АНУ-ын боловсролын яам Харвард, Йелийн их сургуулийг гаднын улс орноос олон зуун сая ам.долларын бэлэг авч, гэрээ байгуулсан тухай мэдээллийг нуун дарагдуулсан эсэхийг шалгахаар болжээ.
2019 оны арваннэгдүгээр сард АНУ-ын боловсролын яам Массачусетсийн технологийн дээд сургууль болон Мэрилендийн их сургуулиас ОХУ, Хятад улстай байгуулсан гэрээний талаарх мэдээлэл ирүүлэхийг шаардаж байжээ.
Тус яамнаас гаргасан мэдэгдэлд, Йелийн их сургууль дор хаяж 375 сая ам.долларын бэлэг, гэрээний талаар мэдээлээгүй байна. АНУ-ын хуулийн дагуу, их сургуулиуд 250 сая ам.доллароос дээш үнийн дүн бүхий бэлэг авсан эсвэл гэрээ байгуулсан тохиолдолд тайлагнах ёстой аж. Тус яамны мэдээлснээр, БНХАУ, Катар, ОХУ, Саудын Араб, Иран зэрэг улсаас нийт 6.6 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бэлэг авсан болон гэрээ байгуулсан талаарх мэдээллийг нуун дарагдуулсныг илрүүлсэн гэж мэдэгджээ. Коллеж болон их сургуулиуд гаднын мөнгө болон бэлэг авч байгаа бол оюутан, донор, татвар төлөгчид хэнээс, хэдий хэмжээний санхүүжилт, бэлэг авч буйг мэдэх ёстой гэж АНУ-ын боловсролын сайд Бетси ДеВос онцолжээ.
Түүнчлэн, Их сургуулиудын “Ivy League” холбооноос 2013 оны наймдугаар сараас хойших хугацаанд гаднын санхүүжилт авсан арга хэмжээ болон бэлэг, гэрээнд оролцсон гаднын эх сурвалжуудын нэр, хаягийг мэдээлэхийг уриалсан байна. Харвардын их сургуулиас БНХАУ, Катар, ОХУ, Саудын Араб, Ираны засгийн газар болон Хятадын “Huawei” компанийн оролцсон аливаа мэдээллийг ил болгохыг шаарджээ.
Тус хоёр сургууль яамны шаардлагын хариуг өгөхөөр бэлтгэж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )