгээс болдог байх.

-Экологи, байгаль хамгаалах чиглэлээр манай улс хамгийн түрүүнд ямар арга хэмжээ аваасай гэж боддог вэ?

-Хүмүүс экологийн асуудал гэхээр л том том юм ярьдаг. Гэхдээ хамгийн чухал нь хүн бүрийн зөв дадал, зуршил гэж ойлгож байгаа. Тиймээс багаас нь л хүүхдээ зөв дадал зуршилтай болгох хэрэгтэй. Наад зах нь өглөө босоод шүдээ угаахдаа усаа аяганд хийж хэрэглэхийг сургах хэрэгтэй. Усаа хэмнэх нь байгаль орчинд ямар ач тустайг ойлгуулах нь зүйтэй.

-Багш, ангийнхантайгаа хамтран бэлэг дурсгалын зүйл хийсэн гэсэн. Юу хийсэн бэ?

-Хөдөлмөрийн багштайгаа эсгийгээр таван хошуу мал, газрын зураг, түлхүүрийн оосор хийсэн. Бусад орны хүүхдүүдтэй өөрсдийн улсын онцгой, содон гэсэн бэлэг дурсгалын зүйлээ солилцсон. Хятад оюутан ногоон цайгаа бэлэглэсэн. Киргиз хүүхдийн өгсөн бэлэг хамгийн их таалагдсан. Монгол эсгийг бодвол арай зөөлхөн материалтай алчуур бэлэглэсэн юм. Сонин содон бэлэг солилцохоос гадна улс бүрийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлсэн. Би таван жилийн өмнөөс морин хуур тоглож сурсан. Хүмүүс өрөөнд орж ирчихээд яг яаж дуугардаг юм бол гэж их гайхсан. Олонх хүүхэд Монгол Улсын талаар сайн мэддэггүй. Улаанбаатартаа морио унаад явдаг уу, цаа буга байдаг уу гэж их асуусан.

-Сургуулийнхаа эко клубийн ахлагч нь. Клубийнхээ талаар яриач.

-Найзуудаа бүгдийг нь уруу татчихсан. Удирдах зөвлөлийн дөрөв, сайн дурын 110 гишүүнтэй. Манайхан сургуулийнхаа хүлэмжид ногоо тарьдаг. Төмс, лууван, өргөст хэмх зэрэг хүнсний ногоо тарьсан. Тийм сайн ургана гэж огтхон ч төсөөлөөгүй. Их гоё ургасан болохоор зөндөө их баярласан шүү. Хурааж авчихаад сургуулийнхаа ургацын баярыг хийлээ. Шинэ ногоогоор хоол бэлтгэж нэг өдрийг хоолны өдөрлөг болгон зохион байгуулсан. Дараа жил дахиад тарина даа.

Эх сурвалж: Unuudur.mn

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top