Видео: Уханьд ажиллаж байгаа эмч нар бол БААТРУУД

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Шинэ төрлийн коронавирусиийн халдвар гарсан Ухань хотод байдал түгшүүртэй хэвээр байна.

Өглөө сэрэхэд л хэн нэг нь өвдөж, нас барагчдын тоо хэдэн арваар нэмэгдэнэ.

Өвчний яг голомтод ажиллаж байгаа Ухань хотын эмч, сувилагч нар тун хүнд нөхцөлд, нойр хоолгүй зүтгэж, эмч хүний ариун үүргээ биелүүлсээр байна. Тэд өглөө үүр цайхаас шөнө дөл болтол ажиллаж байна. Шөнө л хоолоо иддэг. Ажлын байр, хүнд өвчтөнөө орхиж болохгүй тул памперстай ажиллана. Үс нян дамжуулагч байж болох тул ихэнх нь үсээ хусуулжээ.
 


Эмч, сувилагч нарт өөрсдөд нь чанартай хамгаалалтын хувцас, эм тариа дутагдах үе олон. Өөрсдөө стресст орж байж, өвчтөнүүдээ тайвшруулах үүрэгтэй. Хүмүүсийг айлгаж, сандаргаж болохгүй тул онош тодрохоос нааш өвчтөнд халдварын сэжиг илэрлээ гэж хэлж ч болохгүй.

Сувилагч Донг Тингтинг өөр мужаас Уханьд томилолтоор ирсэн хүн.

“Би зургаан цагийн ээлжээр ажилладаг. Гэхдээ энэ зургаан цаг дотор ариун цэврийн өрөө орж амждаггүй тул том хүний памперс зүүгээд ажилладаг” гэж ярьж байна.
 

Өдөр ирэх тусам өвчтөний тоо нэмэгдэж байгаа тул ихэнх эмч, сувилагч нар памперстай ажилладаг болжээ. Живхтэй ажиллах бас нэгэн шалтгаан бол хамгаалалтын хувцсаа тайлж байгаад санамсаргүй урж, цоолохоос айж байгаа юм. Өөр солих хамгаалалтын хувцас байхгүй тул өөрөө халдвар авна гэсэн үг.
 

Өвчний нянг тараах эрсдэлтэй гэж үзсэн тул үсээ ч хайрласангүй. 30 настай Шань Сягийн зураг chinadaily.com.cn сайтад гарсныг дэлхий дахин харсан билээ. Шань ариун цэврийн шалтгаанаас гадна халзан толгойтой хамгаалалтын хувцас өмсөхөд цаг хэмнэдэг тустай гэж ярьсан байна. Голомтод ажиллаж байгаа хүмүүс 6-7 давхар хамгаалалт өмсөнө.
 


Гэхдээ анх өвчин гарч байхад эмч, сувилагч нар маск зүүгээд, жирийн халаттай ажиллаж байсныг болоход ажлын нөхцөл сайжирчээ. Тэр үед олон эмч халдвар авч, өвчтөний эгнээнд шилжиж байсан гэнэ.   

Ийм хүнд нөхцөлд тэд ажилласаар байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(192.82.65.173) 2020 оны 01 сарын 31

Timee. Wuhand sn duraaaraa ochij ajillaj bga emch nar bol yah argagvi baatruud. Ted vhlees aidaggvidee bish nit hvn turulhtuni tuluu ami bie zoriulj bn. Ene virus gazar awah yum bol hytad mongol baruunihan gej yalgaj vzne gej vv. Tim bish. Imees golomt deer n nam darah heregtei. Manaihaas ochij ajillah gej bga emch nar bol mun er zorigtnuud. Bid muusain hytaduud gedeg handlagaar bish uursdin ireedvi, sn shni tuluu tedni tuluu bas zalbirah heregtei. Hytad uls l ene tarhatsig zogsooj chadna. Herwee chadahgvi bol bid hichneen hilee hagaach nemergvi. Bid nar Globalchlagdsan erind amidarch bn.

0  |  0
Top