Одоо уйлаад яах вэ дээ, АН-ынхаан

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Одоогоос дөрөвхөн жил орчмын өмнө УИХ дахь АН-ын бүлгийг даргалж байсан  Б.Гарамгайбаатар "Та нар бүгдээрээ өөрсдийгөө Чингисийн үр, удам гэцгээдэг биз дээ. Чингис хааны төрсөн нутаг учраас Хэнтийд гурван мандат өгсөн" хэмээх алдарт тайлбараа улс төр сонирхогчдын нүдийг орой дээрээ гартал нь хэлж байлаа. Парламентад олон кноп эзэмшиж байсан АН-ынхан сонгуулийн тойрог хуваах эрхээ дархлан эдэлж байсан үе л дээ. Гайхамшиг түүгээр дуусаагүй. Увс аймгийн алслагдсан сумдыг хүчээр нэг тойрогт багтаан “эвлүүлдэг тоглоом” бүтээсэн бол Булган, Говь-Алтай аймгуудыг хүн амын тоогоор нь гоочлон  мандат суутгасан байдаг. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг хороо, хороогоор нь хуваан төвийн дүргүүдэд нэгтгэх зэргээр мөн ч их бантагнуулж билээ. Тухайн үед АН-ныхан “улаан” гэж тодотгосон тойргуудаа цэнхэртүүлэх сонгуулийн тактик олонхын хүчээр зохиосон нь тэр. Ингэж АН-ынхан өөрсдөө “жерримандер” гэгчийг анх удаа илтээр хэрэглэсэн.

Америкаас гаралтай, дэлхийн олон орны сонгуульд хэрэглэгдсэн гэгддэг “Gerrymander” гэх хэллэг нь монгол хэлэнд “Сонгуулийн өмнөх заль мэх” хэмээн шууд орчуулагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам болон эвсэл, эсвэл төрд нөлөөлж буй бүлэглэл сонгуулийн тойргийг өөрт ашигтайгаар зохион байгуулах замаар захиалсан үр дүнгээ гарахыг хэлдэг аж. Арай зөөлчилбөл, сонгогчид улстөрчдийг бус улстөрчид сонгогчдоо сонгодог тогтолцоо гэж ойлгочиж болно.

АН 2016 оны сонгуулиас нэгхэн сарын өмнө хууль зөрчин ийм тактик хэрэглэсэн нь “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэдэг “Амьтны ферм”-ийн зураглалыг харин ч нэг тод томруун харуулж өгсөн дөө. Гэвч тухайн үеийн эрх баригчид зурсан тойрог болгондоо онхолдож, хассан мандатынхаа хэмжээнд дүнгээ тавиулсныг МАН-ынхан мартаагүй байлгүй. Одоо цаг эргэсэн. АН-ынхны хувьд ирэх хавар болох УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт наашаа харж инээн, цаашаа уйлсан үйл явц үргэлжилж байна.

Энэ удаад эрх баригчдын бүлэг дотроо хэсэг бужигнасны эцэст эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хуваах зарчмаар нэгдсэн шийдлээ танилцуулаад байгаа. Хуулиараа хоёрдугаар сарын 1-ний дотор сонгуулийн тойргийн зураг, мандатын тоог УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой. Тиймээс өнөөдрийн чуулганаар ирэх хаврын сонгуульд оролцох тактикаа баталгаажуулж авах юм.

Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАН-ын бүлгээс 29 тойрогт 76 мандаттай өрсөлдөх шийдлийг дэмжээд буй. 2016 оны АН-ын адилаар тойргийн зураг, мандатын хуваарилалт нь олон нийтийн шүүмжлэлээс холдсонгүй. Орон нутгийн  20 тойрог нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг эзэлж буй учраас 52 мандаттай байх бол нийслэлийн есөн тойрогт 1.4 сая хүн амьдардаг гэдэг шалтгаанаар 24 мандат ногдсон гэдэг марзан тайлбар яваад байгаа. Ерөнхийдөө “цэнхэр” гэж үзсэн тойргуудынхаа мандатыг хассан хэмээн АН-ынхан ч гомдоллохоо мартсангүй.

Аймгуудын мандатын тоог нэмэхдээ нэг мандаттай тойргуудыг хоёр мандаттай болгосон. Учир нь Сонгуулийн тухай хуулийг батлахдаа олон мандат бүхий томсгосон тойрогтой байна гэж заачихсан гэдгээр цаг хугацааны хайчинд оруулах нь дамжиггүй болж байна.  Ингэснээр хэзээнээс л “улаан” тойрог гэгдэж ирсэн Сүхбаатар, Булган, Говь-Алтай аймгууд тус бүр хоёр мандаттай болно. Дундговь аймаг хүн ам цөөтэй учраас Говьсүмбэр аймагтай нэгтгэж хоёр мандат олгохоор болсон.

