Төв цэнгэлдэхийн газар Э.Бат-Үүлийн үед эзнээ олсон бололтой

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Зарын сайтаар зарагдаж эхэлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын эрхийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Газрын албатай хамтран шалгаж эхэлсэн. Улмаар  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы зөвлөлийн хурлаар Төв цэнгэлдэхээс тасдсан газруудын зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон талаар мэдээлэл байна.

Ямартай ч нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Төрийн мэдлийн газар ингэж зарагдах ёсгүй” гэж тайлбарлаж байгаа. Гэвч аль 2015 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд байсан 14.5 га буюу 141,513 ам.метр газрыг гурав хуваачихсан байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны зургаадугаар сарын 25-ны Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/561 тоот захирамжаар Төв цэнгэлдэхийн газраас аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ар Ви Жи Эйч” гэх компанид 4551 ам.метрийг тасдаж өгсөн байдаг аж. Тус компани газрын гэрчилгээгээ хэдхэн хоногийн өмнө зарын “Unegui.mn” сайтад 2.6 тэрбум төгрөгөөр үнэлэн борлуулж эхэлсэн. Үүнийг нийслэлээс шалгах явцад эзэн нь зараа устгажээ.

Анх 12 давхар биеийн тамир спортын чийрэгжүүлэлтийн цогцолбор барих нэрээр уг газрын эрхийг шилжүүлж авсан талаараа Хот байгуулалт, хөгжлийн газарт бүртгүүлсэн байгаа юм. Харин өнөөдөр борлуулж ашиг олохоор болсон нь энэ. Дээрх захирамжаар давхар газар тариалан, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Зүүн тариа” гэх компанид Төв цэнгэлдэхийн 819 ам.метр газрын эрхийг шилжүүлсэн байдаг.

Цаг хугацааны хувьд Улсын баатар Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын захирагч байхад Төв цэнгэлдэхийн газар ингэж хэд тасран хувьд шилжсэн болж таарч байна.

Гэвч Э.Бат-Үүл дарга МАН-ынхны үед хийгдсэн газрын наймаа хотод 27 их наяд төгрөгийн хохирол учруулсныг мэдэгдэж байсан нь саяхан. Тэрбээр хууль бусаар олгосон гэх газруудыг нэрлэхдээ, Төв шуудангийн урдах хөндлөн явган зорчигчийн зам, Төв талбайн урд хэсэг буюу одоо машины зогсоол болсон хэсэг, орос гуравдугаар сургууль, зургадугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай, нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хашаа, зогсоол, Хүүхдийн ордны баруун хойд булангийн явган хүний зам, ногоон байгууламжийг дурдсан нь бий. Хотод бугшсан газрын наймаа хүүхдийн тоглоомын талбай, хаашаа хайс руу чиглэсэн гэдэг нь үүгээр ил болсон.   
 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг хотын даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр болжээ


Төв цэнгэлдэх хүрээлэнгээс тасарсан газрууд үүнийг илтгэдэг. Ямар сайндаа л сүүлийн хэдэн жил орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний газруудаар хүрээлүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд үлдээд буй багахан хэсэгт хотол олноороо наадаж байгаа. Түмний тодотголтой байсан газар автомашин байршуулах талбай ч үлдээгээгүй. Ингэж хумигдахад “гарамгай гавьяа” байгуулсан хүмүүсийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүлдэг.

Дээр дурдсан 2015 оны А/561 захирамжид түүний хоёр ч компанийн нэр цойлж явна. Хамгийн сүүлийнхээс нь эшлэхэд, Төв цэнгэлдэхийн дэргэд сүндэрлэсэн “бетонон ой” буюу орон сууцны хорооллууд, наадмаар нийслэлчүүдэд үйлчлүүлэх нэрээр авсан зогсоолын барилга нь худалдаа үйлчилгээний цогцолбор болсон зэргийг дурдаж болох юм. Наадамчдын талбайгаас авсан газартаа “Наадам центр” байгуулж дөнгөсөн Б.Чойжилсүрэн гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Беллью пропертис” болон “Апартмент Кей Эйч” гэдэг компанийн нэр бий. Нийтдээ 39,769 ам.метр газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/06 захирамжаар “Беллью пропертис” олгосон байдаг аж. Үүнээс 7,951 ам.метрийг нь “Апартмент Кей Эйч” компани 2015 онд шилжүүлэн авчээ.

