...Эрхэм сайд минь нүгэлтэй ч юм даа...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12

Эрлийз хэлний хичээл

Гэгээрлийн яамны орлогч сайд гавьяатаар тодорхойлогдсон залуухан эмэгтэй багшийн хичээлд суужээ. Гүйлгэн харвал хүүхдүүд дунд сурагчийн өвөө бололтой нэг өвгөн сууж байна гэнэ. Сайд үүнд гайхсангүй, хичээл өрнөж эхэллээ. Тэрхүү хичээл нь эх хэлний хичээл байв гэнэ. Багш эелдэг дуугаар:

-За хүүхдүүд ээ, та нар эдэлж хэрэглэж байгаа хувцсаа нэрлэ дээ гээд самбарт үзүүлэн хадсанд, цовоо нэг охин:

-Форма, юбка, фартук, куурчик, лээнт, гялстуг гэжээ. Багш:

-Хэн нэмэх вэ гэхэд өөр нэг хөвгүүн:

-Пальто, майка, турсийк гэхэд хүүхдүүд инээлдэв гэнэ. Багш яльгүй ичингүйрхэн:

-За одоо иддэг хоолоо нэрлэцгээе гэхэд хүүхдүүд уралдан өрсөлдөн:

-Котлет, салаат, закуск, кааш гэжээ.

-Би нэмье гэж гараа гозолзуулсан охин:

-Хүүхдийн будааны кааш, шар будааны кааш, цагаан будааны кааш, шар, цагаан будааг хольж хийсэн “Найрамдал-Дружба” кааш гэжээ. Хүүхдүүд инээлдэв. Багш сэдвийг бушуухан өөрчилж:

-Одоо хичээлийн хэрэглэлээ нэрлэцгээе гэхэд нь нэг сэргэлэн хүү:

-Авторучка, пеналь, үсгийн касс гэжээ.

Энэ мэтээр өрнөсөөр шинэ хичээл өндөрлөж гэнэ. Сайд, хичээлд суусан өвгөн хоёр ангиас түрүүлэн гарлаа. Сайд сая ахин харваас өнөөх хичээлд суусан идэвхтэй өвөө нь хэл шинжлэлийн ухааны ууган доктор Б.Ринчен гуай байв гэнэ. Сайд:

-За Ринчен гуай, манай багшийн заасан монгол хэлний хичээл ямар санагдав гэсэнд:

-Эрхэм сайд минь нүгэлтэй ч юм даа энэ чинь. Эх хэлний хичээл биш, эрлийз хэлний хичээл байна гэжээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top