Бразилийн хөл бөмбөгийн шигшээ багийн нэг үеийн шилдэг тоглогч Роналдо Луйс Назарио Де Лима өнгөрсөн лхагва гарагт шигшээ багийнхаа төлөө сүүлчийн тоглолтоо хийсэн юм.Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч, ДАШТ-ий хошой аварга, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гурван удаа хүртсэн домогт тоглогч билээ. Роналдо нутгийнхаа "Листориус" сэтгүүлд ярилцлага өгчээ.
-Өнөөдөр та "9" дугаарын өмсгөлтэй сүүлчийн удаа талбайд гарлаа.Үүнийг хийх хэцүү байсан уу. Надад маш хүнд санагдсан?
-Зодог тайлах сэтгэл зүйн бэлтгэлээ эртнээс хийж байсан учир хүнд санагдсан зүйл байгаагүй. Гэхдээ шигшээ багийнхаа өмсгөлийг сүүлийн удаа өмсөнө гэдэг л эвгүй санагдлаа.
-Таныг Италид байхад сэтгэл зүйн дарамт их ирдэг байсан талаар сонссон?
-Мэдэхгүй юм даа. "АС Милан" клубт Европ дахь сүүлчийн он жилүүдээ үдэж байсан шүү дээ. Түүнийг дарамт гэж ойлгож болохгүй. Фанатууд намайг сэлгээнд суух болсон нь буруу хэмээн үзэж байсан.
-Мэргэжлийн тамирчин болсон анхны тоглолт, сүүлийнтоглолт хоёрын ялгаа?
-Шүгэл дуугарах ёстойгоороо л дуугарлаа. (Инээв) Ялгаа гээд байхаар зүйл байсангүй. Одоогоос 19 жилийн өмнө юм байна. "Крузеро" клубтэй гэрээ байгуулснаас долоо хоногийн дараа анхны тоглолтоо "Сантос"-ын өсвөрийн багийн эсрэг хийж байсан. Тухайн үед "Прадо Миниеро" цэнгэлдэхэд 500 хүрэхгүй хүн тоглолтыг сонирхож байлаа. Харин энэ сарын 8-нд Сан Паулад хэдэн мянган хүн ирснийг мэдэхгүй юм.
-Зодог тайлах шийдвэр гаргахад хэцүү байв уу?
-"Коринтианс" клубт очсон үеэс л энэ тухай бодож эхэлсэн. Үнэндээ бэртэл гэмтлийн асуудал энэ шийдвэрт нөлөөлсөн гэхэд болно. Италиас явсны дараахан ойрын зөвлөгч маань их спортоос зайгаа авах тухай санал болгосон. Энэ асуудлыг хэцүү гээд яах ч билээ.
-ДАШТ-ий шигшээ тоглолтод оруулсан хоёр гоол үнэхээр гайхалтай байсан. Ёслолын дараа ямар байсан бэ?
-Японд байсан фанатууд автобусанд суулгах нь бүү хэл, алхах зай ч өгөхгүй байсан шүү дээ. Тэр тоглолтод эхний үе багийнханд үнэхээр хүнд өнгөрсөн. Дасгалжуулагч Луис Фелиппе Сколачи бидэнд тоглож байгааг, мөн дараагийн үед юу хийх ёстойг нарийн хэлж өгсөн. Ингээд л урьдны тактикаа түр орхиж Рикардинио, Жилберто Силва нар довтолгооны найруулгыг талбайн баруун жигүүрээр хийхээр болж, гүйцэтгэгчээр намайг томилсон. Талбайд гараад бүх зүйл яг л бодсоны дагуу болсон. Хоёр дахь гоол ч зүгээр орчихоогүй юм. Тэр орой багийнхан намайг үнсээд л, "цом биднийх" гээд л үнэхээр гайхалтай байсан даа.
-Хөлбөмбөгч болоогүй бол өдийд юу хийж байх байсан бэ?
