...Хүмүүсийн уянгалан дуулдаг хайр дурлал надад иржээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч хааяа хааяа хардаг ч болоосой...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12


Магваны Эрдэнэбат

М.Эрдэнэбат 1972 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. МСХ, МЗХ-ны гишүүн. Тэрбээр 1996 онд “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгийн түүвэр хэвлүүлж МЗЭ-ийн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал, 2002 онд утга зохиолын оны тэргүүн шагнал “Алтан өд” цомыг “Юу ч мартаагүй” өгүүллэгийнхээ түүврээр тус тус хүртсэн.

 

Сохор

Бүгчим халуун болж нар төөнөж эхлэхэд Гэрлээ нойрноосоо сэрлээ. Гэрт анир чимээгүй. Гэрлээ босож бүсгүй хүний галбир төрх аль хэдийнэ бүрэлдэж цогцолсон гоолиг турьхан биеэ гайхуулах мэт ургаж гүйцсэн хөх, өөхөлж мяраалсан өгзөг юугаа чинэрүүлэн байж хэд сайхан суниалаа. Тэр ор дэвсгэрээ хурааж нүүр гараа угаагаад цайгаа уухаар гал тогооныхоо өрөөнд оров. Хажуугийн өрөөнөөс дүүгийнх нь нойрмог дуу гарч,

-Гэрлээ босчихсон юмуу гэсээр нүцгэн хөлөөрөө түг түг алхлан орж ирэх сонсогдоно.

Гэрлээ дүүтэйгээ өглөөнийхөө цайг яаралгүйхэн уулаа. Уг нь охины нэр Гэрэлтнаран билээ. Хориод жилийн тэртээ анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн түүний эцэг, эх гэгээн бүхэнд тэмүүлж байдаг хүний л ёсоор охиныхоо баруун чихэнд Гэрэлтнаран нэрийг гурвантаа шивнэсэн юмсанж. Хорвоо охины энэ нэрэнд өширхсөн юм шиг түүнд орчлонг харах мэлмий заяасангүй. Цайлж дуусаад Гэрлээ өрөөндөө орж хөгжмийнхөө товчийг торхийтэл дарав. Өрөөнд хөгжмийн уярам тансаг аялгуу эгшиглэнэ. Тэр хөгжмийн аялгуунд уярч гадаа гарахсан гэж учиргүй яарав. Төдөлгүй тэр дүүгээрээ хөтлүүлэн гадаа гарлаа. Түүний танил дотно орчлонгийн чимээ угтжээ. Тэр нүдээрээ үзэж харах гэж юу байдгийг мэдэхгүй учраас үзэхсэн, харахсан гэдэг хүсэл тийм ч ихээр төрөлгүй өдий хүрснийг хэн ч үл мэднэ. Гэрлээ салхи битгийн салхилаасай гэж бодохын зэрэгцээ амттай самар идэхийг хүсч байлаа. Хэрэв салхи салхилбал түүнийг дүү нь гэрт нь оруулах билээ. Тэр гэртээ орох ямар ч хүсэлгүй, харин нөгөө самар өгдөг хүнийг хүлээнэ. Тэр хүн нь мөдхөн ирж самар авчирч өгөхийг Гэрлээ зөнгөөрөө мэдэж байв. Түүний хувьд салхи хүртэл бусдад цас бороо шиг харагдаж байдаг. Тэр ингэж л бодно. Төдөлгүй нөгөө хүсэн хүлээсэн хүнийх нь танил дуу сонсогдов.

-Сайн уу, Гэрлээ чи хэзээ гарч ирэв гээд тэр түүний дэргэд суув.

-Саяхан

-Өнөөдөр бороо орж магадгүй байна.

-Тийм үү гээд тэр түүний гараас самар авлаа.

Тэр хүн Гэрлээд самраас өөр юм өгч үзээгүй бөгөөд яагаад ч юм түүний өгсөн самар дэндүү амттай санагдана. Тэр хоёр зэрэгцэн суугаад самар цөмнө. Самартай залуугийн нэрийг Сүхээ гэдэг бөгөөд тэр Гэрлээгийн суудаг энэ байранд жижүүр хийдэг ажилтай. Гэрлээ самар идэх зуураа:

-Сүхээ, чи ажил ихтэй байдаг уу?

-Өдрийн цагаар гайгүй байдаг юмаа.

-Чи өдөр шөнөгүй ажилладаг юмуу?

-Тийм

-Яг юу хийдэг юм бэ?

-Танайхаас эхлээд бүх айлуудыг харж хамгаалдаг байхгүй юу

-Харах ий

Гэрлээ “харах” гэж чухам юу болох тухай мөнөөх л бодолдоо дарагдав. Гэрлээ энэ орчлонгийн тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй. Харин “харах” гэдгийг л янз янзаар төсөөлж бодоод өдий хүртэл учрыг нь олоогүй билээ. Сүүлийн үед бас нэг зүйл гайхлыг нь давхар төрүүлэх болжээ. Энэ нь Сүхээгийн өгдөг самар байлаа. Түүний өгсөн самар бусдын өгдөг самраас арай л илүү амттай. Бас гадаа гарч түүний хажууд суух юмсан гэж үргэлж хүсэх болжээ. Түүний дуу хоолой бусад эрчүүдийнхээс нэг л өөр. Хамаг биеийг нь гижигдэх шиг болно. Гэрлээ ч хүмүүсийн уянгалан дуулдаг хайр дурлал надад иржээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч хааяа хааяа хардаг ч болоосой гэж боддог болов. Гэтэл нэг хүүхэд “Сохрын сууж байгаа сандал доогуур орчихлоо. Аваад шидээрэй” гэж хашгирав. Ер нь хүүхдүүд “Манайх сохрын дээд давхар”, “Манайх сохрын орц” гэхчилэн ярьцгаадаг бол хажуугаар нь өнгөрөх хүмүүс “Зайлуул сохор юм байна, ийм сайхан охин сохор байх гэж” ярихыг тэр улиг болтлоо сонсдог болохоор “сохор” гэдэг үг түүнд өөрийнх нь нэр шиг танил сонсогддог болжээ. Гэнэт хүчтэй салхи хөдөлж, чийг үнэртэж эхлэв. Амгалан тайван байсан эргэн тойрон хөдөлгөөнд орж энд тэнд цаас шаржигнан хийсч, хаалга цонх савлах сонсогдоно. Гэрлээ сандарч,

-Сүхээ, манай дүү харагдахгүй байна уу гэж асуув.

-Үгүй

-Одоо яана аа гэж тэр Сүхээд хандан аяархан хэлээд орох байх газраа олж ядна. Сүхээ босч,

-Чи манай өрөөнд ороод сууж бай гээд түүний гарыг атган авахад Гэрлээ яагаад ч юм гараа угз татан авав. Төдөлгүй хүчтэй туйлаадас орж эхлэв. Гэрлээ өөрийн эрхгүй Сүхээд жижигхэн цагаан гараа өгч тамхины нэвширмэл үнэр нэвт шингэсэн түүний умгар харанхуй өрөөнд дагаж орлоо. Тэр өрөө нэг ер бусын санагдана. Сүхээ түүнийг хатуу модон вандан дээр суулгав. Сүхээгийн юм бүхэн Гэрлээгийн мэддэггүй юмс байлаа. Түүний даашинз нэвт норжээ. Тэр өөрийн эрхгүй дагжин чичирнэ. Сүхээ түүнд цамцаа нөмрүүлэх гэж ойртоход чихийг нь түүний халуун амьсгал ирвэгнүүлнэ. Энэ л агшныг Гэрлээ их удаан хүлээсэн юм шиг санагджээ. Гэрлээ бүхнийг умартаж Сүхээгийн мэдэлд очжээ. Эмзэг турьхан бие нь Сүхээгийн бахим гарынх нь аясаар бөмбөрч түүний бүх л мэдрэхүй сохор мэлмийгээ орлоно. Түүнийг хязгааргүй их дур хүсэл тарчилган тамлаж аль нэг үл мэдэх зүг рүү авч одох мэт болжээ. Заяа тавилантайгаа эвлэрэн гангарах түүний хатаж ширгэсэн нүднийх нь аньсага хүртэл чийгтэж, бөгсөн бие нь хөндүүрлэн нойт оргино. Салхи тогтож тэнгэр цэлмэсэн хойно тэр хоёр гадаа гарч зэрэгцэн суугаад нөгөө л самраа цөмцгөөв. Сүхээгийн өгдөг самар зүгээр л самар шиг самар ажээ. Түүнд тийм гойд сайхан амт байсангүй. Сүхээ түүний хувцас хунарыг янзалж өгөөд,

-Чи ингээд сууж бай гээд аль нэг тийшээ явж одов. Ангаж цангасан их талын дээгүүр ганц нэг бороо дусаагаад өнгөрсөн хурын үүл сарнин замхрах шиг Гэрлээгийн сэтгэл дотор эзгүйрэн хоосров. “Би ингээд сууж байна аа” гэж тэрбээр өөртөө дуулдахаар аяархан шивнэлээ. Тэр хэзээ ч харахсан гэж ийм ихээр хүсч байсангүй.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top