Олимпын тэмцээнүүд 40 гаруй цэнгэлдэх хүрээлэнд болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Зуны 32 дахь удаагийн Олимпын их наадмын тэмцээн, уралдаанууд 40 гаруй спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд болно.

Токио хотын бүсэд Олимпын 33 объект байгаагаас 20 нь Олимпын тосгоноос 8 км дотор байрлаж байна. Бүсчлэлийн хувьд Токио-2020 Олимпын гол гол объектууд “Өвийн бүс” болон “Токиогийн булангийн бүс” гэсэн хоёр үндсэн кластерт төвлөрчээ.

Олимпын нээлтийн болон хаалтын ажиллагаа Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус стадионыг 2015 оны тавдугаар сард буулгасан 1964 оны Олимпын “Ёёги” цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр барьжээ. Токиогийн Олимп болон Паралимпын наадамд зориулсан шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн буюу төлөвлөсөн хугацаанаас 14 сарын дараа эхлүүлсэн байна. Ийн хоцорч барилгын ажлыг эхлүүлсэн нь 2012 онд Ирак гаралтай Их Британийн архитектор Заха Хадидын танилцуулсан анхны төсөл хэт өндөр өртөгтэй байна гэж Японы архитектор, албан тушаалтнууд эсэргүүцсэнтэй холбоотой.

Японы архитектор Кенго Күмагийн танилцуулсан шинэ төслийг Японы Засгийн газар 2015 онд баталжээ. Анхны төсөлтэй харьцуулахад шинэ төслийн өртөг 2.1 тэрбум ам.доллароос 1.2 тэрбум ам.доллар болж буурсан ба суудлын тоо мөн 80 мянгаас 68 мянга хүртэл цөөрүүлсэн байна.

Токио Олимпын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тал бүхлээрээ Японы бүх 47 мужаас авчирсан модоор хийгдсэн аж. Архитектор өөрөө энэхүү бүтээлээ “амьд мод” хэмээн нэрлэжээ. Цэнгэлдэх хүрээлэнг сүм дуган барих Японы уламжлалт аргаар барьсан ба нийт 157 тэрбум иен зарцуулсан байна. Байгууламжийн дизайн, агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн систем нь Токиогийн зуны 40 хэмийн аагим халуунаас хамгаалах гэнэ. Олимпын нээлт болон хаалтаас гадна энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн тэмцээнүүд болох аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top