Коронавирус: 20 хоногийн дараа тархалтын хэмжээ буурна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

БНХАУ амьтнаас хүнд халдварласан шинэ төрлийн коронавирусийн тархалтыг хазаарлах зорилгоор амьд амьтны худалдааг бүрэн хориглолоо.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр халдварын улмаас 80 хүн нас барж, 2800 хүн халдвар авсан нь батлагдаад байна. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, 461 өвчтөний биеийн байдал хүнд, 51 өвчтөн эмнэлгээс гарсан, сэжигтэй тохиолдлын тоо 5794 хүрээд байна.

Амьд амьтны худалдаанд тавьсан хориг халдвар зогсох хүртэл үргэлжлэх гэнэ. Амьд амьтан өсгөн үржүүлдэг бүх газарт хөл хорио тогтоох бөгөөд ан амьтны мах идэхгүй байхыг анхааруулжээ.
 


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян даваа гарагт /2020.01.27/ Ухань хотод хүрэлцэн иржээ.

Тэрбээр халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүдээр орохоос гадна эмч нартай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах гэнэ.
 

 

  • Эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн магадлалтай эх үүсвэрийг тогтоожээ. Тэдний үзэж буйгаар, зэрлэг амьтны худалдаатай холбоотой байх өндөр магадлал байна гэж Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналтын үндэсний төв мэдэгджээ. Вирусийн эх үүсвэрийн судалгаанд дэвшилд хүрлээ гээд Уханийн далайн бүтээгдэхүүний “Хуанань” захын орчноос авсан 585 дээжээс 33-т н шинэ төрлийн коронавирусийн нуклеин хүчил илэрчээ. Эрдэмтэд мөн вирусийг амжилттай тусгаарлаж чадсан байна.
     
  • Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо дахин нэг мянгаар нэмэгдэж болзошгүй гэж тус хотын  захирагч Жоу Сяньван мэдэгджээ.
     
  • Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ачаар 20 хоногийн дараа вирусийн тархалтыг бууруулж чадна гэж Хятадын инженерийн шинжлэх ухааны академийн вирус судлаач Вэнь Юймэй мэдэгджээ. Халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж буй нь 20 хоногийн өмнө халдварласан хүмүүстэй холбоотой. Түүний хэлснээр, хүний бие организм бичил биетийн эсрэг аажмаар дархлаажиж эхэлдэг. Биеийн байдал нь хүнд буй өвчтөнүүд ужиг өвчтэй байсан тул дархлааны тогтолцоо нь суларсан байгаа гэж тэрбээр сануулжээ.
     

 

  • Шинэ төрлийн коронавирус цаашид шинж тэмдгээ өөрчилж болзошгүй тул янз бүрийн насныхны дунд эрсдэлийн түвшин мөн өөрчлөгдөж магадгүй гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
     
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Бээжинд Хятадын эрх баригчид, эрүүл мэндийн салбарын шинжээчидтэй уулзаж, коронавирустэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ. Түүний мэдээлснээр, ДЭМБ халдвар тархаад буй бүх улс оронтой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн дэлхийн сүлжээг байгуулан ажиллаж байна.
     
  • Япон улсын гадаад хэргийн яам Хятадын Хубэй мужид тус улсын 560 иргэн байгааг баталжээ. Тус улс иргэдээ энэ сарын 28 гэхэд тусгай онгоцоор авах шийдвэр гаргаад байна.
     
  • АНУ-д коронавирусээр халдварласан таван тохиолдол бүртгэгджээ. Аризона, Калифорни, Иллиноис, Вашингтон зэрэг дөрвөн мужид Уханиас ирсэн зорчигчдоос халдвар илрээд байна.
     
  • Францын эрх  баригчид Уханиас иргэдээ авчрах шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар тус хотоос гарах хориотой байгаа бөгөөд Хятадын эрх баригчидтай хэлэлцсэний эцэст энэ долоо хоногийн дундуур иргэдээ авчрах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тэднийг 14 хоногийн туршид хяналтад байлгах гэнэ.
     


 

  • Өвчтөнүүдийг эмчилж байгаад халдвар авсан 11 эмчийн биеийн байдал сайжирч байна. “Wuhan Union Hospital” эмнэлэгт хийсэн вирусийн нуклеин хүчлийн шинжилгээгээр өвчтөнүүдийн клиник шинж тэмдгийг хяналтад авч чадсаныг баталжээ.
     
  • Чехийн гадаад хэргийн яам Вьетнамын Дананг хотод Чехийн нэг иргэнд халдварын шинж тэмдэг илэрчээ. Тус хотод нийт 12 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаагаас Хятадын долоо, Вьетнамын дөрөв, Чехийн нэг иргэн халдварласан байж болзошгүй байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top