Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.01.08/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу батлагдсан хуулиудын нэг нь 1993 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бөгөөд энэхүү хуулийн дагуу 1993 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийн анхны хувилбарт ийнхүү зохих өөрчлөлт оруулснаас хойш 1997, 2001, 2005, 2009 онуудад нийтдээ таван удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулжээ.

Харин 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төдийгүй УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан. Мөн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан.

Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсэж буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болохыг харуулсан байна.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлага үүссэнийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top