Ирэх сарын 9-нд АНУ-ын Лос-Анжелесийн “Долби” театрт кино урлагийн дээд шагнал болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болох гэж байна. Энэ үйл явдалд зориулан, алдарт тамирчдын тоглосон арван киног танилцуулъя. Найруулагчдын хувьд тамирчдыг урих нь киноныхоо нэр хүндийг өсгөх боломж бол алдарт тамирчдын хувьд өөр салбарт хүч чадлаа сорих, мөнгө олох бас нэгэн эх сурвалж болж өгдөг билээ.
“Үхлийн тоглоом”, Game of Death, 1978 он.
Дүрд: Карим Абдул-Жаббар.
Америкийн алдарт сагсан бөмбөгч Абдул-Жаббар хоёр зүйлээр түүхэнд нэрээ үлдээсэн. Юуны өмнө Карим НБА-гийн түүхэн дэх хамгийн их оноо авсан тамирчин. Хоёрдугаарт, тулааны урлагийн домог Брюс Литэй гар зөрүүлж үзсэн хүн. Ли, Карим хоёр “Үхлийн тоглоом” кинонд бүтэн таван минут тулалдсан. Харамсалтай нь энэ кино Брюс Лигийн сүүлчийн уран бүтээл байлаа. Кинонд Ли Каримийг боох мэхээр ялдаг билээ.
“Бирд”, Kazaam, 1996 он.
Дүрд: Шакил О’Нил.
Тамирчдад ихэнхдээ туслах дүр оногддог бол Шакил О'Нил энэ киноны гол дүр Бирдэд тоглосон юм. Тэр сургууль дээрээ үргэлж дээрэлхүүлдэг Макс хүүд туслахаар гарч ирнэ. Хүнд ухаарал хайрласан инээдмийн кино.
“Спэйс Жэм”, Space Jam, 1996 он.
Дүрд: Майкл Жордан.
XX зууны сүүлчээр НБА-гийн одод кино урлагийн ертөнцөд олуулаа орж ирсэн ч ганц Майкл Жордан хүүхэлдэйн кинонд тоглож, онцгой гэдгээ баталсан. Дэлхийд халдсан харь гарагийнхантай тэр сагсан бөмбөг тоглох санал тавина. Кинонд Чарльз Баркли, Патрик Юинг, Магси Богз, Ларри Жонсон, Шон Брэдли, Лари Бёрд нарын НБА-гийн одод мөн гардаг.
“Алдар хүндийн 15 минут”, 15 Minutes, 2001 он.
Дүрд: Олег Тактаров.
Тулааны урлагийн дэлхийн аварга Тактаров Роберт Де Ниротой хамт тоглосон. Нью-Йоркт ирсэн орос цагаач видео камер хулгайлан, гэмт хэргийн зураг авч эхэлсэн тухай гарна. Олег Холливудын олон кинонд дүр бүтээсэн билээ.
“Астерикс олимпын наадамд”, Asterix at the Olympic Games, 2008 он.
Дүрд: Михаэль Шумахер, Зинедин Зидан.
Инээдмийн энэ кинонд “Формула-1” уралдааны од Шумахер, Францын хөлбөмбөгч Зидан нар дүр бүтээсэн. Михаэль морин уралдааны тамирчин Шумиксийн дүрийг бүтээсэн бол өтгөн үстэй египет эрийг хараад Зидан гэж танихад бэрх. Энэ кинонд сагсан бөмбөгч Тони Паркер, мэргэжлийн бөх Натан Жонс, теннисчин Амели Моресмо нар бас гардаг.
“Шарталт”, The Hangover, 2009 он.
Дүрд: Майк Тайсон.
Тасартлаа уудаг анд найзуудын тухай энэ кинонд алдарт боксчин өөрийнхөө дүрийг бүтээсэн. Кинонд гардаг бар ч үнэн бодит явдал бөгөөд Майк нэг хэсэг гэртээ гурван бар тэжээдэг байлаа. Энэ барыг найзууд хулгайлснаар кино өрнөлдөө ордог.
“Эрикийн эрэлд”, Looking for Eric, 2009 он.
Дүрд: Эрик Кантона.
Францын шигшээ, “Манчестер Юнайтед” багийн тоглогч Кантона кинонд олон тоглосон хүн. “Эрикийн эрэлд” кино ижил нэртэй хоёр эрийн тухай өгүүлнэ. Нэг нь “МЮ” багийн шууданч бол нөгөөх нь тус багийн алдарт тоглогч. Кантона шууданчийн зүүдэнд орж ирэн, стрессээс гарах боломж олгох болно.
“Нокаут”, Haywire, 2012 он.
Дүрд: Жина Карано.
Холимог тулааны мастер бүсгүй Карано өмнө нь олон кинонд туслах дүр бүтээж байсан. Харин найруулагч Стивен Содерберг “Хүнд цохилт” киноныхоо гол дүрийг түүнд өгсөн. Карано нууц тагнуулын дүр бүтээсэн юм.
“xXx: Ксандер Кейж эргэн ирсэн нь”, xXx: Return of Xander Cage, 2017 он.
Дүрд: Неймар.
Бразилын од Неймар хэдхэн минут л дэлгэцэд гардаг. Неймар Агастус Юдин Гиббонстой өдрийн хоол хамт идэж, кафед орж ирсэн дээрэмчнийг ам арчих цаас өшиглөн, унагааж чаддаг.
“Артур хааны илд”, King Arthur: Legend of the Sword, 2017 он.
Дүрд: Дэвид Бекхэм.
Энэ кинонд тоглоод Бекхэм тун их шүүмжлүүлсэн. Тэр хүлэг баатар Триггерийн дүрийг бүтээсэн. Дүр гэхэд бас хэцүү. Дэвид хэдхэн секунд гарах бөгөөд фэнүүд нь энэ хэдэн хормын төлөө нэр хүндээ унагаасан гэж шүтээнээ шүүмжилж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )