Дундговь аймагт АН-аас нэр дэвшигчид ялах өндөр магадлалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Б.НАРАНХҮҮ НЭР ДЭВШИХ СОНИРХОЛГҮЙ БАЙГАА БОЛ Б.АМАРСАНАА ГУРАВ ДАХИА ӨРСӨЛДӨХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

 

Цар тахал, цагдаж хорьсон байдал үргэлжилж байгаа ч ирэх сонгуульд нэр дэвшигчдийн нэрс албан бусаар тодорч, ард иргэдийн хандлага, таамаглал давлагаалсан өдрүүд үргэлжилж байна. Ерөнхийдөө ил гарахгүй байгаа болохоос биш хундаганы ард улс төр өрнөдгөөрөө л өрнөж байгаа.

Улс төрийн намууд ч Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь өргөн барилаа. Үүнийхээ мөрийг мөшгөн, орон сууц, олон сая төгрөгийн цалин гэх мэт төсөв, төсөөлөлд багтахгүй амлалт ил гарч байгааг  сонгууль гэж үзэхээс өөр яахав. Ийм л өдрүүдийн гинжин урсгалд Дундговь аймагт нэр дэвшигчид албан бусаар тодорчээ. Ингэхдээ орон нутагт гуравдагч этгээдүүд гарах магадлал бараг байхгүй гэдгийг нутгийн иргэд, ажиглагчид хэллээ. Хууль эрх зүйн орчин, намуудын үзэл баримтлал, явуулж байгаа бодлогоос харахад гуравдагчдад орон зай байхгүй бололтой. Тэдэнд олноо хүндлэгдсэн биш юм аа гэхэд танигдсан дүр ч тун ховор. МАХН-ын бүлэглэлээс Н.Энхбаярыг хүндлэгдсэн гэх үү, танигдсан ч гэх үү, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарыг эс тооцвол орон нутагт очоод суудал чирээд ирэх танил дүр байхгүй. Арай өнгөн дээр явж байгаа гэх ШИНЭН-аас Л.Болд, Ж.Батзандан нарт ч эргэлзээ төрж байхад бусад нь саналтгүй хэмээн дундговьчууд үзжээ.

Тэгэхээр айсуй сонгуулиар Дундговь аймагт МАН, АН хоёрын дунд тулаан өрнөх нь. Бусад хүчнээс нэр дэвшигчдийн нэрс дуулдаж байгаа ч тэд саналын хувьд огт нөлөөлөхгүй гэдгийг орон нутгаас мэдээлсэн. Тэгэхээр гуравдагчдыг хойш тавьж, улс төрийн хоёр том хүчний дунд тулаан хэрхэн өрнөхийг урьдчилан харъя. 

 

МАН-ААС ХОЁР МАНДАТЫН ТӨЛӨӨ ДӨРВӨН ХҮН ӨРСӨЛДӨЖ БАЙГАА БОЛОЛТОЙ

 

Өдгөө зурагдсанаар бол МАН-аас Д.Дамба-Очир, Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нарын нэрс яригдаж байгаа ч эцэслэн тодроогүй. Эцсийн шийдвэр МАН-ын Бага хурлаас тодорхой болох ч ерөнхийдөө уралдаан далд хэлбэрт өрнөж байна. Урьд өмнө ганцхан мандаттай байсан тус тойрогт Дорноговь аймгийн харьяанд байсан Говьсүмбэр аймгийг нэгтгэн хоёр мандаттай болгоод байгаа юм. Гэтэл улс төрийн ууган хүчнээс хоёр мандат дээр гурван ч хүн өрсөлдөж байгаа нь яах аргагүй бодит зүйл гэдгийг эх сурвалж хэлсэн.

Гурвынхаа учрыг олоогүй байхад удаа дараа өвдөг шороодсон Б.Амарсанаа ч нэрээ дэвшүүлэх сонирхолтой байгааг дуулгана лээ. Түүний хувьд “Шороотой бөх” бөгөөд энэ засагт гавьяа байгуулаагүй учраас мандат авах эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Харин хөндлөнгийн эх сурвалж Б.Амарсанааг ирээдүйн сайн сайхан нийгмийн төлөө нам эвсэл үл харгалзан бие даан нэр дэвших тухай үг цухалзуулна билээ. Үнэн худлыг мэдэх юм алга. Уг нь Б.Амарсанаа 2012, 2016 онд хоёр ч удаа өрсөлдөөд Б.Наранхүүгийн мөнгөнд уначихаад байсан юм. Тиймээс хоёр удаа унасан хүн гурав дахиа үзэхийг ч бодож байгаа, мандат олдвол боломж ч байгаа харагдана. Магадгүй мандатын төлөө уралдаж байгаа Сү.Батболд, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг нараасаа ч илүү өндөр магадлалтай хүн бол яах аргагүй Б.Амарсанаа гэдгийг сонгогчид нь дуулгасан. Дундговь аймагт мандат горилогчдын нэг Г.Мөнхцэцэг өнгөрөгч дөрвөн жил Говьсүмбэр аймагт байр сууриа бэхжүүлж ажилласан. Гэтэл түүний рейтингийн гол талбар болох Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэгтгэсэн  учраас энэ тойрогт очих сонирхол байгаа нь илт. Ялах магадлал ч бий. Гэхдээ Г.Мөнхцэцэгтэй Сү.Батболд, Д.Дамба-Очир нарын акулууд дөрөө харшуулж, хүсэл сонирхлоо илтэд илэрхийлээд эхэлсэн. Нэгэнтээ МАН-ыг 33:32 гэсэн бүлэглэлд хуваагдан “нүдэлдэж” ахуй цагт Г.Мөнхцэцэг 33-ын бүлэгт буюу өдгөөгийн МАН-ын дарга хурандаагийн “Хороо”-нд алба хааж байсан боловч яг шийдвэрлэх тулаанд байлдааны талбарыг орхиж явсан гэмийг “Хороо” командлагч мартаагүй байж болох юм. Энэ бол улс төр, өгдөг авдаг, тохирдог зүйл учраас байдал хаашаа ч эргэж болно.

Өвгөн партизан Д.Дамба-Очирын хувьд 33:32-ын тулаан эхэлсэн цагаас хойш эцсийн мөч хүртэл тулааны талбарт тэмцэлдсэн болохоор дайны олзноос хуваалцах бүрэн эрх эдэлнэ. Түүний хувьд өнгөрөгч сонгуулиар Эрдэнэтээс нэр дэвшиж ирсэн ч энэ удаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид мандатаа булаалгаж байгаа бололтой. Ц.Нямдоржийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өмнөө барьж Орхон аймаг руу цөлөгдөж байгаа нь илт. Нэгэнт дотооддоо тодорхой болсон учраас Д.Дамба-Очир илтэд Дундговь аймаг руу анхаарал хандуулж байна. Сү.Батболдын хувьд 32-ын бүлэгт хурандаагийн эсрэг тулалдаж байсан нүгэлтэн учраас Сүхбаатар дүүргээс нэрээ дэвшүүлэх эрхээ хасуулсан гэнэ. Энэ дүүргээс Ц.Цогзолмаа ч Ховд аймаг руу цөлөгдөж байгаа гэхээр Сүхбаатар дүүрэг бол том жижиг тулаанд гарамгай гавьяа байгуулсан, нэр нь тодроогүй баатруудын бэлэг болов уу.

Тиймдээ ч Сү.Батболдын хувьд Дундговь аймаг руу ээжийн элэг татаж, “Ураг ядрахаар төрлөө” гэдгийн үлгэр боллоо. Тэглээ ч түүнд МАН-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан зангараг, хөрөнгө бэл гээд мандатгүй үлдэх эрэмбэ байхгүй. Нөгөө талд МАН-ын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх гээд нэгэн цагт хамтран ажиллаж байсан гэгээн түүх энэ хоёр эрхэмд бий. Ийн гар нийлэн ажиллаж, 2012 оны сонгуульд ялагдаж байсан бараандуу түүх ч бас байгаа гээд аль ч талаа бодсон тэр хоосон хоцрохгүй байж болно. Тэгэхээр тойргийн мандатын гол тулаан Г.Мөнхцэцэг, Сү.Батболд хоёрын дунд өрнөнө гэж байгаа ч чимээгүй сууж байгаа Б.Амарсанаа тодрохыг байг гэх газаргүй. Уг нь хамгийн зөв сонголт бол Б.Амарсанаа гэдгийг дундговьчууд ч хэлнэ лээ.

 

Р.ЭРДЭНЭБҮРЭНД ЯЛАХ БОЛОМЖ БАЙГАА Ч НАМЫНХ НЬ РЕЙТИНГ ХОЙШ ЧАНГААЖ БАЙНА

 

Цэнхэр талаас буюу АН-аас хэн хэн байх вэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татна. Өдгөө Б.Наранхүү Дундговь аймгаас АН-ын данстай парламентад сууж байгаа нэртэй ч тэр “Парламентын сүнс” нэр зүүжээ. Б.Наранхүүг АН дэвшүүлэх сонирхол тун бага байгаа ч нам ялагдсан үед чамгүй санхүүжүүлэгч гэж харж таарна. Гэхдээ тэр өөрөө сонирхолгүй байгааг хоёр ч талын эх сурвалж хэлсэн. Үүнээс үзвэл нэг мандатын эзнээр Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо яригдаж байна. Гишүүдийнхээ хараалыг идээд буй босго мөнгө төгрөгөө тушаах зэргээр ажлаа цэгцэлсэн аж. Чухам хэр хүчтэй өрсөлдөгч вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсан нутаг түмэндээ мартагдаагүй, дурсамжийнх нь гүнд гэгээнээр үлдсэн нэгэн гэлцдэг. Сайн эцгийн нэр нөлөө нь түүнд 20 гаруй хувийн санал авчрах байх. Харин нэрээ дэвшүүлж буй намын санал нь тааруу гарч ирэх учраас өөрөөс нь ихээхэн зүйл шалтгаална. Хамтран нэр дэвшигчээс ч шалтгаалах зүйл бий.

Мөн нэгэн дүр байгаа нь Ж.Наранцацралт агсны туслахаар ажиллаж байсан Б.Мөнхболор. Эртнээсээ Дундговьд нэр дэвших магадлал бүхий хэмээн нэрлэгдэн, аймгийн Засаг даргад хүртэл нэр нь яригдаж, АН засаглах үед бага зэргийн албан тушаалын амт авсан нөхөр бий. Харамсалтай нь 2016 онд АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд Б.Мөнхболорыг намаас хасах тушаал гаргаж байсан удаатай. Т.Хасбаатар нарын хамт зургаан хүнийг намаас хасаж байсан юм. Сүүлийн үеийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол Б.Мөнхболор намын гишүүнчлэлээ сэргээж, Дундговь аймагт ихээхэн гүйдэлтэй байгааг дуулгасан ч түүнд горьдлогоос цааш юу ч байхгүй гэдгийг хэлсэн. Хэтдээ улс төр хаашаа ч эргэж болох ч түүний талд салхи эргэхгүй бололтой.

Харин АН-аас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Р.Эрдэнэбүрэн. Түүний хувьд сүүлийн хэдэн жил Дундговь аймагт ажиллаж, Монгол Улсын жишиг сумыг бий болгосон нь өдгөө орон даяар нэгэн судлагдахуун шахам зүйл болжээ. Энэ бол яах аргагүй Р.Эрдэнэбүрэнд хаяглагдах зүйл. Уг нь Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан. Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан Засгийн газраас хэрэгжүүлсэн энэ төсөлд багтаагүй ч өөрсдөө санаачлан төсөл боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан, бүтээн байгуулалт өрнүүлсний цаадхи жинхэнэ эзэн бол Р.Эрдэнэбүрэнг гэдэг. Тэгэхээр тэр АН-аас нэг номерын нэр дэвшигч юм.

Энэ зургаас харвал өдгөө рейтинг өндөртэй байгаа Р.Эрдэнэбүрэнг дагаад Н.Соёмбо нэрээ дэвшүүлэхээр хүчтэй өрсөлдөгчид төдийгүй зөв замаар гарвал ялах магадлал өндөр. Учир нь МАН-аас нэр дэвшигчдийн рейтинг Дундговь аймагт тэгтлээ өсөхгүй нь ойлгомжтой. Сү.Батболд, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг хэн нь ч очсон гол дүр болж чадахгүй. Хэрвээ Г.Мөнхцэцэг очвол эрх биш Говьсүмбэр аймгийн саналыг чирээд очих учраас арай хүчтэй өрсөлдөгч байж болох юм. Хэрвээ Б.Амарсанаа МАН-аас мандат авч чадвал хүчтэй өрсөлдөгч байж таарна. Р.Эрдэнэбүрэнгийн хувьд 2012 оноос Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэргээр 2016 онд шалгаж эхэлсэн учраас тэр өнгөрөгч сонгуульд нэрээ дэвшүүлж чадаагүй юм. Түүнээс бус АН-аас Дундговьд бэлдэж байсан дэвшигч гэхэд болно. Тиймдээ ч арга буюу Б.Наранхүүг ахин дэвшүүлсэн гэдэг. Харин 2019 онд түүнд гэмт хэргийн шинж алга хэмээн цагаатгасан учраас одоо саад болох зүйл алга.

 

НЭР ДЭВШИГЧДИЙН РЕЙТИНГ ӨНДӨР БАЙГАА Ч АН-ЫН РЕЙТИНГ СУЛ,

ХАРИН МАН-ААС НЭР ДЭВШИГЧДИЙН РЕЙТИНГ СУЛ, НАМЫНХ НЬ САЙН БАЙНА

Дээрх зургаас харж байхад хүч тэнцүүхэн энэ тулаанд намын нэр хүнд ихээхэн чухал. АН-аас нэр дэвшигчдэд тулгарч байгаа бэрхшээл бол намын рейтинг.  АН-ын рейтинг улс орон даяар тааруухан байгаа нь тэдний саналыг хойш татах шалтгаан болно. Сонгууль хүртэл өөрийнхөө рейтингийг өсгөж, МАН-ынхныг унагаах ажиллагаа хийж таарна. Тэр нь чухам хэр бүтэлтэйг мэдэх юм алга. Одоо явуулж байгаа үйл ажиллагаа, пиар технологиос харахад газар авахгүй харагдана. Гэхдээ МАН-аас нэр дэвшигчид өөрсдөө гол тоглогч болж чадахгүй ч намынхаа суурь санал болох 30 хувийг чирээд ирнэ гэхээр бас л ширүүн тулаан өрнөх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.31.82) 2020 оны 04 сарын 07

Амарсанаад тойрог өгөхгүй бол бие даагаад өрсөдөх хэрэгтэй. Дундговьчууд ам сайтай байгаа харин ч нэг энэ удаадаа гаргаад өгчих байлгүйдээ

0  |  0
болд(66.181.161.10) 2020 оны 04 сарын 08

заавал ширээ сандалд дуртай энэ бүгд нэр дэвших ёстой юмуу аймгаасаа өөр хүн эсвэл шинэ хүн дэвшүүлж болдогүй юмуу \n

2  |  0
Адаацаг сумын иргэн(66.181.184.19) 2020 оны 04 сарын 07

Хуульч Данзанноров гэж эрдэм мэдлэг зузуунтай мундаг залуу илт илүүрхэн сонгогдох болов уу гэж нутгийн бид тааж сууна. Ардчилсан намаас Эрдэнэбүрэн Данзанноров 2 ялалт байгуулаасай гэж ерѳѳж байна ах нь

2  |  0
Зочин(203.91.115.44) 2020 оны 04 сарын 04

МАН АН хоёроос өөр намд саналаа өгөөрэй Сүүлчийн боломж шүү

0  |  0
(202.21.108.205) 2020 оны 04 сарын 04

0  |  0
irgen(202.126.88.51) 2020 оны 04 сарын 03

naranhuu gishuun dundgovior suuliin 4jil l lav hamar tsuhuilgasangui amnaas dundgoviin erh ashigiig hundsun neg unasangui AN iim l hun devshuuleh ym. odoo neg ym bodoosoi bilee gehdee AN bol demii sh dee

0  |  0
зочин(202.9.46.12) 2020 оны 04 сарын 03

Наранхүүгээс болж нүүрээ хийх газаргүй хэдэн жил боллоо Одоо АН болон Дамба-Очир мэт цаашаа зүгээр...

0  |  0
говь(43.228.128.195) 2020 оны 04 сарын 03

за битгий балайраад бай урвагчаараа цоллуулсан ждүчин Дамбаочир гэвэл сонгуулиа өгөхгүй байсан дээр шүү

0  |  0
zochin(202.170.68.38) 2020 оны 04 сарын 03

dambaochir,erdeneburen,naranhuu,munkhtsetseg ed nar oorsdoo sain duraaraa neree tataj buyan boldoggui uym bh daa

0  |  0
ППППП(202.21.127.183) 2020 оны 04 сарын 03

ДУНДГОВИЙН МАЛНУУД НААД САРЫН ТЭМДГЭЭ БОЛИОО. \n

0  |  0
zochin(66.181.161.34) 2020 оны 04 сарын 03

nymdorj,su batbold odoo bolno

0  |  0
иргэн(103.212.119.250) 2020 оны 04 сарын 03

МАН АН л биш шүү. 30 жил харлаа улс орон ард түмэн туйлдаж дууслаа

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 07

Салаавч өгье битгий горьд МАНАН чуудаа.

1  |  0
Top