Нийслэлийн хувьд Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн тус тусдаа дөрвөн аймгийн хүн амьтай дүйцэх хүн амтай дүүргүүдийг хоёр хуваана. Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүр нэг тойрог байх бол Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийг нэг тойрогт багцлахаар зэхжээ. Ийм хуваарилалт “цэнхэр” сонголт давамгайлж ирсэн нийслэлийн 28 мандатад дөрөөлөн овоо хэдэн суудал горилж байсан АН-ынхны эсэргүүцэлтэй тулгарахгүй гээд хаачих вэ. Дөрөвхөн жилийн өмнө өөдөө хаясан чулуу нь АН-ынхны өөрсдийнх толгой дээр иржээ. АН-ынхны гадаадаас хуулбарлаж ирсэн “жерримандер” нь өөрсдийнх эсрэг үйлчилж эхлэв.  Одоо уйлаад яах вэ дээ, АН-ынхаан.

Олон улсад ч энэ асуудал хурцаар тавигдаж ирсэн аж. Ардчилсан сонгуулийн 200 гаруй жилийн түүхийг бүтээсэн Америкийн Нэгдсэн Улс ч үүнийг шийдвэрлэж чадаагүй. "Boston Gazette” сонин тэртээ 1812 онд Массачусетс мужийн амбан захирагч Элбридж Жерри өөрийн намд ашигтай нөлөөлөх сонгуулийн тойрог зурах хууль хэрэгжүүлснийг “жерримандер” гэж тодорхойлсноос хойш олон улсад түгсэн гэдэг. Түүнээс хойш олон улсын сонгуулийн системд хэрэгжихдээ хэл ам, олны эсэргүүцэлтэй тулсаар иржээ. Гэвч энэ ойлголт гарснаас 200  гаруй жилийн дараа буюу өнгөрсөн онд Америкийн дээд шүүхээс  “Бидэнд энэ асуудлыг шийдвэрлэх Үндсэн хуулийн эрх хэмжээ байхгүй” гэж байжээ.

Монгол шиг төлөөллийн ардчилалтай орнуудын хувьд сонгуулиа холимог тогтолцоо буюу пропорционал хэлбэрээр явуулснаар “жерримандер”-ийн нөлөөллийг бууруулж ирсэн түүхтэй юм байна. Эсвэл  сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийг, мандатын тоог хатуу хуульчлан хориглох гарц байдаг аж. Гэхдээ практик дээр төгс хэрэгжсэн тохиолдол үгүй гэнэ.

Монгол Улсын хувьд өнгөрсөн намрын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л үүнийг нэг мөр цэгцлэх боломжтой байсан.  Харин тэр өөрчлөлтийг оройлох зоригтой улстөрч олдоогүй. Ямар сайндаа л СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн Монгол Улс сонгуулийн бүх системийг туршиж үзлээ гэдгийг тодотгох вэ. Үндсэндээ 2012 оныхоос бусад бүх УИХ-ын сонгууль мажоритар буюу шууд нэр дэвшигчээ сонгох тогтолцоогоор явсан. Тухайн бүрд нь эрх баригчид өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн сонгуулийн тойргоо зурж, мандатын тоог тогтоож ирсэн. СЕХ-ноос үүнд оролцох хуулийн зохицуулалт байхгүй.  Гагцхүү хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ болон засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг харгалзана гэсэн зарчим хэрэгждэг. Энэ маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Сонгууль урьтсан заль мэх олшрох болсны гол шалтгаан энэ бөгөөд техник, технологийн дэвшлийг ашигласан “жерримандер” улам бүр төгөлдөржсөөр байгаа. Улс төрийн намуудын судалгааны  зардал нэмэгдэхийн хэрээр өндөр технологид суурилан цахимжиж, дата бааз нь өргөжихийн хэрээр сонгогчийн зан төлөвийг аймаг дүүрэг бус айл хотлоор нь гаргадаг болсон энэ үед “жерримандер” бол хамгийн төгс хувилбар болж таарна. Үр дүнд нь “жерримандер” нөлөөгөөр иргэдийн ардчилалд итгэх итгэлийг бууруулдагт хамгийн том хор нөлөө нь байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Бат(202.9.46.180) 2020 оны 02 сарын 01

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
Зочин(66.181.169.108) 2020 оны 01 сарын 31

АН-ынхны бужигнуулж байсныг санаж л байна шүү мөн л аймаар хүч түрж байсан даа саяхан кккк

0  |  1
Зочин (103.212.118.55) 2020 оны 01 сарын 31

За бас хуцаад эхэллээ. Та нарын сонгуулийн ямар ч заль мэхийг хүлээн зөвшөөрөхгүй ганцхан арга байгаа ард түмэнд. Энэ 2 нам төрөл бүрийн маш олон янзын арга хэрэглэж ард түмний толгойг эргүүлж байгаад сонгогдоод ахиад мөрөөдөлдөө умбах ХУЦАА та нар чадахгүй бид итгэхгүй. Энэ бичсэн зүйлд ч итгэж болохгүй юунд бүү ИТГЭ хулгайчууд зайлцгаа.

1  |  0
Top