Коронавирусийн аюул буюу Олимпын наадмыг цуцлах уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13


Өнгөрсөн оны сүүлээр гарсан шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 вирус алс хол мэт санагдаж байсан ч аль хэдийн хаяанд тулаад иржээ. Ирэх гуравдугаар сар хүртэл спортын олон уралдаан, тэмцээн цуцлагдаж, таван сарын дараа Токиод эхлэх Зуны олимпын наадам ч зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. 

Хэдийгээр олимпын наадмын зохион байгуулагчид энэ мэдээллийг эрс эсэргүүцэж байгаа ч хятадад вирус сулрахгүй хэвээр, өдөр ирэх тусам амиа алдсан, халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Халдвар Хятадын хилийг хэдийн давж, алс холын Америк, Их Британид очоод байхад хөрш зэргэлдээ Япон орон сэтгэл зовж байгаа нь ойлгомжтой. Өнгөрсөн 2019 онд Хятадаас Японд 10 сая жуулчин ирсэн дотор халдварын голомт Ухань хотын иргэд ч олон байлаа. Энэ жилийн Цагаан сараар Ухань хотоос маш олон хүн Японд ирснийг Токио хотын дарга Юрико Коикэ хүлээн зөвшөөрсөн. Юрико Коикэ “Манай хот олимпын наадмыг хүлээн авахаар бэлтгэж байгаа ч коронавирус аюул учруулж байна. Миний санаа их зовж байна. Иргэддээ би гараа сайн угааж, маск зүүн, өөрийгөө хамгаалахыг уриалж байна” гэж мэдэгдсэн билээ.

Гэхдээ одоогийн байдлаар “Токио 2020” наадмыг цуцлах тухай яриа байхгүй, хугацааг нь хойшлуулах талаар ярьж эхлээд байгаа юм. Учир нь COVID-19 вирусийн хүч хэзээ суларч, хэдийд намдах нь тодорхойгүй. Токиод коронавирусийн халдвар хэдийн бүртгэгдсэн байгаа. Хөрш Ёкохама хотын боомтод хэдэн зуун өвчтөнтэй хөлөг онгоц зогсож байна. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч улс орныхоо хилийг хаах тийм хялбар бус.

“Токио 2020” зуны олимпын наадмын Зохион байгуулах хороо, ОУОХ-ны бэлтгэл ажлыг шалгах хэсгийн хамтарсан хурал өнөөдөр /2020.02.13/ Токио хотод эхэлж байгааг дашрамд сануулъя. 

Ингэхэд олимпын наадмыг цуцалж байсан түүх байдаг юм болов уу?

Орчин үеийн олимпын түүх ийм таван тохиолдлыг мэднэ. Үүнээс гурав нь зун, хоёр нь өвлийн олимпын наадам байлаа. Гэхдээ шалтгаан нь өвчин биш улс төр, дайн байсан юм.
 

“БЕРЛИН 1916” ОЛИМП

Энэ олимпын наадам Германы Берлинд болох ёстой байлаа. Бэлтгэл ажил өрнөж, 1913 онд германчууд “DeutschesStadion” хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнг ёслол төгөлдөр нээсэн юм. Алт, мөнгө, хүрэл медалийн загвар бэлэн болж, үйлдвэрлэх л үлдээд байлаа. Гэвч 1914 оны зургаадугаар сарын 28-нд Сараево хотод Сербийн гимназийн сурагч Гаврила Принцип Австри-Унгарын эзэнт гүрний хаан ширээ залгамжлагч, герцог Франц-Фердинандыг буудан алснаар орчин үеийн олимпын зургаа дахь наадам явагдах хувьгүй болсон юм. Энэ аллага Дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлэх шалтгаан болж, хоёр жилийн хугацаанд дэлхийн 33 орон дайнд хамрагдан, спорттой манатай болсон билээ.

ОУОХ-ны удирдлагаас дайныг богино хугацаанд дуусна гэж найдаж байсан бөгөөд Америкийн Нью-Йорк хотод шилжүүлэх талаар хэлэлцэж байсан ч эцэст нь наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Гэхдээ Берлиний олимпын наадмын дугаарыг хэвээр үлдээсэн. Хэдий явагдаагүй ч түүхэнд VI Олимпын наадам гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен өөрөө энэ өдрүүдэд ОУОХ-ны ерөнхийлөгчийн албаа орхиод Францын армид сайн дураар буу барин, тулалдаж явлаа.

“ТОКИО, ХЕЛЬСИНКИ 1940” ОЛИМП

Арван хоёр дахь удаагийн наадмыг зохион байгуулах эрхийг Японы Токиод өгсөн байв. Гэвч 1937 онд Япон-Хятадын дайн эхэлсэн тул Финландын Хельсинкид эрхийг нь өгсөн байна. Бэлтгэл ажил эхэлж байтал 1939 оны есдүгээр сарын 1-нд энэ удаад Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, бас л цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Финландчууд олимпын медалийнхаа 60 хувь буюу 2000 ширхгийг хийчихсэн байлаа. Энэ медалийг дараа нь гадаадын спортын төлөөлөгчдөд бэлэг болгон дурсгасан байна. “Хельсинки 1940” олимпын наадмын албан ёсны зурагт хуудсаа финчүүд 1952 оны 15 дахь олимпыг хүлээн авахдаа дахин ашигласан. 

“САППОРО 1940” ӨВЛИЙН ОЛИМП

1940 оны өвлийн олимп Японы Саппород төлөвлөгдсөн ч дайн хийж байсан Япон орон олимптой манатай байлаа. Япон татгалзсаны дараа олимпыг Санкт-Мориц (Швейцар) хотод шилжүүлсэн ч Швейцарын ҮОХ-той санал зөрөлдөөд тохирсонгүй. Гэхдээ албан бусаар Италийн Альпийн нуруунд Герман, Итали, Норвег, Латви, Эстони, Литва болон төвийг сахисан хэд хэдэн орон оролцсон ч ОУОХ-ноос хүлээн зөвшөөрөөгүй юм.

“ЛОНДОН 1944” ОЛИМП

ОУОХ-ны 1939 оны зургаадугаар сард болсон чуулганаар XIII олимпын наадмын эрхийг Английн Лондон хотод өгсөн билээ. Гэвч хэдхэн сарын дараа дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, 1940, 1944 оны олимпын наадмуудыг цуцаллаа. Үүний хариу болгож, 1948 оны олимпын эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр Лондон хотод өгсөн юм. Гэхдээ ОУОХ-ноос үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойг цуцлаагүй, 1944 онд дайны дундуур Швейцарын Лозанн дахь төв байрандаа бүтэн хоёр өдөр тэмдэглэж байжээ.

“КОРТИНА-Д’АМПЕЦЦО 1944”

ӨВЛИЙН ОЛИМП: Тав дахь удаагийн өвлийн олимпын наадам 1944 оны хоёрдугаар сард Италийн Кортина-д’Ампеццод болох ёстой байв. Энэ хот олимпын эрхээ 1939 оны зургаадугаар сард авсан ч Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний улмаас 1941 онд цуцлагджээ. Гэхдээ Кортина-д’Ампеццо 1956 онд олимпын наадмыг хүлээн авсан.

Харин халдварт өвчний улмаас олимпын наадмыг цуцлах санал ганц удаа гарч байсан нь ердөө дөрөвхөн жилийн өмнөх “Рио-де-Жанейро 2016” олимп. Шалтгаан нь Зика вирус байлаа. Ихэвчлэн Африк, Өмнөд Ази, Номхон далайн арлуудад гарч байсан энэ өвчин олимпоос ганц жилийн өмнө Бразилд илэрсэн. 2016 оны хоёрдугаар сар гэхэд энэ вирус дэлхийн 33 оронд тарж, ДЭМБ-иас оны сүүл гэхэд Зика вирусээр  3-4 сая хүн халдварлана гэсэн таамаглал гарган, онц байдал зарласан билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс эмч нар Риогийн олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах шаардлага тавьж байв. Гэвч ДЭМБ-иас тус вирусийг олимпын наадмыг цуцлах хүртэл тийм аюултай өвчин гэж тооцоогүй юм. Мөн олимпын наадмыг цуцаллаа гээд вирусийн аюулаас хамгаалах арга хэмжээ болж чадахгүй гэснээр “Риогийн олимпын наадам явагдсан, олимпын үеэр нэг ч халдварын тохиолдол гараагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top