Японы хууль тогтоогч хээл хахуулийн хэргээр баривчлагджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Японы парламентын гишүүн Цукаса Акимотог /эрх баригч Либерал Ардчилсан Нам/ хээл хахууль авсан хэргээр лхагва гарагт /2019.12.25/ баривчилжээ. Түүнийг Японд казино байгуулах сонирхол бүхий “500.com Ltd.” Хятадын компаниас 3.7 сая иен буюу 33800 ам.долларын хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Киодо Ньюс агентлагийн мэдээллээр, 48 настай Акимото 2018 оны аравдугаар сар хүртэл аялал жуулчлалын дэд сайдын албан тушаал хашиж байхдаа Ерөнхий сайд Абэ Шинзогийн эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд казино байгуулах асуудлыг хариуцаж байжээ.

Акимото өөрөө үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд баривчлагдсаныхаа дараа намаасаа гарчээ.

Японы гадаад валютын тухай хуулиар нэг сая иен буюу 9100 ам.доллароос дээш хэмжээний бэлэн мөнгийг гааль мэдүүлэлгүй тус улсын хилээр оруулахыг хориглодог байна. Хууль зөрчсөн тохиолдолд 500 мянган иен эсвэл зургаа хүртэл сар хорих ял ногдуулдаг.

2020 оны Токиогийн Олимпын дараа эдийн засгаа эрчимжүүлэх, гаднын жуулчдыг татах зорилгоор казино байгуулахыг хуулиар зөвшөөрсөн билээ. Энэ хүрээнд тус улсын Засгийн газар казино бүхий цогцолбор байгуулах гурван газрыг сонгоод байгаа бөгөөд эхний цогцолборууд 2020-ид оны дундуур ашиглалтад орох аж.

Энэ хэрэгт холбогдуулан “500.com Ltd.” компанийн захирал Жень Ши болон зөвлөхүүд болох Масахико Конно, Кацунори Наказато нарыг мөн баривчилсан байна.

Парламентын гишүүнийг баривчилж байсан тохиолдол Японд хамгийн сүүлд 2010 онд гарч байжээ. Энэ оны эхээр Абэгийн танхимын хоёр гишүүн хээл хахууль, үнэтэй бэлэг авсан дуулианд холбогдон огцорч байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.34) 2019 оны 12 сарын 25

Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон юм. Гэвч Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан ажээ. Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой

0  |  0
Top