Энэ мэт Төв цэнгэлдэхийн газар хэдэн онд, хэд хуваагдан, хэний гараар орсныг ухвал сонины нүүр хүрэхгүй юм байна.

АН, МАН аль нь ч хот удирдсан нийтийн өмч их, бага хэмжээгээр нэг хэсэг хүний мэдэлд шилжих болсон. АН хотод бүрэн засагласан Э.Бат-Үүл даргын үед Төв цэнгэлдэхийн газраас яаж олгосныг товчхон өгүүлэхэд иймэрхүү. Нийслэлийн МАН хэзээнээс л “газрын мафи” цоллуулж ирсэн гуншинтай. Харин энэ шударга бус байдлыг хална хэмээн Хотын даргын суудалд заларсан С.Амарсайхан одоо л “газрын наймаачин” биш гэдгээ баталж, өөрийнхөө болон нөхдийнхөө нэрийг цэвэрлэх том сорилтын өмнө ирээд байна. Гэхдээ зарын сайтаар зарагдах хүртлээ хямдарсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг хамгаалан авч үлдэж чадсан тохиолдолд шүү.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
PhD(202.9.46.215) 2021 оны 03 сарын 30

Энэ зиндаа мн ямар намын сайт юм болдоо.

0  |  0
Иргэнхүү(202.9.46.215) 2021 оны 03 сарын 30

Хөөш битгий коммент устгаад байгаач т1 сайт вэ

0  |  0
Иргэн(202.9.46.215) 2021 оны 03 сарын 30

Хүүш энэ зиндаа мн чинь коммент устгадаг юм байна ш дээ.

0  |  0
Иргэнхүү(202.9.46.215) 2021 оны 03 сарын 30

Монгол яагаад гарааны нөхцөл ижилхэн орнуудаас эдийн засгийн хөгжлөөрөө хоцорсон бэ гээд бодоод байсан энэ ардчилсан намынхан өөрсдөө ингээд идэж уугаад найрлаад байсан байна ш дээ. Ардчилсан нам гэсэн одоо баахан хөгшин каадруудаар дүүрсэн цус ойртсон нам л гэж бодогдоод байх боллоо.

0  |  0
ХУДЛАА (203.91.115.44) 2020 оны 01 сарын 17

ХУДЛАА МАНЫНХАН АЛЬ 2010 ААД ОНД ХУВААЖ ИРГЭНД ЦЭНГЭЛДЭХИЙГ ӨМЧЛҮҮЛЖ ГАЗРЫГ НЬ ЧОЙЖИЛСҮРЭН АВЧ БАРИЛГА БАРИАД 10 ЖИЛ БОЛЖ БНА. БИТГИЙ ИНГЭЖ ХҮНИЙГ ГҮТГЭ.ЯАЖ Ч БОДСОН ИЛ БГАА БИЗ ДЭЭ. АМАРСАЙХАН ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХОТЫГ САМАРЧ БНА АЖИЛГҮЙ ХҮМҮҮС Л ШАЛТАГ ХАЙЖ ИЙМ ЗҮЙЛ ХИЙДЭГ ЮМ. БАТҮҮЛ БОЛ ХАРИН 4 ЖИЛД ИХ ЗҮЙЛИЙГ БҮТЭЭСЭН ШҮҮ.

0  |  0
Манан(117.111.1.21) 2020 оны 01 сарын 17

Манан

1  |  0
зочин(202.9.47.13) 2020 оны 01 сарын 16

Төв Цэнгэлдэхийн газрын төлөө оршин суугчид бид тэмцэнэ шүү.

1  |  0
Зочин(66.181.169.108) 2020 оны 01 сарын 16

ҮҮЛЭНБААТАР энхийн цагаан цагаан тагтаа царайлаад байсан даа уг нь

1  |  0
ww(103.57.93.146) 2020 оны 01 сарын 16

ene 2 namiin gazriin naimaa too tomshgvi boljdee..uraldaldaadl zaraad bulaatsaldaadl bgaamdaa

2  |  0
Top