-Үүнийг чинь бурхан л мэддэг юм шүү дээ. (Инээв) Бодож байж болох байсан. Юу ч гэсэн дунд сургуулиасаа шилжихгүй байх байсан ч юм билүү. Намайг академид тоглож эхлэхээс өмнө миний өвөө намайг мод боловсруулах үйлдвэрт бэлтгэгчээр оруулна гэж байсан юм билээ. Үүнд ээж дургүйцсэн ч хөлбөмбөгчин болгохгүй гэсэн байр сууриа хадгалж байсан нь бас л дэмжигдээгүй гэсэн. Гэр бүлийнхэн маань эцсийн эцэст яах аргагүй хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хориглоогүй.
-Залуусын багт тотлож байх үеийн зураг "Коринтианс"-ын хүндэтгэлийн танхимд байдаг шүү дээ. Тэр үед байсан нөхдөө дурсаач?
-Тийм ээ. Сан Паула, Риогоос ирсэн хэсэг залуус манай багийн гарааны тамирчдыг бүрдүүлдэг байсан юм. Алиано Дос Сантосыг тодхон санаж байна. Үнэхээр сайн найруулагч байлаа. Бөмбөгтэй гүйж байхад нь урд нь гарахад яг л бодсон газарт дамжуулалт өгдөг найдвартай тоглогч. Гоол оруулахдаа огт баярладаггүй их сонин хүн. Тэр Аргентинд тоглож байгаад дөрвөн жилийн өмнө зодог тайлсан. Уг нь бид хамт Итали явах мөрөөдөлтэй байсан юм. Харамсалтай нь А.Сантосын зүүн хөл хүнд бэртсэнээс хойш хэсэг тоглоогүй гэж сонссон. Түүнийг гэмтэл тойроогүй бол яг л Португалийн Педро Барбоса шиг хурдан гүйдэг тоглогч байх байсан.
-Дэлхийн шилдэг тоглогч болсон сэтгэгдэл ямар байв?
-Залуу байсан учраас маш их бардам зан гаргадаг байжээ. Ёслолд оролцож эхлэхээсээ л тэр шагналыг би авчихсан гэсэн бодол толгойноос огт гарахгүй. Харин энэ алдрыг гурав дахиа хүртэх үед тэс өөр зүйл бодогддог. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох үед сайхан байсан ч анхны шагнал хамгийн дурсамжтай юм. "Коринтианс" клубт хоёр дахь улирлаа үдэж байхдаа "Долоо хоногийн шилдэг гоол"-ын эзнээр тодорсон. Клубын дэргэд оршдог холбооны байр руу гүйж ороод л хамаатныхаа бүх хүн рүү утас цохисон доо. Энэ шагнал намайг үнэхээр их догдлуулж билээ.
-"Барселона"-гаас "Реал Мадрид" клубт шилжихэд ямар санагдаж байсан бэ. Үүнийг хэзээ нэгэн цагт өөрөөс чинь асуух хүсэлтэй байлаа?
-Хариулт нь тун энгийн шүү дээ. "Барселона"-д тусалсан уу гэвэл, тийм. Баг хэзээ ч хэн нэгнээр дутдаггүй юм. Харин "Реал"-д би өөрийн гэсэн орон зайг олж харсан гэсэн үг. Тэнд ч сонирхолтой нэг улирлыг үдсэн.
-Таагүй дурсамжаар үдсэн тоглолт?
-Мэдээж шигшээ баг бүхэлдээ юу ч хийж чадаагүй 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолт. Тун харамсмаар үр дүн үзүүлсэн. Би бөмбөг ч эзэмшиж чадахгүй байлаа. Мэдээж хувийн асуудалтай хөл бөмбөгийг холбож ойлгосон хүмүүс байсан л байх.
-Ихэнх хөлбөмбөгчнйн адил ном бичих бодол бий юу?
-Одоохондоо байхгүй ээ. Гэхдээ цаашдаа бичихгүй гэх газаргүй.
-Хөл бөмбөгөөс холдчихлоо. Одоо юу хийх вэ?
-Та буруу ойлгож байна. Би хөл бөмбөгөөс хөндийрөөгүй. Тоглогчийн хувиар л талбайд гарахгүй болсон. Өөр хийх ажил их байна. Ирэх ДАШТ-ийг манай улс хүлээж авна. Үүнд зохион байгуулалтын албанд ажиллаж байгаа. Мөн шигшээ багтайгаа илүү тулж ажиллана. Гэхдээ дасгалжуулагчийн албанаас хол байна гэдгээ удирдлагуудад илэрхийлсэн.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )