Халаасандаа тэсрэх бөмбөгтэй намын дарга нар сонгуульд марш!!!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

НЭР ДЭВШИГЧДИЙН ХУВЬ ЗАЯА ОЮУТНУУДЫН ГАРТ Ч ОРОХ ҮЕ БИЙ

 

Сонгууль дөхөх тусам улс төрийн намын дарга нар өөрсдийнхөө халаасанд тэсрэх бөмбөг нэмсээр байна. Тэр тусмаа улс төрийн ууган хүчинд суудал авах өндөр магадлал бүхий нөхдөд мандат олгохгүй гэсэн бор шувууд тойрог бүрээс л нисэн ирж байгаа нь том аюул. Улс төрийн ороо бусгаа энэ цагт нэр дэвшигчдийг бүлэг фракцаар ангилах, улс төрийн өнцгөөр харах, хувийн үзэл бодлоос үүдэн мандат олгох юм бол улс төрийн нам сүйрнэ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл хоёр ч удаа МАН-д суудал чирч ирсэн Н.Номтойбаярыг хоёр ч байнгын хороогоор асуудлыг нь хэлэлцээд болохгүй болохоор МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр түүнийг намаас нь хасчихлаа.  Тэрээр ч УИХ-ын чуулганы хуралдаанаар огцрох эсэх асуудлыг нь хэлэлцэх зуурт өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгч санаа амрав бололтой. Ажиглагчдын хувьд Н.Номтойбаярыг МАН-д дархан нэг суудал авчрах гишүүн хэмээн үзэж байна. Хамгийн наад зах нь тэр тойргоо дөрвөн жил усалж тордсон байж таарна. УИХ-д хоёр удаа сонгогдож, салбарын сайд, дэд сайдаар ажилласан хүнд эрх биш төлөвлөсөн ажил байгаа гэхээр сонгогчдод харамсалтай, намд ч хохиролтой байх. Тэр УИХ-ын гишүүний хувиар нийгэмд зохисгүй үйлдэл удаа дараа үзүүлж байсан нь ийнхүү намаас хасах шалтгаан болсныг бүгдээрээ мэдэж байгаа учраас энд дурдах нь илүүц биз.

Гэтэл эх сурвалжийн хэлж байгаагаар ахиад суудал авах хамгийн шаанстай нөхдөд мандат өгөхгүй байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Хэрвээ ингээд улс төрийн нөхцөл байдал, намын дотоод асуудлаас болж, ялалт байгуулах магадлалтай хүмүүсээ мандатгүй үлдээгээд байвал намын дарга тэсрэх бөмбөг нэмж халааслаад байна гэсэн үг. Тэд нэгэнт олон жил усалсан тойрогтоо бие даагаад ч болтугай ямар нэгэн аргаар нэрээ дэвшүүлж таарна. Намаас гэх юм бол угшил нэгтэй МАХН хамгийн ойр байна, Н.Энхбаяр алгаа дэлгээд л угтана. Ялдаггүй юм гэхэд МАН-аас нэр дэвшигчийн саналыг баттай хуваана. Ийм нөхцөлд тэднийг ялагдал тосож уулзана уу гэхээс өөр юу ч байхгүй.

АН, АН-ын дарга С.Эрдэнийн хувьд бол ойлгомжтой. Намын дарга болсноос хойш тэсрэх бөмбөг халаасалсан хүн. Хөдөө орон нутгаас суудал чирэх магадлал бүхий хэдэн нөхөд намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн бол хамгийн найдвартай хоёр суудал болох Ж.Батзандан, Л.Болд нар өрх тусгаарлаад авсан. Мөн Н.Алтанхуяг ч арга ядсан үед нэг суудал гэж найдах хамгийн боломжит дүр. Гэтэл тэр С.Эрдэнэ экс даргатайгаа огт ойлголцоогүй. Н.Алтанхуяг бол яагаад ч Ц.Туваан мэттэй зүйрлэх дүр биш. Энэ тухайд олныг нурших нь илүүц хэрэг. Ерөөсөө АН-д найдлага тавихад тун хүнд. Гэхдээ МАН-ын даргын халаасан дахь бөмбөгний хэмжээ АН-ын сонгуулийн амжилтад ихээхэн нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

Гуравдагчдын орон зайд ихээхэн найдлага тавьж байгаа МАХН даргаасаа эхлээд асуудалтай байна. Н.Энхбаярын хувьд тэсрэх бөмбөг ч бус цөмийн зэвсэг халаасалчихсан. Айсуй сонгуулиар авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан нөхдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн хууль баталсан нь яах аргагүй цөмийн зэвсэг болчихоод байна. Одоогийн байдлаар уг асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа ч шийдэлд хүрээгүй. Анзаарч харвал Үндсэн хуулийн цэц аливаа асуудлыг хурдан шийдэж байгаа ч энэ асуудлыг хойш тавьж байгаа нь шийдвэр гаргахаас илт халгаж байгааг харуулна. Урьд өмнө яг энэ төрлийн заалтыг Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн хэмээн буцааж байсан удаатай. Тэгэхээр Н.Энхбаяр цөмийн зэвсгээ халаасалсаар сонгуульд орох нь тодорхой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын нөхөд түүний эсрэг явж байгаа. Хэдийгээр О.Баасанхүү өөр намаас нэрээ дэвшүүлэх нь тодорхой болсон ч Н.Энхбаярт хэрхэн хариу барихаа мэдэж байгаа. О.Баасанхүү Н.Энхбаяр шиг олон дэмжигч үгүй ч хорлохыг л бодно. МАХН-ыг дунд нь салган Их хурал зохион байгуулж байсан нөхөрт тодорхой хэмжээний орон зай үлдсэн байж таарна. Энэ мэт нь түүнд гай болно уу гэхээс гавьяа болохгүй.

 

ТЭСРЭХ БӨМБӨГТЭЙ ДАРГА НАР СУДАЛГААНЫ ДҮНД ИТГЭВЭЛ ДУУСНА ГЭСЭН ҮГ

Өнөөдрийн байдлаар жижиг, том намууд тойргуудад судалгааны баг гаргасан дуулдсан. Тэндээс хэр бодитой судалгаа орж ирэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тэгэхээр нэг талаараа нэр дэвшигчдийн хувь заяа судалгааны багийн гарт байна. Намын даргын дээр дурдсан ангилал, судалгааны багийн дүн нь нийлж болох ч бодит байдал дээр байнга л зөрүүтэй явж ирсэн төдийгүй ялагдал авчирч байсан түүх цөөнгүй бий.  

Намын санхүүжилт авсан судалгааны баг янз бүрээр л ажилладаг. Хамгийн харамсалтай нь гол төлөв үүрэг өгсөн намын дарга нарт таалагдах дүн танилцуулах хэрэг гардаг тал бий. Мэдээжийн хэрэг чадах чадахгүй олон судалгааны баг бүрдэж, намуудаас ажил олж авах гэж тэмцэл өрнүүлнэ. Тэр тусмаа мөнгөтэй намаас ажил олж авахыг хичээнэ. Тухайлбал, намын дарга гуравдугаар тойрогт нэр дэвших учиртай Батмөнхтэй үзэл бодлын зөрүүтэй, улс төрийн байр суурь таардаггүй учраас түүнд мандат өгөхгүй шийдвэртэй. Гэтэл судалгааны багаас нөхөр Батмөнхыг гуравдугаар тойрогт хамгийн өндөр рейтэнгтэй хэмээн бодит дүн гаргаж ирэх бас хэцүү. Манай нөхцөлд энэ мэт зовлон бий. Нөгөө талаар судалгааны баг маань ямар цэгт хэрхэн ажиллав гэдэг ч өөрөө ихээхэн эргэлзээтэй. 

Миний мэдэхээр л МУИС-ийн Социологийн тэнхим, Улс төр судлалын ангийн хэсэг оюутнууд дайчилдаг байсан. Намуудаас судалгааны ажил авсан нөхөд  мэдээжийн хэрэг ултай суурьтай ажил хийчих түвшний хүн авахгүй. Аль болох хямд зарагдах хүн хайх учраас оюутнууд л олдоно. Оюутнууд л болсон хойно сонгогчдын аль давхаргад ямар ашигтай цэг дээр хэрхэн ажиллах нь тодорхой. Амьдарч байгаа хорооллынхоо ойр орчмын таньдаг хүмүүсээс хүчээр ам асууна. Мэдэхгүй, танихгүй гэвэл өөрсдөө хүний нэр зааж өгнө, өмнөөс нь найз нь, нөхөд нь хариулна, аав ээж, ахан дүүсийн хүрээнд хоол ундны ширээн дээр судалгааны ажил өрнөнө. Өглөөд л олон өнгийн бал халаасалсан нөхөд энд тэнд таньдаг хүмүүс, ойрд уулзаагүй найз нөхөд, аяга пивоны ард судалгааны ажил явагдана. Энэ бол бодит жишээ. Болсон явдал. Одоо яахав, зарим нам боловсронгуй цахим сүлжээний хувилбар нэхэх болсон ч хуучин арга барил цахимд халдварлаж байгаа цагт нөхцөл яг хэвээрээ гэсэн үг.

Энэ утгаараа нэр дэвшигчдийн хувь заяа оюутнуудын гарт байна. Тэр тусмаа намаасаа мандат авах эсэх нь эргэлзээтэй нөхдүүд бол оюутнуудын хувьд юу ч биш. Тэд бас чиг улс төр, нийгмийн судалгааны чиглэлээр суралцаж байгаагийн хувьд энэ мэт зүйлээ гадарлана. Өнөөдөр оюутан байхдаа ийм “ажил” хийгээд гүйж явсан нөхөд миний мэдэхийн УИХ-д ч байна, Засгийн газарт ч байна. Тэд бол энэ судалгаанд даанч итгэхгүй, инээд нь хүрч суугаа. Харин арай мэргэжлийн түвшинд олон жил ажиллаж ирсэн судалгааны байгууллагууд бол өөр дүн гаргаж ирэх байх. Тэднийг хэдийгээр захиалга оруулчихдаг гэх боловч энэ мэт зүйл дээр нуруу алдахгүй. Нөгөө талаас улстөрчид, намууд өөрсдөө хөөстэй судалгаа захиалдаг. Ерөөсөө рейтинг өндөр байх нь сонгогчдын түвшинд заавал давуу тал болдог, тэд үүнийг ихэд эрхэмлэдэг учраас энэ олон судалгааны байгууллагууд амь бөхтэй оршоод байгаа хэрэг. Түүнээс бус манай нөхцөлд олон судалгааны байгууллага даанч хэрэггүй зүйл.

Уг нь улстөрчид, улс төрийн намууд эртнээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нь хамгийн бодит судалгаа болох учиртай, тэр тусмаа сонинуудтай. Сэтгүүлчид бол яах аргагүй өнөөдөр гаргасан зүйлдээ маргааш нь хариуцлага хүлээдэг хүмүүс. Тэд нийгмийн хаана ямар цэг байдгийг хэнээр ч заалгахгүй. Судалгаанд оролцсон сонгогчдын нэр ус, албан тушаал зураг хөрөг гээд бүхий л зүйл сонины нүүрэн дээр бодитоор гаргахаас өөр аргагүй. Редакциас ч ийм шаардлага тавина. Хөдөлшгүй баримт бол энэ, хаашаа ч булзахгүй үнэн бол энэ юм. Нөгөө талаар тэр судалгаа сонины хуудсан дээр зураг хөрөгтэйгөө үлдэж хүн бүхэн дамжуулан уншина гээд олон давуу талтай. Түүнээс судалгааны баг бол цаасан дээр хэнийх нь мэдэхгүй гарын үсэг цуглуулаад түүнийгээ нэгтгээд танилцуулж байгаа ямар ч баримтгүй зүйл. Цагийн цагт ийм замаар явж ирсэн судалгааны дүнд тэсрэх бөмбөгтэй дарга нар итгэвэл сүйрэл рүүгээ бүр л дөхөж очно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаку(59.153.113.62) 2020 оны 01 сарын 31

Зиндаа ТВ-8 гээд эзэмшил ихтэй Мандахбаяр Одгэрэл гэдэг нөхрөөр бүгдийг мөнгөөр хийлгэж 1000 1000 сэтгэгдэл аккаунт бичүүлнэ.өнөөгийн Монголын хэвлэл мэдээллийн салбарын нүүр царай .мөнгөө төл хөгжмөө захиал

0  |  0
зочин(202.21.125.35) 2020 оны 01 сарын 31

Дан хаалтын гэрээтэй сэтгүүлчид бодит дүр зураг гаргана гэдэгт итгэх мэдээлэлд ойрхон хүн одоо Монголд бараг байхгүй дээ

0  |  0
Top