Авлигачид хийгээд Үндсэн хуулиа уландаа гишгэгчид

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Эрх баригчид тойргийн мандатаа хуваарилж, тактикаа зурах зуур УИХ-ын сонгуулийн хууль эцэг хуультай зөрчилдөж буй талаар гурван ч гомдол Үндсэн хуулийн Цэцэд хүрээд буй.  Батлагдахдаа л Цэцийн хаалга татна хэмээгдэж байсан сонгуулийн хуультай холбогдуулан  иргэдээс ирүүлсэн гомдлын хоёрыг нь МАХН-аас гаргасан. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж, иргэн Д.Шонхоо, тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн эдийн засагч Т.Баярхүү, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарын гомдол хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Тэд бол МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн удаа эсэргүүцэл илэрхийлж байсан нөхөд нь. Намын даргынх хувьд төрийн албан тушаалыг урвуулан ашигласан хэргээр шүүхээс ял шийтгүүлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан гуншинтай нэгэн. Хэдийгээр өөрийгөө шударга бусын хонгилоор чирүүлсэн, улс төрийн хэлмэгдэгч гэж өмгөөлдөг ч шүүх тогтоол гарсан нь ч үнэн. Хэрэв хэлмэгдсэн нь үнэн байсан бол хонгилын эзэн солигдсон энэ үед цагаадах жагсаалтын хамгийн эхэнд энэ эрхэм зогсох байсан биз. Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны, парламентын 2016 оны гээд гурван сонгуульд нэр дэвших эрхээ хязгаарлуулсан түүнийг ялгүйд тооцох хугацаа дууссан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын саналаар УИХ сонгуулийн хуульд "Парламентын гишүүнд горилогчид авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр ял сонссон байх ёсгүй" гэсэн шаардлага шигтгэж өгснөөр “Н.Энхбаярын” гэх тодотголтой заалт хэрэгжихээр болсон билээ.

Нэг талаар ард иргэдийн итгэлийг хүлээдэг, хамгийн өндөр ёс суртахуунтай байхыг шаарддаг төрийн эрх барих дээд байгууллагын босгоор давахыг санаархагчдад иймэрхүү шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Харин улстөрчид өрсөлдөгчөө хуулиар далайлган намнаж буй бол бусармаг үйлдэл. Нөгөө талаар хүнийг бүх насаар нь яллах бол ардчилсан, хүнлэг энэрэнгүй зарчимд нийцэхгүй. Тэгээд ч  манай парламентын гишүүд өрөөлд ийм шаардлага тавих ёс зүйтэй биш дээ. Бас Үндсэн хуулиа хамгаалсан иргэдийн гомдол, мэдээлэл гаргасан үндэслэлийг үгүйсгэх аргагүй юм. Үнэхээр л УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт батлагдаад байгаа. Энэ нь шууд утгаараа Үндсэн хуулийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих”, “Шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, Төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрхүүдийг зөрчсөн гэдгийг аль 2008 онд Үндсэн хуулийн Цэц баталсан удаатай.  Цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтэд “Хууль тогтоогч УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад ялгүй байх гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна” гэж дурдсан байгаа. Тухайн үед УИХ Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуульд зааж тогтоосон хүний сонгогдох эрхийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон түүхтэй. Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг хуульчид анхнаас нь анхааруулсан даа, уг нь.

Үүнээс гадна УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн төрмөл эрхүүдийг зөрчсөн асуудал болж хувирсан.  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг энэ удаад авахгүй. Холимог тогтолцоогоор явуулсан бол боломжтой байсан” гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл гомдол гаргасан Ц.Шаравдорж хуульчийн зүгээс “Үүнийг хүлээж авах ямар ч боломжгүй. Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг авах эсэх нь хууль тогтоогчийн болон төрийн аль нэг байгууллагын дурын асуудал биш. Харин санал өгөх боломжийг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг заавал шийдвэрлэх үүрэгтэй. Одоогийн сонгуулийн хуулиар ч гадаадад байгаа иргэд санал өгөх боломжтой. Гадаадад байгаа иргэд Монгол Улсын бүх иргэний адил Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Тэр тусмаа Үндсэн хуулиар тогтоосон сонгох, сонгогдох эрхээ хэнээр ч заалгахгүй эдлэх эрхтэй. Гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцох эрхийг хассанаараа УИХ иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан. Үүнийг засаж залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, түүнийг зөрчсөн зөрчлийг арилгах үүрэг Цэцэд ногдож байна” гэж тайлбарласан байгаа юм. Одоогоор Монгол Улсын 180 мянган иргэн гадаадад ажиллаж амьдардаг гэх албан бус тоо бий. Нийт идэвхтэй сонгогчдын 8-10 хувь нь хилийн чандад амьдардаг талаар судалгаа ч явдаг. Зөвхөн Солонгост Дундговь аймгийн сонгогчдоос олон буюу Монголын 50 мянган иргэн байгаа. Тиймээс л энэ удаагийн сонгуулийн хуулиар гадаадад байгаа сонгогчдод санал авах боломжгүй болсон талаар МАХН-аас улс төрийн тоглолт өрнүүлэх болсон. Гэвч гадаадад байгаа монголчуудын яг сонгуулийн идэвхийг нь харвал тийм их тоо гардаггүй юм байна. Монгол Улс 2012 онд УИХ-ын сонгуулиа пропорцианал буюу холимог тогтолцоогоор явуулахад түүхэндээ анх удаагаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг өгөх эрхийг хангасан байдаг. Гадаад оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүртгүүлсэн 4276 сонгогчоос 2779 нь сонгуульд оролцож саналаа өгсөн талаар СЕХ-ны тайланд бичиж үлдээжээ. Түүнчлэн 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө долоон мянган иргэн гадаадаас оролцсон байдаг аж. 

