УИХ-аас Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр тогтоолын төслийг баталсан билээ. Энэ хүрээнд Засгийн газраас байгуулсан комисс анхны хуралдаанаа хийсэн байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газраас байгуулсан комисс анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас ямар үр дүн гарав?
-УИХ-ын тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд Засгийн газраас комисс томилсон. Комисс өчигдөр /уржигдар/ анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар саналаа нэгтгэж, дэд Ажлын хэсгүүдийг байгуулсан. Энэхүү ажилд хугацаа их шаардагдана. Тиймээс алийг нь нэн тэргүүний асуудал гэж үзэх вэ, алийг нь хоёр, гурав дахь асуудал гэж үзэх эсэхээ ярилцсан. Өөрөөр хэлбэл, тактикийн шинж чанартай зүйлийг хэлэлцсэн гэж ойлгож болно.
Тухайлбал, урд хөршөөс эрчим хүч авч байгаа асуудлыг яаж дотоодын эргэлтэд оруулах вэ гэдгээ ярилцлаа. Үүнтэй холбоотой саналуудыг бэлтгэж байна. Үүнээс гадна татварын маргаантай асуудал үүссэн байгаа. Энэхүү маргааныг Монгол Улсын хууль, журмын дагуу яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр Ажлын хэсэг гаргасан. Одоо ажиллаж байна. Шаардлагатай гэвэл Арбитрын шүүхэд хандах нөхцөл байдалд орж магадгүй.
-Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ?
-Энэхүү гэрээтэй холбоотой гүний уурхайн далд бүтээн байгуулалттай холбоотой асуудал үүссэн байгаа. Шүүх дээр явж байгаа нөхцөл, байдлыг ярилцсан. Цаашид энэхүү гэрээг хэрхэн сайжруулах вэ, хууль тогтоомжид яаж нийцүүлэх вэ гэдэг асуудал дээр тусгай Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. “Рио Тинто” бол нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна "Туркойз Хилл ресурс" болон бусад компани бий. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Энэхүү байр сууриа нэгтгэлээ.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх үү?
-Үргэлжлэх ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалт цаашаа явах ёстой. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй, шаардлагатай. Нөгөө талаараа ногдол ашиг авах асуудал хойшилсон. Харин удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналтай байгаагаа ярьсан. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд тэрхүү хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, үрэлгэн байна гэдэг нөхцөл байдлыг тавихаар бэлдэж байна. Энэ тохиолдолд нийгмийн хариуцлагын сан байгуулж, Монгол Улсын Засгийн газарт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар яригдсан. Бид тийм төслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгнө.
-Тэгвэл Оюутолгойн үндсэн гэрээтэй холбоотой асуудлаар ямар гарц, гаргалгаа эрэлхийлж байна вэ?
-Үндсэн гэрээтэй холбоотой асуудал дээр дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой. Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө.
-Тэгэхээр Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнийг чөлөөлнө гэсэн үг үү?
-Энэ асуудал яригдаж байгаа. Одоогоор манай талаас ТУЗ-ийн гуравхан гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой юм. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз. Дээр нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн чадавхыг сайжруулна. Нэг үгээр хэлбэл, олон улсын түвшинд нь аваачих болно. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гарсан шийдвэрүүдэд аудит хийж үзсэн. Хууль, тогтоомж зөрчсөн асуудал байна.
-Тэдгээр зөрчлийг хуульд хэрхэн нийцүүлэх вэ. Тийм боломж харагдаж байна уу?
-Хэрхэн, яаж хуульд нийцүүлэх вэ гэдгээ ярьсан. Яах вэ, анхны хуралдаан. Бид байр сууриа нэгтгээд "Рио Тинто"-той зөвшилцлийн ширээний ард сууна. Үндсэндээ байр сууриа нэгтгэсэн хуралдаан болсон гэж ойлгох хэрэгтэй.
-Та бүхний гаргасан шийдвэр, асуудлыг нөгөө тал хэрхэн хүлээж авах бол. Өнгөрсөн хугацаанд та бүхэнтэй уулзалт хийсэн үү?
-Монгол Улсын Засгийн газар шийдвэр, саналаа гаргана. Энэ бол ил тод, нээлттэй явах ёстой асуудал. Миний хувьд ажлын хэсгээс өмнө нэг удаа уулзсан. Хэд, хэдэн зарчмын саналыг тавьсан. Засгийн газраас өөр ямар нэгэн байдлаар улстөрчтэй холбогдохгүй байхыг хүссэн. Ямар нэгэн байдлаар олон улсын түвшинд сурталчилгаа хийхгүй байх саналыг тавьсан. Бүх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэх ёстой. Өөр тохиолдолд бидний итгэлцэл алдрах болно шүү гэдгийг анхааруулсан. Энэ бүхэн дээр шаардлагатай, шат дараалсан арга хэмжээг тухай бүрд нь авч явах болно.
-Энэ Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний хоёр талд сууж амжих уу?
-Хугацаа их орно. Энэ асуудлыг нэг хоёрхон сарын хугацаанд шийдэх боломжгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж үүнийг шийднэ. Нэг төвөгтэй зүйл байгаа нь маргаан үүсэх бүрд арбитр дээр очих гэрээ байгуулчихсан.
-Та сая “Рио Тинто” компанид улстөрчидтэй уулзахгүй гэх саналыг тавьсан гэж хэллээ. Манай улстөрчид уулзах гээд байдаг юм уу?
-Яах вэ, шулуухан хэлэхэд өмнө нь ордонд орж ирээд уулзалт хийдэг, орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулздаг байсан нь нууц биш. Үүнээс болж л Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудлыг шахалтад оруулж захирамжаар хийснээс болж алдаа гарсан тохиолдол байдаг. Санхүүгийн тооцоолол дээр дутуу хандсан зүйл бий. Өөрсдөдөө хэт итгэж, бардамнаснаас болж олон улсын томоохон хуулийн байгууллагад ялагдсан тохиолдол хүртэл бий шүү дээ. Энэ алдаагаа л давтахгүй явах ёстой. Тиймээс хүлээцтэй, мэргэжлийн түвшинд ажиллах зайлшгүй шаардлагатай.
-Ингэхэд “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас төлсөн. Энэ асуудал юу болсон бэ?
-Улсын ерөнхий прокурор ажлаа хийж чадахгүй 30 хонолоо. Би Улсын ерөнхий прокурорын орлогчтой уулзсан. Энэ асуудал ямар байгаа талаар ярилцсан. Эрүүгийн хэрэг нь шийдэгдээд явж байгаа юм билээ. Хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтэд нээлттэй байх үүднээс энэ асуудлаар хамтарсан хурал хийнэ. Тэнд тодорхой мэдээллийг өгөх болно. Төрд хохирол учруулж болохгүй. Прокурор хуулийн хүрээнд бас ажлаа хийх ёстой. Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилчихсэн байгаа. Хэн нэгэн худалдан борлуулах эрх нь хуулиараа хаалттай байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )