Дарамын Батбаяр
Д.Батбаяр 1941.11.1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор" туульсын киноны зохиол бичилцэж "Дөшин жирмийнхэн", "Гэгээ", "Ногоон сүмийн сүүдэр", "Цөөрөм", "Хайрыг хайрла" зэрэг олон жүжиг бичиж МЗЭ-ийн шагнал, төрийн шагнал хүртсэн байна.Тэр "Өндөрт хатгасан туг" түүхэн найруулал / 1972/, "Жаргалын найман морь" /1974/, "Алтан бөгж" / 1979/, "Шувуу бүхэн жаргалтай" /1983/, "Аниргүйн эрвээхэй" /1983/, "Цахилж яваа гөрөөс" /1984/, "Ирэх өдрүүдийн нар сар" /1987/, "Айсуй баярын зөн" /1990/, "Саахалтын нууранд ангир дуугарна" /1990/, "Амрагийн тэнгэр" /2001/, "Хайрыг хайрла" /УБ, МУЗД 73-р боть 2001/, "Мемонтог бүтээхүй" /2001/ ном бүтээжээ.
Амрагийн тэнгэр
Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсэн чинь Халиунаа эгч,
-Яав?Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглэн,
-Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ.
-Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна?
-Тэгээд, та яагаад зүв зүгээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм?
-Аан! Бас! Гярхай жаал байх нь! Овоо, овоо. Хүн гярхай байхгүй бол аз жаргалынхаа хажуугаар өнгөрчихнө шүү.
-Та, тэгээд юунд инээсэн бэ?
-Чи бас инээмээр байна уу?
-Аа, хаа.
-Бас хөөе! хар нялхаараа байж. Хөлийн чинь тавгийг жаахан гижигдэхэд л чамд болоо. Үхтэлээ хөхөрнө, чи.
-Аа харин инээхгүй.
-Инээхгүй ээ? Инээх хөхрөх хоёр, хоёр өөр гэж үү?
-Өөр байлгүй яах вэ. Инээд гэдэг чинь хүний дотроос гардаг юм. Түүнээс биш гаднаас нь мянга гижигдээд хүн хөхөрнө үү гэхээс инээхгүй. Одоо бол би гижигдсэн ч хөхрөхгүй байх аа.
-Яагаад хөхрөгүй гэж? Тэгвэл би таныг гижигдъе л дээ. Та хөхрөх нь үү, үгүй юү, үз.
-Ухай, бас дуртай юу. Эрийн хугархай гэсэндээ бас хөөрхөн зальтай амьтан байх нь. Битгий нэг бяруу болоогүй байж бухын явдлаар явах гээд байгаарай гээд царайгаа төв болгоход нь би дуугүй болж гутлынхаа хоншоорыг ширтэв. Халиунаа эгч инээд алдан,
-За, яасан? Гомдчихсон уу? За, за худлаа, худлаа. Эгч нь тоглосон юм. Хөөе! Би чамд ёстой нандин юмаа үзүүлэх үү гэхэд нь би баярлан,
-Тэг!
-Харин чи хэнд ч үг алдаж болохгүй шүү.
-Алдахгүй ээ.
Халиунаа эгч намайг дагуулан Чулуут голын нэгэн цүнхээлийн эрэг дээр очин ус руу зааж,
-Тийшээ хар. Юу харагдаж байна гэлээ.
-Загас явж байна. Алгана юмуу даа.
-Үгүй, үгүй, загасны цаана юу харагдаж байна.
-Загасны цаана уу? Аа, бас нэг загас. Цаана нь бас нэг!
-Хн! Чамд ямар ч авьяас алга.
-Ямар авьяас?
-Дурлах авьяас.
-Аа харлаа, харлаа. Нэг цагаан цагираг юм байна.
-Тэр чинь.
-Юу юм бэ?
-Мөнгөн бөгж. Би эртээр зүүж ирээд ээжээс айгаад хийчихсэн юм. Хэн ч мэдэхгүй, хэн ч харахгүй, гоё газар хадгалсан байгаа биз дээ гээд өнөөх хачин сонин инээмсэглэлээрээ инээмсэглэв. Тэгэхэд л би анх удаа Халиунаа эгч ямар сайхан шүдтэй юм бэ гэж бодлоо.
-Энэ ямар учиртай бөгж гэж чи бодож байна?
-Мэдэхгүй.
-Би чамд ярьж өгөх үү.
-Тэг.
-Аа, больё, больё. Аягүй бол чи үе тэнгийнхээ банди нарт чалччихна.
-Үгүй дээ! Би хэнд ч хэлэхгүй. Би тэдэнтэй чинь барилдахаас өөр юу ч ярьдаггүй юм.
-Нээрэн биз?
-Нээрэн,нээрэн
-Тэгвэл чи шанд нь маргааш үдээс хойш миний оронд хонь жаахан хариулж өгнө шүү.
-Тэгье. Өдөржин ч хариулсан чадна.
-Лав биз?
-Лав гээд толгой дохиход минь Халиунаа эгч сууж байсан чулууныхаа дэргэдэх том хар чулуун дээр хуруугаараа ямар нэгэн юм хий бичих зуураа,
-Би байнаа гээд үгээ эхэлснээ дуугүй болон мөнөөх хар чулуугаа ширтэн инээмсэглэж,
-Энэ бөгжийг надад нэг хүн өгсөн юм байхгүй юу. Хотод их сургуульд сурдаг юм. Одоо амралтаараа ирчихээд байгаа юм... Ямар гоё, гоё юм ярьдаг гэж санана. Биширмээр... Тэр өөрийнхөө зүүж явсан бөгжөө надад өгсөн юм... Чи мэдэхгүй л дээ. Бөгж өгнө гэдэг чинь цаанаа нарийн учиртай байдаг байхгүй юу. Чи дурлал гэж юу байдгийг мэдэх үү гээд миний өөдөөс харлаа. Нэг тиймэрхүү юмыг хэлдэг гэсэн там тум төсөөлөл надад байсан бөгөөд тэр зүйл надад нэг ч их сонирхолтой санагддаггүй байсан болоод ч тэр үү, аль эсвэл мэдэхгүй хүн болж Халиунаа эгчээр "нууц" юмыг нь яриулчихъя гэсэндээ ч тэр үү би толгой сэгсрэв.
-Ямар гоё юм байдаг гэж чи санана. Чамайг миний оронд хааяа хонь хариулж өгч байх юм бол чинь чамд ярьж өгч байнаа.
-Чадна. Би таны орноос хонины чинь ээлж бүхэнд явж өгч байсан ч чадна.
-Их сайн байна. Энэ янзаараа байгаад байвал чи, хүнээр гайгүй амьтан болно шүү. Гэхдээ ээлж болгондоо ч би чамайг хонинд явуулахгүй ээ. Тэгэх юм бол чи бид хоёр "баригдана". Хааяа, хааяа хагас өдрөөр, миний яв гэсэн үед л явж өгч байгаарай гэхэд нь би толгой дохиод,
-Танд энэ бөгжийг өгсөн хүнийг чинь хэн гэдэг юм бэ?
-Бас даврах нь! Зүгээр л байж үзээрэй. Чи түүний нэрээр яах гэсэн юм?
-Зүгээр л... Сонирхсон юм.
-Хн! Их гоё нэртэй гээд л бодчих. Тийм нэр манай энэ хавьд л лав байхгүй, нээрэн шүү. Ертөнц дээр ч тийм сайхан нэртэй хүн ховор байх гээд дуугүй болон голын урсгал дагуулан алсыг ширтэв.