Сар орчмын өмнө шинэ даргаа өлгийдөөд буй Үндсэн хуулийн Цэц ийм л хүндхэн сонголтуудын өмнө ирээд байгаа. Ер нь бол Цэцийн шийдвэртэй холбогдуулан эрх мэдэлтэй талд үйлчилнэ гэдэг таамаг давамгайлж эхэлсэн. Гэтэл одоо ч  үйлчилж буй Цэцийн өмнөх шийдвэрийг харахаар “Н.Энхбаяр”-ын заалт унах мэт. Хэрэв унавал, Н.Энхбаярыг авлигачин, албан тушаалаа урвуулан ашиглагч эсэхийг ард түмэн шүүгээд өгчихнө. Ямартай ч “Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр л бий” гэдэгчлэн шударга л шийдвэр гаргаасай билээ. Үнэндээ улстөржилтийг нь харвал, Цэц маргаан шийдвэрлэх үйл явц бус авлигачин хийгээд өрсөлдөгчөө намнахын тулд Үндсэн хуулиа уландаа гишгэгчдийн хооронд дахь хэрүүл өрнөж таарах биз.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jargal(112.135.210.132) 2020 оны 04 сарын 23

Н.Энхбаяр авлигачин, албан тушаалаа урвуулан ашиглагч нь үнэн, төдийгүй одоо ямар зорилготой улс төрийн өрх мэдэл рүү ухаан мадаггүй зүтгээд байгаа юм бол, ханаж цаддаггүй шуналаас өөр юу ч биш. Тэр монголголчуудынхаа сүү цагаан цайлган мартамхай занг хэтэрхий сайн мэддэг болохоор ингэж яваа байх. Энэ хүн Монгол төрд гай чирсэн хүмүүсийг хэзээ ч бид дахин сонгох ёсгүй\n

0  |  0
Зочин(103.14.38.144) 2020 оны 02 сарын 05

Цец хурдан шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрээс л манай улсад шудрага ёс байгаа эсэх нь харагдана. Харин Н.Энхбаяр хэн болохыг ард түмэн л сонголтоороо шийдээд өгнө. Эргэлзэх хэрэггүй. Ард түмнийхээ шийдвэрт найдаж, мөн хүндэтгэх хэрэгтэй.

0  |  0
ЗОЧИН(103.14.38.144) 2020 оны 01 сарын 24

Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Одоохон Цэц шийдвэрээ гаргах хэрэгтэй. Харин Н.Энхбаяр хэн болохыг ард түмэн л сонголтоороо шийдээд өгнө. Эргэлзэх хэрэггүй.

0  |  0
VETERAN(202.179.27.202) 2020 оны 01 сарын 24

UG NI MONGOL ULS CHINI TSEREG TSAGDAAGUI L BUGDEEREE MAXH IN TULUUL BAISIIN TEGSEN 1 HUJAA GARCH IREED OLON YUM HUTSAAD BUGDEEREE HUDLAA URVAGCHID BAISAN BAIJDE,,

0  |  0
Зочин(64.119.20.18) 2020 оны 01 сарын 24

Монгол арай ч ял эдэлж ( тэгэхдээ бур авлига - албан тушаалын гэмт хэргээр !) байсан этгээдийг ахин дахин толгойдоо гаргаад байхаар хойч уегуй болчихсон юм гэж уу ...???!!!!

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 24

ene durak odoo boliosoy ,

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 01 сарын 24

enuugeer dutav geg odoo boliosoo

0  |  0
баагий (66.181.160.107) 2020 оны 01 сарын 24

Эцэг байж дүү нараа муулаад л

0  |  0
Top