Нууцлаг вирусээр халдварласан дахин нэг хүн нас барж, Японд шинэ тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Хятадын Ухань хотод шинэ төрлийн вирусээр халдварласан хоёр дахь хүн нас барлаа. Эхний хүн энэ сарын 11-нд нас барсан билээ. Одоогийн байдлаар, нууцлаг вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр өвдсөн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 12 өвчтөн эмнэлгээс гарч, таван хүний биеийн байдал хүнд, хоёр нь нас барсан, бусдынх нь биеийн байдал тогтвортой байна гэж тус хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

Халдварын улмаас нас барсан хоёр дахь өвчтөн 69 настай байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд анхны шинж тэмдэг илэрчээ. Энэ сарын 4-нд түүний бие байдал муудаж эхэлжээ. Эмч нар шаардлагатай бүх эмчилгээг хийсэн ч амь насыг аварч чадаагүй байна.

Одоогоор тус хотод шинэ тохиолдолд бүртгэгдээгүй байна.

Харин Япон улсын эрх баригчид тус улсын газар нутагт шинэ төрлийн вирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгджээ. Японы эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, Канагава мужид оршин суудаг Хятад улсын иргэн шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа тусжээ. Тэрбээр Ухань хотоос энэ сарын 6-нд Японд ирсэн байна. Гэхдээ энэхүү өвчтөн Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах дээр очоогүй гэжээ. 30 орчин настай эл эрэгтэй Ухань хотод очих үеэр өвчний шинж тэмдэг илэрчээ. Энэ сарын 3-нд тэрбээр халуурч эхэлсэн байна. Японд буцаж ирээд эмчид үзүүлсэн бөгөөд эмч хөнгөн хэлбэрийн гэж үзэн, гэрээр эмчлэх эм бичиж өгсөн аж. Өвчтөний биеийн байдал муудсан тул энэ сарын 10-нд эмнэлэгт хэвтүүлсэн ба энэ үеэр түүнийг шинэ төрлийн вирусээр халдварласан болохыг тогтоожээ. Өвчтөн энэ сарын 15-нд эмнэлгээс гарсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top