Бие даагчдын хувь заяа сонгуулиас сонгуульд хумигдаж явсаар одоо бие даан нэр дэвших боломжгүй болж байх шиг. Тийм ч учраас нам эвсэл байгуулагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, олуулаа бүлэглэж байж сая нэг гайгүй амжилтад дөхөж очно гэдгийг ч улс төрд горилогчид анхааралдаа авчээ. Айсуй сонгуулийн өмнөх зургийг харж байхад нам эвслүүд хэдэн арваараа нэгдэн нийлж байна. МАХН-ынхан энэ удаагийн сонгуулиар ИЗНН, МУНН-тай хамтарч “Та, бидний эвсэл” байгуулснаа зарлалаа. Тэгвэл шинэ тутам бий болсон ШИНЭН ч хэвлэлийн хурал зарлаж, улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн иргэд “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулснаа зарлав. Өдгөө парламентад байгаа ганцхан бие даагч С.Жавхлан ч намаас нэрээ дэвшүүлэх тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Өөр аргагүй байдалд орж байна.
Нөгөө талд улстөржиж, нам эвсэл гэхгүйгээр мэддэг чаддагаа улс орондоо зориулах чин хүсэлтэй залуус байдаг ч орон зай алга. Тэд Хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д түмнээ төлөөлдөггүй юм гэхэд Засгийн газрын аль нэг түвшинд ажиллах хэрэгтэй ч ийнхүү боломж алга. Заавал нам хэмээх бүлэглэлд хамаарч тэдний бодлого шийдвэрийг буруу зөв ч хамаагүй дагаж байж сая ийм “боломж” нээгдэнэ. Ийм нөхцөлд тэдний өнөөх л зөв сэтгэл, мэддэг бүхэн буруу тийш эргэдгийг бид харж байна. Олон сайхан залуус нам хэмээх мангаст залгиулаад алга боллоо. Заавал нам хэмээх мафижсан бүлэглэлээр яадаг юм гээд бие даан нэр дэвших гэхээр бас л боломж хомс. Ийм боломжийг олигархиуд хааж боож байна.
Үнэн хэрэгтээ бидний нүдэн дээр нам болон тоглож хоёр талцаад байгаа болохоос бус өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэд халаасаа нэгтгэж чаддаг. Түмний өмнө хоёр өөр намын төлөөлөл “зодолдож” байгаа ч УИХ-ын чуулган тараад хундага тулган, наймаа ярьж сууж байгаа дүр зураг дүүрэн бий. Ийм хатуу орон зайд зөв бодолтой залуус ороод ч нэмэр алга. Тэгэхээр бие даагчдын орон зайг нэмэгдүүлсэн хууль эрх зүйн орчин юу юунаас чухал байгаа ч эрх мэдэлтнүүд хуулиас хуулийн хооронд бие даагчдыг шахсан бодлого барьсаар өнөөдөртэй золгоход тэдэнд орон зай үлдээгүй гэхэд болно.
Ямар ч тогтолцоо, ямар ч замаар сонгууль явуулсан энэ мафижсан бүлэглэлийн гар хөл баттай оршсоор байгаа нь тэд өөрсдөдөө тааруулан хууль батлаад байгаа юм. Үүнийг Монгол Улсын төрд бат бөх амьтай байлгахын тулд тэд бүхий л арга хэмжээг авдаг.
Өнөөдөр манай улсад албан ёсны бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам бий. Энэ бүхнийг зүгээр нэг эрх мэдэл мөрөөдөгчид, улс төрд донтогчид гэж хэлж болохгүй. Монгол Улсын иргэн хүний хувьд нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо хүргэе, бүр цаашлаад шийдвэр гаргах түвшинд оролцоотой болох сонирхол ч байна. Тийм дээ ч мафижсан улс төрийн бүлэглэлүүдээс зайлсхийж бие даан нэр дэвших, эсвэл шинээр нам байгуулан улс төрд хүч үзэх сонирхол давамгайлж байх шиг. Нөгөө талаар нийгэм үнэхээр шударга ёсыг эрэлхийлж байна гэж бодож болохоор. Өнгөрөгч гучаад жилийн турш хандлага ч өөрчлөгдсөн гэдэгт итгэхээс өөр аргагүй. Энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа олигархиуд шударга ёсыг эрэлхийлж байгаа хүмүүсийг улс төрийн шугамны цаана байлгах мөнхийн сонирхолтой байдаг.
Тиймдээ ч 2016 оны сонгуулийн өмнө буюу тавдугаар сарын 05-ны өдөр “Сонгуулийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бие даагчдыг шахсан заалт оруулсан байдаг. Хамгийн гол нь энэхүү хуулийн заалтыг харахаар шууд бие даагчид руу халдсан зүйлгүй, эвтэйхэн өөрсдийнхөө талд шийдсэн байдгийг анзаарсан хүн олон л байж таарна. Өнгөрөгч 2019 оны төгсгөлд Сонгуулийн тухай хуулиа өөрчлөхдөө бие даагчдын асуудлыг хөндөөгүй, хуучин заалтыг хэвээр оруулаад баталчихсан байгаа зэрэг нь тэднийг шахсаар байгааг харуулна.
Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 127.2-д “Бие даан нэрээ дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулна” гэж заасан нь бий. Энэ бол хуучин хуульд мөрдөгдөж байсан заалт. Үүнийг дагуулан “Сонгуулийн тухай хууль”-ийн 129.1.6-д “бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан” гэх тохиолдолд бие даагчийг бүртгэхээс татгалзах буюу нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа тохиолдолд нэрийг нь эргүүлэн татах заалт юм. Энэ бол хэн ч харсан байх ёстой хуулийн заалт уу гэвэл мөн. Ингэхдээ тус хуулийн 129.1.6-д заасныг үндэслэн 129.1.2-т зааснаар “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” хэмээх үндэслэлээр бие даагчийг эргүүлэн татах, нэр дэвшүүлэхээс татгалзах юм байна. Ялимгүй шалтгаан хуурамчаар ч хамаагүй зохион байгуулах заалтыг л оруулжээ.
Жишээлэхэд, мафижсан бүлгийн Баатар дугаар тойрогт нэрээ дэвшүүлээд байтал өрсөлдөгч бие даагч Доржийн рейтэнг нь өндөр авлаа гэж үзье. Ийм тохиолдолд мафижсан бүлгийн Баатар тухайн тойргийн нэг мөнгөнд дуртай нөхөрт мөнгө өгөх замаар нөлөөлж, Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргуулах аж. Ингэхдээ “Манай дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Дорж намайг согтуу байхад гарын үсэг авсан байна”, “Энэ миний гарын үсэг биш”, “Манай хүүг хуурч мэхлэх замаар гарын үсэг авсан”, “Надад гарын бэлэг, мөнгө өгсөн” гэх зэрэг олон шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороонд “Алтан хошуу” өргөхөөр нэрийг нь татах заалтыг хуулийн өөрчлөлтөөр хийгээд өгчихөж. Олигархиуд өөрсдийгөө өрсөлдөгчгүй байлгах гэсэн санаа. Бие даагчид чуулганы танхимд орж ирээд бүлэглэлийн хулгайг нь яриад, худлааг нь уудлаад байх боломжгүй болголоо гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулийн “Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн сонгох сонгогдох эрхтэй” гэсэн заалтын суурь зарчимтай харшилдаж байгаа тал ч бий.
Олгирахиуд өнгөрөгч хугацаанд Сонгуулийн хуулиа өөрсдөдөө тохируулан ээлжлэх замаар тохиролцож ирний нэгэн жишээ нь 2012 онд пропорцониаль тогтолцоонд шилжүүлтэл Н.Энхбаяр тэргүүтэй гуравдагчид УИХ-д 10 гаруй суудал авч мафийн бүлэглэлд чамгүй саад болсон. Учир нь МАН, АН нийлж байгаад 2009 онд мафийнхаа сүлжээнээс арай гэж гаргасан заналт дайсан Н.Энхбаяр нь бусдын хүч, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль ашиглаад ороод ирсэн хэрэг. Ингэхээр нь 2016 онд эргээд мажоратори тогтолцоонд шилжүүлснээр тэднийг шахаж УИХ-д ганцхан суудалтай үлдээгээд байгаа.
Өнөөгийн парламентад буй цор ганцхан бие даагч С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан намд орж байгаа нь тэднийг шударга замаар явж байгаа гэж сонгосон хэрэг огт биш. Парламентад байх гурван жилийн хугацаанд бүлэглэлийн хуульд хийж өгсөн заалтыг таньсан хэрэг. Өөрөөр хэлбэл, ахин нэр дэвших субекьтээ хайж байна гэсэн үг. Энэ мэтээр айсуй сонгуульд рейтэнг өндөртэй бие даагчдын хувьд бол хатуухан зам тосч уулзана. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу гэхэд л “Үнэн ба зөв” намыг санхүүжүүлээд явж байна. Мөнгөний үнэ цэнийг дэндүү сайн мэдэх Ш.Сайхансамбууд “Үнэн ба зөв” намд хөрөнгө зарах нь дэндүү харамсалтай ч аргагүй байдалд орсон нь энэ. Бие даах гэхээр хуулийн шахалтад орно, МАН, АН-аас мандат авах гэхээр цаадуул нь өгөхгүйн зэрэгцээ дэндүү өндөр үнэтэй. Жижиг намуудад хөрөнгө хаях гэхээр олон жил улс төр хийж сурсан хэсэг нөхдөд зүгээр залгиулчих гээд тал талд хэцүү байгаа хэрэг.
Эх сурвалжийн хэлж байгаагаар бол өдгөө намын дарга нарын үүдэнд мандатын оочёр дүүрч, хөдөө гадаагүй тойрог горилогчид тэнүүчлээд эхэлжээ. Мандатын ханш өдрөөс өдөрт өсч баргийн нөхөр үнийг нь дийлэхгүй болно гэхээр акул намуудаас мандат горьдолтгүй. Тэр ч бүү хэл Н.Энхбаярын намын ханш ч өндөр авсан. Хэн ч мэдэхгүй намаас нэр дэвшсэн ч мөнгө. Тэгэхээр бэл нимгэн, халаас хоосон зөв бодолтнуудад гарах гарц нь ерөөсөө бие даан нэр дэвших. Захын жижиг намд хэдэн зуун саяар нь өгч байхаар сонгуулийнхаа сурталчилгаанд мөнгөө зарах нь тэдний хувьд чухал болно. Гэтэл олигархиудын хийсэн хууль хөндөлсөөд байхаар тэд хаашаа ч гарцгүй болж байна. Гэгээн талаас нь харахад нийгмийн сайн сайхны төлөө “Биеэ засаад гэрээ засчихсан” төрөө засах сонирхолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
Харин бараан талаас нь харвал монгол төрийн бүхий л шийдвэр гаргах түвшинд нэгэн насаа элээж ажилласан Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бол өнөөх л эрх ашгийнхаа төлөө явж байгаа хэрэг. “Сурсан занг сураар боож” болох биш. Нийгмийг өөрчлөх байсан бол тэдэнд эрх мэдэл нь ч өндөр байв, цаг хугацаа нь ч хангалттай байв. Тэр тусмаа өнөөдрийн мафижсан төрд ажиллаж байгаа бүлэглэлүүд бол бүр ч хэрэггүй. Гагцхүү энэ мафижсан бүлэглэлийг тараах сонирхолгүй, тэдгээрээр дамжуулан өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэг нөхдөөс салах ёстой. Тэднээс өнөөдөр салахгүй ч маргааш салахын тулд хуулиа зөв болгох хэрэг бий. Сонгодог зарчмаараа, Үндсэн хуулиараа бол бие даагчдын эрх ашиг адил тэнцүү байх учиртай юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)