Орон нутгийн сонгуульд манайхан хэзээнээсээ идэвхгүй оролцож ирсэн. Уг нь бол 2012 оноос өмнө хуйвалдсан уу, зальдсан уу мэдэхгүй хэл ам бага байлаа. Харин 2012 хийгээд 2016 онд олны нэрлэдгээр “хар машин”-аар санал тоолж эхэлсэнээр ирц нь бүрдэхээ бараг больсон юм. Сум, дүүргийн зарим тойрог дөрвөн жил сонгуульдаж байгаа ч, гайхах юм биш болжээ. Өнгөрсөн 2016 оны сум, дүүргийн сонгууль тухайн жилийн аравдугаар сарын 19-нд болсон ч толгой дараалан ирц бүрдээгүй. Улмаар нэмэлт санал хураалт тэр сарын 23-нд болж байж сум, дүүргийн сонгуулийн ирц арайхийж 50 хувийнхаа босгыг давж байв. Цаана нь дахиад 172 санал тэнцсэн тойрогт дахин санал хураалт явуулах шаардлага гарсан даа. Ийм л дампуу юм болдог. Баянзүрх дүүргийн хоёр хорооны дахин сонгууль өнгөрсөн 2019 онд ч үргэлжилсээр байлаа. Өнөөг хүртэл Баянзүрх дүүргийн ИТХ нь хуралдаж чадаагүй явж байна. Ганцхан Хан-Уул дүүргээр жишээ авахад одоог хүртэл 16 хороо нь Засаг даргагүй байгаа шүү дээ. Сумуудад олон дахисан санал хураалтуудыг хураангуйлж бичих гэвэл сонины зай талбайд багтахгүй байх.
МАН-ынхан Засгийн эрх авсан цагаасаа Сонгуулийн тухай хуулийг буцаан задалж гурав болгох ёстой гэдэг байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэд үгэндээ хүрч оны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Тэгвэл энэ өдрүүдэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 2016 онд аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулсан тул ирцийн хувьд асуудалгүй байлаа. Харин энэ онд сум, дүүрэгтэй нь хамт хийхээр шийджээ. Мэдээж, ийм тохиолдолд ирцийн асуудал босож ирнэ. Сум, дүүргийн сонгууль сунжирч хэрэлдээд явж байгаа нь олны анхааралд төдийлөн орохгүй байсан нь хуваах бялуу бага байдагтай нь холбоотой. Харин аймаг, нийслэлийн хэмжээнд яриад эхэлбэл өөр шүү. Нийслэлийн ИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгч жилд 900 орчим тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй болдог юм. Өнөөгийн НИТХ-аар жишээ авахад зургаан төлөөлөгч нь нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогч гэсэн өндөр албан тушаалтай, 12 нь нийслэлийн харьяа газруудын дарга болсон байна. Гурван төлөөлөгч дүүргийн Засаг дарга гэж байгаа. 20 гаруй нь давхар дээлтэй байгаа биз. Аймгууд ч ялгаагүй. Хэдэн төлөөлөгч орон нутгийнхаа удирдлагад сонгогдоод бүх өнгөтэй өөдтэй ажлын байрыг нь хувааж авдаг юм. Ийм их хөрөнгө зарцуулах эрхтэй, том албан тушаалуудад очдог сонгуулийн ирц хүрэхгүй сунжирвал яах вэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Сонирхол татсан зүйл нь хуулийн төсөлд орон нутгийн сонгуулийг ирцгүй байхаар оруулж ирсэн нь байв. Хэдэн ч хүн очиж санал өгсөн тэдгээрийн олонхын санал авсныг нь ялагчид тооцъё гэсэн санаа юм уу даа. Гэхдээ энэ нь УИХ дахь цөөнхийн хараанаас мултарсангүй. Ингээд Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, Ж.Батзандан нарын саналаар сонгуулийн ирцийг 50+1 хувь байхаар оруулахаар боллоо. Ер нь л эрх баригчид орон нутгийн сонгуулийг нэлээд хялбарчлахаар шийдсэн байж. Тухайлбал, санал хураалт хаах цагийг 22:00 цаг байсныг 20:00 цаг болгох санал орсон нь дэмжигдсэнгүй. Мөн сурталчилгааны өдөр 22 байсныг 15 болгожээ. Нэг үгээр цөөхөн хоног сурталчлаад, санал хураалтаа эртхэн дуусгаад, ирсэн хүмүүсийн олонхын санал авсныг нь ялагчид тооцоод явъя гэж л дээ. Ямартаа ч 50+1 хувийн ирцийн босго тогтоохоор боллоо. Амархан дарга болох сонирхол ингээд “будаа”.
Уг нь бол улс төр хөгжсөн олон оронд сонгуулийн ирцийг хуулиар тогтоохоо больчихсон юм билээ. Нэг талаас хувь хүний сонгууль өгөхгүй байх эрхийг зөрчиж санал өгүүлэхээр албадаж болохгүй гэх санаа яваад байгаа юм. Гэхдээ сонгууль болно уу, байна уу хамаагүй амьжиргааны түвшин нь хангалуун хэмжээнд хүрчихсэн, төрийн алба нь шударга ажилладаг оронд зохидог хувилбар. Харин бидний хувьд бол өөр. Нэгдүгээрт, тоохгүй орхичих гэхээр төрийн алба маань хэт салан задгай байна. Авлига, танил тал харах, төрийн албыг төрлийн алба болгох, хувийн компани шигээ ашиглах олон явдал гарч байгаа. Ийм үед нь өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг л зөөж байгаад сонгуульд ялчихаж болох боломж гаргаад дэмий л дээ. Тийм болохоор дээрх гишүүдийн ирцний босгыг тавьсан саналтай нэгдээд байгаа хэрэг. Гол нь өнгөрсөн туршлагаас харахад орон нутгийн сонгууль явагддаг аравдугаар сар өөрөө онцлогтой юм аа. Энэ үед оюутнууд Улаанбаатар хотод төвлөрсөн үе таардаг. Малчид бол намаржаандаа бууж, тариаланчид ногоогоо хураах нөр ажилдаа дарагдаж байдаг. Юун сонгуультай манатай. Хотод ч ялгаагүй. Зуны гурван сар амарсан сургуулиуд бужигнаж олигтой тохижоогүй, албан байгууллагууд эмх цэгцэндээ эргэж орох гэж хөрвөөж байдаг үе. Сонгуулийн ирц хүрэхгүй байдгийн шалтгаан нь эд нар. Ийм үед санал хураалт явуулж таардаг. Сурталчилгаа нь төдийлөн харагдахгүй. Бараг нууцаар өрсөлдөх санаатай байна уу даа гэмээр. Ирц хүрээгүй үед хэд хоног хүлээгээд нэмэлт санал хураалт явуулж байна гэдэг. Тэнд л их “но”-той доо. Өөрийн тал гэж үзсэн айл өрхөөр явж эхэлнэ. Ийм төрлийн нам харын талаарх судалгаа дарга нарт бэлээхэн бий. Мөнгө төгрөг тараана. Ихэнх залуус нь ажил, сургуулийн фронтод явсан хойгуур өөрийн хүмүүсээрээ асуудлаа шийдэх боломж гарна гэсэн үг.
Тийм болохоор хүндэт иргэд ээ. Бидний хамгийн том дарга нар бол УИХ-ын гишүүд биш шүү гэдгийг сануулах гэсэн хэрэг. Засгийн газар урт хугацааны бодлогын дагуу хөтөлбөр хэрэгжүүлдэг бол, УИХ хууль тогтоох (хууль санаачилж батална гэсэн үг) дээд байгууллага билээ. Ерөнхийлөгчийн хувьд сүртэй харагдаад байгаа ч бэлгэ тэмдэгийн шинжтэй албан тушаал юм. Хороонд худаг барих, хог шороо ачих, байрны дээвэр засах, хөшөө дурсгал барих, явган хүний зам засах гээд өнөөдөр ая тухтай, эрүүл амьдрахад шаардлагатай өчнөөн шийдвэрийг нутгийн өөрөө удирдах байгууллага хийдэг. Түүнийг нь ИТХ бүрдүүлдэг. Нэг үгээр иргэнтэй шууд тулах төр төлөөлсөн хамгийн том дарга бол хороо хийгээд сумын Засаг дарга. Харин дарга нарын дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга нар гэж ойлгогдоно. Тэгэхээр орон нутгийн сонгууль хариуцлагатай байх ёстой юм. Хэрэв бид тохиромжгүй хүмүүсээ сонговол дээр дурдсан бүх ажлыг дарга нар өөрсдөдөө мөнгө унагаж авах марафон болгодог. Энэ өнцгөөрөө орон нутгийн сонгууль чухал шүү, олноороо анхаарч оролцоорой гээд байгаа хэрэг. Олон нийт энэ сонгуулийг тоолгүй өнгөрөөсэй гэж улстөрчид хүсэж явдагийн илрэл нь сонгуулийн ирцийг байхгүй болгох гэсэн оролдлогоос нь харагдаж байгаа биз дээ.
Сэтгэгдэл ( 0 )