Энэ өдрөөс хойш ертөнц дээр дурлал гэж нэг их гоё юм байдаг, дурласан хүн Халиунаа эгч шиг сайхан инээмсэглэдэг, бас тэр дурлал гэдэг юмыг гүн усны цүнхээлд хадгалдаг гэдгийг мэдсэнээс хойш урьд өмнө сонирхогддог байсан юмс сонин биш болов. Тэр ч бүү хэл үе тэнгийн хүүхдүүдтэй барилдах ч, барилдаад дийлэх ч, загас жараахайтай хөөцөлдөх ч сонин биш болчихов. Харин юм бүхнийг гярхай ажиглан, тэр юманд дурлал байгаа эсэхийг мэдэх гэж эрмэлзэх боллоо. Инээж байгаа хүмүүсийг хармагцаа би инээж байна уу, хөхөрч байна уу гэдгийг нь ялгах гэж мэрийнэ. Ингэж ажиглаж яваад аав ч, ээж ч, Халиунаа эгчийн ээж ч Халиунаа эгч шиг инээдэггүй болохыг анзаарснаас гадна ээж, Халиунаа эгчийн ээж хоёрт мөнгөн бөгж байхгүй, тэд зөвхөн алтан бөгжтэй болохыг нь мэдэж, тэдэнд дурлал байдаггүй юм байна гэж ухаарсан бөгөөд ерөөс манай хотонд дурлал гэдэг тэр сонин сайхан юмыг зөвхөн Халиунаа эгч бид хоёр л мэддэг, тэр гоё юм Чулуут голын цүнхээлд гялалзан харагдаж байдаг гэж бодохоос өөрийн эрхгүй баяр хөөр төрнө. Бас түүнээс гадна хүмүүс сайхан, муухай нэртэй байдаг, ертөнц дээрх хамгийн сайхан нэр бол Халиунаа эгчийн нэр гэж бодогдон, хээр хөдөө хонь малын захад явахдаа "Халиунаа, Халиунаа" гэж өөртөө шивнэн, заримдаа унаж яваа мориныхоо чихийг сортосхийтэл нь чангаар "Халиунаа" хэмээн өгүүлдэг байлаа. Хэд хоногийн дараа Халиунаа эгч намайг сэм дуудан, бусдаас зайдуу аваачаад,
-Өчигдөр ямар гоё юм болсон гэж чи санана. Одоо ч ул мөр нь надад байж л байгаа.
-Алив үзье.
-Над руу сайн хар. Чи ч харахгүй л байх аа даа. Чиний нүд чинь нээгдээгүй байгаа. Одоохондоо чи бол өндөг.
-Тэр хавьцаа байгаа гээд та хэлээд өг л дөө. Тэгвэл чинь би харна.
-Энд. Уруул дээр... Юу харагдаж байна?
-Юу ч харагдахгүй байна.
-Харахгүй гэж би чамд хэлээгүй юу. Өндөг юм харж байхыг чи үзсэн үү?
-Юу байгаа юм бэ?
-Түүний уруулын мөр миний уруул дээр байгааг чи харахгүй байна уу... Өчигдөр намайг үнссэн. Ямар үнсдэг гэж чи санана гээд нүдээ анин хуруугаараа уруул дээгүүрээ ямар нэгэн юм тэмтрэн инээмсэглэхэд нь Халиунаа эгчийн өнөө гоё танан цагаан шүд нь гэрэлтэй юм шиг яралзана. Халиунаа эгчийг би ийм гоё уруултай болохыг нь өдий болтол хараагүй явснаа бодохоор үнэхээр л би "өндөг" юм даа гэж өөрийгөө зэмлэн, хүний уруул дээр уруулын мөр байгаа эсэхийг нь ганц хараад л мэдчихдэг болъё гэж бодлоо. Тэр өдрийн маргааш өглөө Халиунаа эгч надаас,
-Урьд шөнө чи ямар зүүд зүүдлэв гэж асуулаа.
-Мэдэхгүй, зүүдлээгүй байх аа. Та зүүдэлсэн юмуу?
-Зүүдэлсэн. Чи намайг ямар сайхан зүүд зүүдэлсэн гэж санана. Сэрчихээд уруулаа хэлээрээ шилэмдэхэд амт нь амтагдах шиг санагдсан.
-Аа, мэдлээ! Та их гоё юм идэж зүүдэлсэн үү?
-Юун идэх юм! Тэрнээс чинь хамаагүй гоё.
-Тэгээд, та ямар зүүд зүүдэлсэн юм бэ?
-Тийм зүүдийг хүнд ярьдаггүй юм.
-Яривал яадаг юм?
-Хэн нэгэн хүнд ярьчих юм бол чинь зүүдэлсэн зүүд чинь бүтдэггүй юм.
-Тэгвэл та надад битгий яриарай.
-Чи нээрэн овоо жаал шүү. Овоогий чинь бодвол ярьчихмаар л байна. Даанч болохгүй л дээ. Яагаад гэвэл би тэр зүүдийг бүтээсэй гэж бодоод байгаа юм.
Яах юм, яах юм гэсэн хэрнээ "ямар зүүд зүүдэлсэн юм бол. Яриад өгөөч гэвэл ярих л байсан даа" гэж бодохоор бяцхан харамсал төрж байсан боловч,
-Таны зүүд чинь бүтнээ гэж хэлэхэд Халиунаа эгч баярласан янзтай,
-Ерөөлөөр чинь болог гэлээ.
-Сайхан зүүд зүүдлэх үнэхээр сайхан уу?
-Сайхнаар барах уу. Өдөржин сэтгэл өег явна гээч. Зарим сайхан зүүд бүр хэдэн өдөр ч сэтгэл санаанаас гардаггүй юм. Ер нь орчлонд зүүд шиг сайхан юм хаа байна. Хүн зүүдэндээ жаргадаг шигээ жаргадаг ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд шүү дээ. Дамаан бусдын зүүдэнд орох!
-Бусдын зүүдэнд орох оо?
-Тийм. Тэр намайг хэдийнэ зүүдэлсэн гэсэн.
-Ямар гоё вэ! Таныг хүн зүүдлээд л...
-Чамайг ч гэсэн мөд зүүдэлнэ шүү дээ.
-Хэн?
-Хэн нэгэн хүн...
"Хэн нэгэн хүн" гэсэн нь надад хачин сонин санагдав. "Хэн намайг зүүдлэх юм бол?" гэж бодохоор өөрөөс нь өөр хүн эс олдоно. "Тэгвэл мөн гоёо. Их сайхнаар зүүдлэгдэх юмсан. Хэрэв намайг зүүдэлвэл, зүүдэлснээ надад хэлэх болов уу..." гэхчилэн элдвийг угсруулан бодсоор заримдаа би Халиунаа эгчид зүүдлэгдчихсэн юм шиг болж, хариуд нь өөрийг нь хэн ч зүүдлээгүй сайн сайхнаар зүүдлэх сэн гэж мөрөөдөн хэдэн шөнө дараалан зүүдлэх гээд чадсангүй. Халиунаа эгч зүүдэнд минь орж өгөхгүй байлаа. Магадгүй, өөр хүний зүүдэнд ороод байгаа болохоор ч тэр байж мэднэ.
Заримдаа "Та миний зүүдэнд орооч" гэж гуймаар санагдана. Тэгж гуйж болохгүй гэдгийг зөнгөөрөө мэдэж байгаа хэрнээ харцаар гуйдаг байлаа. Төдөлгүй Халиунаа эгч нэг их сонин үгтэй дуу аялах болов.
-Та хаанаас ийм гоё дуу сураа вэ?
-Тэр надад зааж өгсөн юм.
-Та тэгээд яасан амархан сурдаг юм.
-Дуу сурах, ер юу байх вэ дээ. Харин мартах нь л хэцүү.
-Мартаж яах юм, дуулаад л байхгүй юу.
-Чи мөн ч нялхаараа байна даа. Хуучнаа мартахгүй бол яаж шинэ дуу сурах юм.
-Сурсан дуугаа мартах амархан уу?
-Гайгүй ээ. Зарим нь мартагдахгүй зовоодог л юм гэснээ санаа алдаад "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гээд нэг л уйтгартай аялав.
-Та яагаад ийм их уйтгартай байгаа юм бэ?
-Учрах хагацах гэж үнэхээр айхтар юм байдаг юм байна даа гээд санаа алдан,
-Нөгөөдөр хот руугаа явчихна. Шувуугаа дагаад явчихаж чаддаггүй нуур шиг л мэлтийгээд хоцорно доо гээд харцаа надаас буруулав. Нүдэнд нь нулимс дүүрч ирэхийг зэрвэсхэн харсан болоод ч тэр үү, аль эсвэл нулимс унаган суугаа бүсгүй хүн аргадаж үзээгүйдээ ч тэр үү, яах ч учраа олж эс чадан дэмий л баахан дуугүй суув. Халиунаа эгч алчуур гаргаж нүдээ арчаад,
-Би чамд хэлээгүй байх аа даа, энэ алчуурыг тэр надад өгсөн юм гээд надад өгч үзүүлэв. Эргүүлж тойруулж үзэж байсан чинь нэг их содон үнэр гарах шиг болохоор нь үнэрттэл Халиунаа эгч миний гараас алчуураа булаах шахуу аваад,
-Үүнээс хойш, түүнээс цааш бүсгүй хүний алчуурыг битгий үнэрлэж байгаарай гэлээ.
Тэр өдрөөс хойш Халиунаа эгчийн нулимс мэлтэгнэсэн хар нүд хонь малд явсан ч, тооно ширтэн хэвтэж байсан ч нүдэнд минь харагддаг болчихов. Сэрүүн байхад нүд, шүд, дуу хоолой нь дэргэд юм шиг нүдэнд ийм тод томруун харагддаг хэрнээ огт зүүдлэгдэхгүй байгаад нь би гайхна. Халиунаа эгчийг зүүдэлж чадахгүй байгаа маань би өөрөө түүний зүүдэнд орж чадахгүй байгаатай л холбоотой юм шиг бодогдоно.
Алчуураа надад үзүүлсэн тэр өдрийн нөгөөдөр орой нь Халиунаа эгчээр нөгөө шинэ дууг нь заалгая гэж бодон, саах хонь буцааж явахад нь гүйж очлоо. Миний бараанаар Халиунаа эгч газар суун намайг хүлээж байлаа. Би гүйж очин дэргэд нь суугаад "Нөгөө дуугий чинь заалгая" гэж хэлэх санаатай түүний зүг хартал Халиунаа эгч хүзүүн дээрээ хүнд чимхүүлчихсэн харагдав. Тэгэхээр нь би,
-Эгчээ, таны хүзүүг хэн чимхчихээ вэ гэлээ. Халиунаа эгч,
-Юу?! гээд хүзүүгээ гараараа тэмтчихээр нь би гарыг нь өнөө чимхчихсэн сорви дээр аваачин,
-Энд. Бүр улаан сорвитой болтол нь чимхчихэж.
-Яанаа. Ээж харчихаагүй байгаа гээд хоолойныхоо товчийг товчлоод,
-Одоо харагдаж байна уу?
-Үгүй
-За, яамай. Ямар азаар чи харав аа гээд санаа алдан тонгойж,
-Яваад өгсөн шүү дээ гэж хоолой зангируулан хэлэв. Ийм үедээ надад дуу зааж өгөхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн би хэлэх гэснээ хэлсэнгүй. Харин "яваад өгсөн шүү дээ" гэдэг үгийг сонссоноосоо хойш яагаад ч юм надад нэг их баяр хөөр төрж, түүнээ Халиунаа эгчээс нууж ядан суулаа. Хэрэв тэр үед миний нүүр өөд харсан сан бол урьд хожид үзэгдэж харагдаагүй инээмсэглэлийн минь ул мөрийг олж харах байх даа. Чухам яг энэ өдөр би Халиунаа эгчид тэр нөгөө содон үнэртэй алчуур шиг нь алчуур авч өгье гэж бодсон билээ. Энэ хүслээ биелүүлэхийн тулд ааваас ном авна гэж хэдэн төгрөг аваад сумын төв орж бүх л дэлгүүр мухлагаар нь орсон боловч олсонгүй. Хожим хойно би тийм алчуурыг хаа ч худалддаггүй болохыг мэдсэн юм. Гоё нэртэй хүнээ явчихсанаас нь хойш Халиунаа эгч "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гэсэн сонин үгтэй дуугаа үргэлж шахуу аялаж явах болсон учраас би заалгах ч зовлонгүй, хар аяндаа сурчихав. Нэг өглөө үхэрчилж явтал Халиунаа эгч инээд алдан гүйж ирээд намайг тэвэрч хоёр хацрыг минь ээлжлэн үнсч, толгойг минь цээжиндээ удтал тэврэн,
-Би урьд шөнө цаадахыг чинь зүүдэлсэн. Одоо надад удахгүй захиа ирнэ, мэдэж байна уу чи, захиа гэж юу болохыг гэхэд нь би арай чүү шүлсээ залгин,
-Мэдэж байна. Та бас зүүдэнд нь орсон болоод л тэр гэж хэлэхдээ хатан аргасан хоолойныхоо хэрхэн чичирч байгааг мэдэрлээ. Аз болоход Халиунаа эгч анзаарсан ч янзгүй,
-Нээрэн, тийм байх шүү. Чи бас тэгж ээ байгаад эрийн хагархай юмаа хэмээн баярлан өгүүлэв.
Тэгэхэд л би Халиунаа эгчийг ямар халуун, зөөлөн уруултай болохыг, түүний цээжинд толгойгоо наан зогсоход хамаг биеэр минь түүний биеийн халуун илч гүйж байсныг дахин дахин амтархан бодож, Халиунаа эгчтэй өвөрлөлдөөд унтах ямар сайхан бол гэж сэмхэн мөрөөснө.
Захиа ирэх хугацаа өнгөрч удах тусам Халиунаа эгч дуугаа хураан, нөгөө бөгж байгаа цүнхээлийнхээ эрэг дээр ганцаар суух нь ихэслээ. Бид хоёр нөгөө бөгжөө уурганы үзүүрээр гогдон авах гэж байгаад ёроолынх нь лаг шаварт шигтгэн алга болсгочихсоноос хойш бүр ч гунигтай байдаг боллоо. Би хэдийгээр Халиунаа эгчийг инээлгэж, хөгжөөж чадахгүй байгаадаа гутрах авч дотроо захиа битгий ирээсэй гэж бодно.
Нэг өдөр Халиунаа эгчийг Чулуут голын эрэг дээр ганцаархнаа сууж байхад нь би очлоо. Халиунаа эгч уйлсан бололтой байв.
-Та яагаа вэ?
-Яагаа ч үгүй ээ.
-Тэгээд, та яагаад уйлсан юм гэхэд Халиунаа эгч уртаар санаа алдан,
-Том болоод хүнд битгий сайн болоорой.
-Яагаад тэр вэ?
-Чамд юу ч байхгүй болох болно.
-Ямар юм байхгүй болно гэж. Зүүд үү?
-Ямар юм байхгүй болохыг нь чи эхлээд мэдэх ч үгүй. Харин байхгүй болсон хойно нь л чи юу байхгүй болсныг мэдэх болно.
-Байхгүй болчингуут нь хаа нэг газраас авчихүй юу.
-Чи ч үнэхээр нялх амьтан юм даа. Буцаж олддог, хаа нэг газраас авчихаж болдог юм чинь байхгүй болдоггүй юм... Энэ үгийнх нь учрыг би намар орой болж, манай хоёр өөр өөрийн өвөлжөө бууцыг бараадан хоёр тийшээ салж нүүх болоход мэдэв. Тэгэхэд би цүнхээлийн ёроолд алга болчихдог өнөөх мөнгөн бөгж шиг нь бөгж авч өгнө гэж өөртөө андгайлж билээ.
Сургууль цуглаж, хичээл эхлэв. Би ангийнхаа охидыг нэг бүрчлэн ажиглавч Халиунаа эгч шиг нүд шүдтэй, Халиунаа эгч шиг инээмсэглэдэг охин олж харсангүй. Бусад ангиудад ч, сумын төвийн хүүхнүүдийн дунд ч Халиунаа эгчтэй төстэй хүн байхгүй байлаа. Намрын сүүл сар гарч байх үед Халиунаа эгчийг хот уруу явчихсан сураг дуулдаад чимээ тасрав. Тэгмэгц нь би Мижид дарханаар мөнгөн бөгж цохиулна гэж цуглуулж байсан хэдэн төгрөгөө бүр олон болгож байгаад хот орж эрдэм сураад, Халиунаа эгчийг олж уулзан биширмээр гоё гоё юм ярина гэж шийдэн, аав ээж, ах эгчийн өгсөн мөнгийг элдэв аар саарханд үрэлгүй ширхэгчлэн хямгадсаар овоо ч хэдэн төгрөгтэй болж байтал байрны маань ахлах ангийн хүүхдүүд дээрэлхэн хайрцаг савыг минь нэгжиж байгаад бүгдийг нь олоод авчихав. Би багш, захиралд хэлье гэтэл "юун мөнгө, яах гэж энэ их мөнгийг хадгалж байсан юм" энэ тэр гэж байцаах л лав тул яаж ч чадалгүй өнгөрөв. Тэгэхэд л нулимс ямар шорвог гашуун байдгийг мэдэрч билээ.
Тэр цагаас хойш Халиунаа эгчийн барааг харалгүй хичнээн ч жил болж вэ дээ. Он жил улирах тусам Халиунаа эгч бид хоёрын нас улам ойртсоор бид хоёр чацуу болж, төдөлгүй би Халиунаас ах болж, жил өнгөрөх тусам Халиунаа бид хоёрын нас эргэж ойртохын аргагүй холдсоор л байнам.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )