Олон улсын валютын сангийн компьютерын сүлжээ хакеруудын халдлагад өртсөн тухай “The New York Times” сонин өнгөрөгч бямба гарагт мэдээлжээ. Одоогоор энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй ч тус байгууллагын ажилтнууд компьютерын сүлжээ нь халдлагад өртсөн болохыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдээлсэн байна. “The New York Times” сонины мэдээлснээр ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс-Кантай холбоотой дуулиан шуугиан дэгдэхээс өмнө хакерууд сүлжээнд нэвтрэхийг хэдэн сарын турш оролдож байгаа ажээ. Тус сангийн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр халдлагыг маш сайн бэлтгэсэн байсан бөгөөд ноцтой аюул учруулж болзошгүй байна. Гэхдээ мэдээлэл хакерчдын гарт орсон эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ОУВС-гийн төв байрнаас холгүй оршдог Дэлхийн банк тус сангийн ажилтнуудад сүлжээндээ нэвтрэхийг түр хугацаагаар хоригложээ. Харин Дэлхийн банкны сүлжээнд нэвтрэх оролдлого гараагүй байна. ОУВС-гийн төлөөлөгч Дэвид Хоули болсон явдлын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж мэдэгджээ. Харин халдлагыг хаанаас зохион байгуулсан талаар тодорхой мэдээлэл алга байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )