Монгол залууг хөнөөсөн алуурчин 12 жилийн дараа баригдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

ОХУ-ын Самара хотын Камышлинск дүүрэгт Монгол Улсын иргэнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн этгээд 12 жилийн дараа баривчлагджээ. Тодруулбал, 1999 оны гуравдугаар сарын зургаанд Самара-Уфа чиглэлийн 1193 километрийн урттай авто зам бүхий Камышлинск дүүрэгт, Ново-Усманово тосгоноос 500 метрийн зайд УАЗ-2206 маркийн автомашин онхолдож шатсан байжээ. Осолдсон машинаас шатаж, зэрэмдэглэгдсэн хүний цогцос олдсон байна. Хэргийг шалгах явцад гэмт этгээд талийгаачийн гар хөлийг хүлж амь насанд нь хүрсэн болох нь тогтоогджээ. Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор хохирогч нь 1963 онд төрсөн Монгол Улсын иргэн байсан гэнэ. Иймээс Самарагийн тойргийн прокурорын газраас энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Гэсэн ч Монгол Улсын иргэнийг онц харгис аргаар хөнөөсөн этгээд баригдалгүй 12 жил болсон байна.Тус улсын цагдаагийн ажилтнууд 12 жилийн турш шалгасны эцэст манай улсын иргэнийг зэрлэгээр хөнөөсөн алуурчин этгээд Ульяновын тойргийн оршин суугч болохыг илрүүлэв. Хэрэгтэн өдгөө Кемеровын тойргийн засан хүмүүжүүлэх газарт ял эдэлж байгаа юм байна. Одоогийн байдлаар сэжигтэн этгээдээс зарим нэгэн тодруулга аваад байгаа ажээ.

Самара хотын мөрдөн байцаагч нарын үзэж буйгаар алуурчин этгээд гэнэт дэгдсэн маргааны үеэр хохирогчийн аминд хүрсэн бололтой. Хэрэгтэн хохирогчийг хийн гар буугаар буудаж ухаан алдуулаад, гар, хөлийг нь хүлж машинд нь хийн шатаасан гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улсын иргэн нь ОХУ-д наймаа хийдэг, нэлээд бийлэгжүү нэгэн байсан. Харин алуурчин этгээд замд нь таарсан уу, аль эсвэл таньдаг нэгэн нь байсан уу гэдгийг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu