Үндэсний геологийн албыг сэргээн байгуулах хуулийн төсөл өргөн барьжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын даргад “Үндэсний геологийн алба байгуулах тухай хууль”-ийн төсөл өргөн барьжээ. Одоогоос 30 жилийн өмнө Үндэсний геологийн албыг албан ёсоор татан буулгасан юм. Үүнээс шалтгаалан уул уурхайн салбар бодлогогүй, задгай, шинжлэх ухаанч биш байдлаар хөгжих болсон гэж олон мэргэжилтнүүд шүүмжилдэг юм.

“Уул уурхайн салбар өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш задгай, бодлогогүй явж ирсэн. Үүнийг төрийн бодлогоор цэгцэлж, үе шаттайгаар хөгжүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн салбар олон улстай эн зэрэгцэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх бодлогын томоохон шийдвэр” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярилаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.

Өнгөрсөн 2019 онд Монголд геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиосон юм. Ойн чуулганы үеэр эрдэмтэд Үндэсний геологийн алба байгуулахыг дэмжсэн билээ. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 24 хувь, ГШХО-ын 75 хувь, Аж үйлдвэрийн салбарын 72 хувь, нийт экспортын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг салбар юм. Түүнчлэн энэ салбарт одоогийн байдлаар 57.6 мянган хүн ажилладаг гэсэн судалгаа бий.

Үндэсний геологийн албыг цаашид аймаг бүрд салбар нэгжтэй, цогц байгууллага болгон хөгжүүлнэ гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top